Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 109

 

Дугаар 109, 2016.10.21

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2016/0119/Э
        Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов
Нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн
        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг
        Шүүгдэгч: Ж.Даваахүү нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Даваахүүд холбогдох  201623000266 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Өвөрхангай  аймгийн Төгрөг сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар  тус тус шийтгэгдэж ялаа эдэлж байсан Баянцагаан овогт Жамбалнямбуугийн Даваахүү / РД: ЙН86091514/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж.Даваахүү нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 0419 дүгээр ангид ял эдэлж байхдаа тус хорих ангийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг “Ар хөв” гэх газарт байх хадлангийн хэсгээс оргосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Даваахүү нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 0419 дүгээр хорих ангиас оргосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч Г.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 419 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан Жамбалнямбуугийн Даваахүү нь 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус хорих ангийн хадлангийн хэсэгт ажиллаж байгаад оргосон. Ялтан Ж.Даваахүүгийн оргосон өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажлыг 10 хоног буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх зохион байгуулж Баянхонгор аймгийн төв Арвайхээр хотоос олж тогтоон баривчилсан. Ялтан Ж.Даваахүүг эрэн сурвалжилж ажиллагаанд манай байгууллагын зүгээс 3.353.465 төгрөгийн шатахууны зардал гарсан тул Даваахүүгийн зүгээс нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17хуу/
Гэрч П.Идэрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг Ар хөв гэх газар байрлаж байсан манай хорих ангийн хадлангийн хэсгээс тус хорих ангид ял эдэлж байсан ялтан Жамбалнямбуугийн Даваахүү нь оргон зугтаасан талаар албан хаагчдад мэдэгдэж алба түгшүүр дохиогоор түргэн цугларалт зарласан. ... Алба хаагчдийн хамт хадлангийн хэсгийн ойр орчмоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан боловч ямар нэгэн сураг гараагүй. Оргосон өдрөөс хойш ялтан Ж.Даваахүүг эрэн сурвалжлах ажилллагааг улсын хэмжээнд тасралтгүй 10 хоног явагдаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод байх Ж.Даваахүүгийн төрсөн эгч болох Ж.Тогтохбаярынхаас баригдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12хуу/
Гэрч Д.Цогт-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бороотой хадлан хадах боломжгүй байсан болохоор хадлангийн хэсэгт ажиллаж байсан ялтнуудыг амраасан. Өдрийн харуулаар ахлагч Эрдэнэбулган ажиллаж ялтнуудыг хариуцаж байсан юм. Манай хадлангийн техникийн хэсэг хадлан хадаж байсан газраас зүүн урагшаа 5 км зайтай байрлаж байсан юм. Би техникийн хэсэг дээр 6 ялтан хариуцаж засвар хийлгэж байгаад орой 21 цагийн үед ажлыг дуусгаад хадлангийн хэсэг рүү очиход ахлагч Эрдэнэбулган “оройн тоо авахад 1 ялтан байхгүй байна” гэж хэлсэн. Би өөрийн биеэр мөн дахиж тоо авахад тус хадлангийн хэсэгт ажиллаж байсан ялтан Ж.Даваахүү оргосон байсан. Тэгээд төв рүү мэдэгдэж алба түргэн цугларалт зарласан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16хуу/
Гэрч Ж.Тогтохбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө гэрээсээ гартал манай талийгаач аавын хураалттай гэрийн эсгий туурга нь хөдөлсөн юм шиг байхаар нь очоод хартал манай дүү Ж.Даваахүү нь завсраар нь орчихсон унтаж байсан. Царай зүс нь их ядарсан харагдаж байсан. Би Даваахүүг оргож явааг мэдэж байсан учир гэр лүүгээ оруулж цай уулгаж хоол унд идүүлсэн. Тэгээд байж байтал удалгүй гаднаас хорихын ажилчиж орж ирээд манай дүү Даваахүүг бариад явсан. Даваахүүг оргосон гээд 7-8 хоногийн өмнөөс манайхаар хорихын ажилчид ирж байх болсон юм. Тийм болохоор тэд нарыг ирнэ гэдгийг би мэдэж байсан. Оргож зугтаж яваад дахиад гэмт хэрэг үйлдчихвэл ял нь хүндрэх байх гэж бодоод гэртээ хорихын ажилчдыг ирэхийг хүлээгээд сууж байсан. ... надаас мөнгө асуухаар нь би өөртөө байсан 2000 төгрөгөө өгсөн юм. Энэ цагаан утас манайд байсан эвдэрхий гар утас байгаа юм. Хэрэг болно гээд л авсан. ..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18хуу/
Гэрч Д.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бороотой байсан болохоор хадланд гаралтгүй ялтнууд амарч байсан. Өдрийн цагаар би мөн амарч байсан. Намайг өдөр тэр хавиар явж байхад ялтан Ж.Даваахүү нь юм угаагаад мөн тэр хавиар байж байсан юм. Орой 20 цаг өнгөрөөд 21 цаг болж байх үеэр Эрдэнэбулган ялтан Даваахүү байхгүй байгааг надад хэлсэн. Тэгээд ялтнуудыг тоонд суулгаж бүртгэхэд Даваахүү нь байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20хуу/
Гэрч Ө.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: “... орой 18 цаг хяналтын тоо авахад ялтан Ж.Даваахүү нь байсан, оройн хоол 21 цагийн үед оройтож болсон юм. Тэгсэн оройн хоолон дээр Ж.Даваахүү байхгүй байгааг мэдэж хадлангийн хэсгийн эргэн тойронд хайгаад олоогүй. Тэгээд хариуцаж байсан дэслэгч Цогт-Эрдэнэ техникийн хэсэгт ажиллаж байсан ялтнуудыг аваад удалгүй ирсэн. Ирэхэд болсон асуудлын талаар мэдэгдсэн. Ялтан Ж.Даваахүү нь оргосон өдрөөсөө хойш 10 хоногийн дараа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос төрсөн эгчийнхээсээ баригдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22хуу/
Ж.Даваахүүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Шүүхээс ял шийтгүүлснээс хойш аавыгаа байнга зүүдлэх болсон. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 03-ны орой 19 цаг өнгөрч байхад ерөөсөө оргоод аавынхаа газар дээр очиж ирье гэж шийдээд хянагч нарыг харж байгаад бие засахаар явж байгаа дүр үзүүлээд тэр чигтээ хадлангийн хэсгээс зугтаасан. ... 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай хангай аймгийн Арвайхээр хотод төрсөн эгч Тогтохбаярынхаас Шүүхийн шийдвэрийн ажилчдад баригдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-42хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Даваахүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0419 дүгээр хорих ангиас оргосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус зардал 3.353.465 төгрөгийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 419 дүгээр анги нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан тухайн зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу байх тул иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                              
ТОГТООХ нь:
         1. Баянцагаан овогт Жамбалнямбуугийн Даваахүүг ял эдэлж байхдаа хорих ангиас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваахүүг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Даваахүүд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сар хорих ял дээр 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08  сар 23 хоногийн хорих ялын зарим болох 01 жил 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 08 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Даваахүүгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Ж.Даваахүүгийн цагдан хоригдсон 36 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг 1000 төгрөг, гар утас, гар чийдэн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хөзөр, гутлын үдээс, уруул өнгөлөгч зэргийг устгасугай.
7.Иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаа бүрэн бүрдүүлж зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Даваахүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ