Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 112/2024/0015/З |
Дугаар | 221/МА2024/0517 |
Огноо | 0000-00-00 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0517
“ЖГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЖГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О
Нэхэмжлэгч: “ЖГ” ХХК
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х
Хариуцагчийн төлөөлөгч Ш.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн
Хэргийн индекс: 112/2024/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЖГ” ХХК-иас хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “ЖГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ЖГ” ХХК нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Манай компани нь нэгдсэн эмнэлгээс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” Тендер шалгаруулалтын “ГААНЭ/20240101001” дугаартай, 1.400.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерт оролцсон. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүлээн авсан. Энэ мэдэгдэлд манай компанийн тусгай зөвшөөрлийн заалт шаардлага хангаагүй гэж захиалагч тал үзсэн. Захиалагч талын буюу Нэгдсэн эмнэлгийн даргын шийдвэрээр үнэлгээний хороо байгуулж, тус хороо нь хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж манай компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг 2 удаа захиалагчид хүргүүлсэн боловч захиалагч Нэгдсэн эмнэлгийн дарга өөрийн үзэмжээр буюу хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн тендерээс татгалзсан тухай шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрхтэй байхаар хуульчилсан боловч захиалагч нь хууль болон зөвлөмжид заасныг өөрчилж шийдвэр гаргах эрхгүй байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед тодорхой ярьсан, нотлох баримтуудыг цуглуулж шүүхэд гаргаж өгсөн байгаа.
3.2. Манай компанид Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрээр Барилга угсралтын БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 заалт бүхий барилгын угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл 5 жилийн хугацаагаар олгогдсон. Гэтэл нэгдсэн эмнэлгээс тухайн тендерийг зарлахдаа 2021 оноос олгохыг зогсоосон Барилга угсралтын БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4, БА-7.5 гэсэн Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрт заасан заалтуудыг тусгаж шалгуур болгон зарласан. Энэ нь 2021 оноос хойш тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдүүдэд олгогдоогүй заалт юм. Үүнийг манай компани хангаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тусгай зөвшөөрлийг олгох тухай Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалд заагдсан заалтуудыг үндэслэн тендерийг зарласан, манай компани энэ шалгуурыг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 147 тоот Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан журмын дагуу тусгай зөвшөөрлүүдийг авсан байдаг. Энэ 2 журмын хувьд дугаарлалт нь өөрчлөгдсөн буюу 2018 оны журамд БА-7.1 гэж заасан заалт нь 2021 оны журамд БА-6.1 болж дугаарлалт өөрчлөгдсөн бөгөөд дээрх заалтын дагуу хийгдэх ажил огт өөрчлөгдөөгүй. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх нөхцөлийг харгалзан үзээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүхийн зүгээс Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж тусгай зөвшөөрөл олгох журамд заасан батлах, олгох эрх бүхий этгээд болох Барилга хот байгуулалтын яамнаас дүгнэлт гаргуулж шийдвэрлээгүй нь шүүх нотлох зарчмыг зөрчиж манай компанийн хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна.
3.3. Мөн Манай компанийн зүгээс нэхэмжлэл гаргаж Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж байх хугацаа, болон шүүгчийн захирамжаар тендер зарлах захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн үед буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Мэс заслын вакум өрөөний засвар, тоног төхөөрөмж” нэртэй, ГААНЭ/20240101001 тендер шалгаруулалтын дугаартай тендерийг дахин зарласан, дахин зарлахдаа ТШЗ-1Э.З-Д БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1 заалтуудыг шалгуур болгон зааж зарласан байгаа нь манай компанид олгогдсон тусгай зөвшөөрлийн заалтууд шаардлага хангаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн болохыг нотолж байна гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 112/ШШ2024/0026 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “ЖГ” ХХК-иас хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 178 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 дугаар тушаалаар Мэс заслын вакум засвар, тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаж, тус үнэлгээний хорооноос 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “ЖГ” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хариуцагч байгууллагад хүргүүлсний дагуу хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид тендерийг хүлээн зөвшөөрсөн учир ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн, харин тус тендерийг эс зөвшөөрч “Зорь бүтээ” ХХК-иас гомдол гаргасныг Сангийн яамнаас хянаад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 дугаартай албан бичгээр “ЖГ” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.3-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзээд захиалагчийн уг 96 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон, улмаар үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 03 дугаартай хурлын тэмдэглэл буюу зөвлөмжийг хариуцагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
2.3. Хариуцагч захиргааны байгууллагаас зарласан тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ-н 19.3-д тусгай зөвшөөрөл “шаардана” гээд Барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь
“- БА-3.1 буюу Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил,
- БА-7.1 буюу Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-7.2 буюу Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-7.3 буюу Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-7.4 буюу Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- БА-7.5 буюу Хөргөх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт,
- БА-8.1 буюу Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэж заасан байна.
2.4. Барилга хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгч “ЖГ” ХХК-д
- БА-2.1 буюу Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,
- БА-6.1 буюу Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-6.2 буюу Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-6.3 буюу Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-6.4 буюу Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,
- БА-8.1 буюу Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил гэсэн заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх БУ11-47/21 дугаартай тусгай зөвшөөрлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон нь хүчин төгөлдөр бөгөөд дээрх тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасантай агуулгын хувьд тохирч байна.
2.4. Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/2177 дугаартай албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 03 дугаартай хурлын тэмдэглэлээр “... “ЖГ” ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлагад нийцэж, бага үнийн саналаар шалгарсан тул ... гэрээ байгуулах зөвлөмж”-ийг хариуцагчид хүргүүлсэн байна.
2.5. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 50 дугаар зүйлийн 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд хариуцагчийн “Үнэлгээний хороо Сангийн яамны албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийгээгүй учир уг албан бичгийн дагуу тендерийг хүчингүй болгосон” гэх тайлбар үндэслэлгүй.
2.6. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Тендерийн үнэлгээний хороог байгуулснаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэх эрхийг олгосон байна.
2.7. Иймд Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд харин хуульд заасны дагуу гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзах, тендерийг хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй байх тул хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай албан бичгээр “...тендерийн баримт бичгийн 19.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу “ЖГ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага нийцээгүй гэж үзэн татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
2.8. Улмаар нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх “...Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т тавигдсан шаардлагыг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан Аргачлал батлах тухай журмын дагуу БА-7.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 гэсэн тусгай зөвшөөрөл нь БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 гэсэн тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэх байдлаар үнэлсэн байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.9. Учир нь Барилга хот байгуулалтын яамнаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилга байгууламжийн ажил үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрлийг тус яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалд зааснаар олгосон, харин маргаан бүхий тендерийн өгөгдлийн хүснэгтэд мөн сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасан дугаарлалтаар буюу “шаардлага”-ыг зааж, улмаар энэхүү 2013 оны аргачлалыг үндэслэн нэхэмжлэгчийг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.
2.10. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЖГ” ХХК-ийг тусгай зөвшөөрөл авах үед ямар журам, аргачлал үйлчилж байсан болох, хариуцагчаас хүчин төгөлдөр үйлчилж буй журам, аргачлалын дагуу тендерийн бичиг баримтын шаардлагаа тодорхойлсон эсэх зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий албан бичгээр нэхэмжлэгч “ЖГ” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТШЗ 19.3 дахь заалтад заасан барилга угсралтын тусгай зөвшөөрөл БА-3.1, БА-7.1, БА-7.2, БА-7.3, БА-7.4 БА-7.5, БА-8.1 гэж заасан шаардлагыг хангаагүй /дугаарлалт зөрүүтэй/ гэж үзэж татгалзсан нь үндэслэлтэй гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
2.11. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанийг ГААНЭ/20240101001 дугаар бүхий Мэс заслын вакум засвар, тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах ажилд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах зөвлөмжийг Үнэлгээний хорооноос хүргүүлсэн байхад тендерийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулах ажиллагаа явуулаагүй нь буруу болно.
2.12. Түүнчлэн хариуцагчаас тухайн тендерээс татгалзсаны дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин тендер зарлаж, тендерийн бичиг баримтыг боловсруулахдаа тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ-н 19.3 дахь хэсэгт нэхэмжлэгч “ЖГ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд олгогдсон шаардлагуудыг тусгасан байгаа нь нэхэмжлэгч компанийг тендерийн баримт бичигт заасан барилгын тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
2.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Захиалагч доор дурдсанаас бусад тохиолдолд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулна” гээд 30.3.1-д “энэ хуулийн 14.6.2-т заасан нөхцөл үүссэн”; 30.3.2-т “энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон” гэж заасан бөгөөд эдгээр үндэслэлээс бусад тохиолдолд захиалагч нь үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тухайн тендерт шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахаар хуульчилсан байхад хариуцагч нь үүнийг зөрчиж “ЖГ” ХХК-тай гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, тендерийн үйл ажиллагааг зогсоосон нь буруу.
2.14. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д зааснаар тендер шалгаруулалт, ...хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрхийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам хэрэгжүүлэхээр байхад хариуцагч байгууллагаас ийнхүү тендерээс татгалзсан нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖГ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаартай актыг хүчингүй болгож, захиалагчид тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн дагуу шийдвэр гаргахыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА