Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/855

 

 

 

 

 

 

  2019          8           22                                        2019/ДШМ/855

                                                       

Х.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906018991038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Хийн Д, 1968 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Бүргэдэй булаг, 2 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 16 хоногийн хугацаагаар хорих ялаар,

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 cap 15 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

            Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Цогтбаярын нүүрэн тус газар цохиж, хохирогч хойшоо савж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Дг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дгийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Дгээс 1.415.846 төгрөг гаргуулж, хохирогч Ахайашбегад овогт Баламын Цогтбаярт олгож, хохирогч Х.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн боловч эрүүл мэндийн тал дээр сэтгэцийн байдлыг буруугаар ашиглан ганц хоёр зүйл дээр эргэлзээтэй зүйл тулган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Амьдралын түвшин доогуур, эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өвчтэй, ухаан санаа орж гардаг. Биеийн болон хэргийн байдал нь миний хувьд эргэлзээтэй байгаа болохоор 11.9 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргаж байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж, хийсэн хэргийн ялаас хасч, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээс харахад сэтгэцийн өвчтэй нь нотлогдон тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад энэ тухайгаа мэдүүлээгүй. Шүүгдэгч нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Шүүгдэгчийн амьдралын түвшин доогуур, сэтгэцийн өвчтэй нь тогтоогдоогүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Цогтбаярын нүүрэн тус газар цохиж, хохирогч хойшоо савж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цогтбаярын “...2019 оны 3 дугаар 12-ны өдөр ... 82 байрнаас дуудлага ирсэн учир 2 залуу слесарын хамт зааварчлахаар очсон. Очиход тухайн айл эзгүй байсан ба гэрээс нь гарч байснаа санаж байгаа. Түүнээс өөр зүйл санахгүй байгаа. Нэг ухаан ороход эмнэлэгт байсан. 2019 оны 3 дугаар сарын 13-наас 23-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Түүнээс хойш 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл "Манал Оточ" гэх хувийн эмнэлэгт хэвтээд ... гэрээр эмчилгээ хийлгэж, дүүргийн мэдрэлийн эмчийн хяналтанд байна. ...Тархи, толгой маш их өвддөг. Хагалгаанд ороогүй, цус шимэгдүүлэх эмчилгээ ... хийлгэж байгаа. ...” /хх 14-16/,

шүүгдэгч Х.Дгийн “...Тухайн өдөр ... архи уугаад явж байсан. Тэгээд хорооны орчим очтол захаар архи ууж явдаг нэг хүн нэг танихгүй настай ахтай зууралдаж байхаар нь би хамт явж байсан хүнтэйгээ салгасан. ...Тэр ах "муу явахаар сайн үхээч чи" гээд байхаар би түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохитол машины зам дээр уначихсан. Тэгэхээр нь цаашаа явчихсан. ...Өөрөө хүн өдөөд байсан. Тухайн үед ... согтолт гайгүй байсан. Тэр хүн нилээн согтуу, хөл дээрээ гуйваад байсан. ...Бичлэг дээр би нэг цохиод унагааж байгаа нь бичигдсэн байна. ..." /хх 60-61/,

гэрч Ө.Жүрерийн: “...Тухайн өдөр хороон дээрээ ажлаа хийгээд байж байхад 16 цагийн орчим байх нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд "зам дээр нэг хүнийг, нэг хүн цохиж унагаачихаад цаашаа гүйчихпээ. Нөгөө хүнийг хоёр хэлгүй хүн өргөөд суулгачихлаа" гэхээр нь гартал хорооны ард байрлах караокены гадаа хана налаад нэг хүн сууж байсан. Тэгэхээр захын арын хаалга руу гүйтэл ямар нэг сэжигтэй хүн харагдаагүй учир нөгөө хүний дэргэд ирэхэд хамар амнаас нь цус гарсан байсан. ...Гадаа байгаа хүнийг цохисон хүн “ХААН” банкны хажууд байна гэхээр нь гараад ... араас нь гүйгээд барьж авахад Хандсүрэнгийн Д буюу ДОК гэх хүн байсан. ...Би караокений хяналтын камерийн бичлэг шүүхэд Д тухайн хүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж унагаад, тухайн хүн тэр газраасаа босохгүй 2 хүн өргөөд замаас холдуулж байгаа бичлэг байсан. ..." /хх 21-22/,

гэрч В.Чойжамцын: “...Тухайн өдөр 11 давхрын 40 тоотоос ус алдаад ... өгсөн дуудлагын дагуу Цогтбаяр 2 залуутай 12 цагийн орчим ирсэн. ... СӨХ-ийн байранд СӨХ-ийн дарга Цогтбаяр хоёр архи уугаад, ...цэвэрлэгээ хийгээд байж байтал дээрээс СӨХ-ийн дарга, Цогтбаяр хоёр буугаад ирсэн. ...Цогтбаяр манайхаас гарахад 14-өөс 15 цаг болж байсан байх. ..." /хх 23-24/,

гэрч О.Оюунбатын: “...хүү Буяндэлгэр, Буяндэлгэрийн эхнэр Түвшээ, бага хүү Буянхүү нарын хамтаар 20 цагийн орчимд нөхрийнхөө ажлаас гарсан. ...Тухайн үед эмнэлгийн гадаа ирээд бууя гэж хэлэхэд үгүй миний толгой өвдөөд байна, буухгүй гэж хэлсэн. Тэгээд орой 22.30 цагийн орчимд гэрийнхээ гадна очоод хүү бид хоёр нөхрийгөө сэрээх гэхэд сэрэхгүй байсан. ...Гэрт оруулаад нөхрийгөө орон дээр хэвтүүлэхэд ... шөнөжингөө бөөлжсөн бөгөөд хий огиод байсан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өглөө .... ажилруугаа явсан бөгөөд ... намайг ярихад манай хүү хэлэхдээ аав бөөлжөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 14 цагийн орчимд ... гэртээ очиход манай нөхөр ухаангүй, юм ярихгүй байхаар нь 103 дуудсан. 103-н эмч ирж үзээд ГССҮТ-д авчирсан. ..." /хх 19-20/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3569 дугаартай “...Б.Цогтбаярын биед дагз ясны " хугарал, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дагз ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, баруун дух, хоёр чамархайн дэлбэнгийн тархины эд дахь цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагзны хуйханд зулгаралт, хоёр тохойн цус хуралт нь 2.6-д гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 34/ гэх дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх 36-47/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Х.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгчийн Х.Дгийн “...Амьдралын түвшин доогуур, эрүүл мэндийн хувьд сэтгэцийн өвчтэй, ухаан санаа орж гардаг. ...Эдгээр байдлыг харгалзан үзэж, хийсэн хэргийн ялаас хасч, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт Х.Д нь сэтгэцийн өвчтэй, ухаан, санаа орж гардаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг хариуцах чадваргүй талаар баримт хэрэгт авагдаагүй байхад ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Х.Дгийн “...Миний даралт ихсэж, зүрх өвддөг. ...” /хх 103/ гэж эрүүл мэндийн байдлыг мэдүүлсэн байх бөгөөд ямар нэгэн сэтгэцийн өвчтэй тухайгаа дурдаагүй. Мөн шүүгдэгч урьд шүүхээс 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд түүнийг сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүйд тооцож байгаагүй тухай бүрт хорих ялыг биечлэн эдэлсэн байна. Тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Х.Дгийн хувийн байдал /хх 68-80/, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм хорийн шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3569 дугаартай дүгнэлт /хх 34/-ээр тогтоосон хохирогч Б.Цогтбаярт учирсан “хүнд” гэмтлийн хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1062 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ