Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 150

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГГхолбогдох  

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Өлзийсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Солонго, Р.Энхтайван

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаар шийдвэрээр Иргэн В.Ганзоригоос 271 518 000 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан дараах эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч В.Ганзоригийн эхнэр болох Б.Б миний бие болон, бидний хүүхдүүд болох Г.Намуун, Г.Ганбаяр, Г.Ган-Очир нарын хамтран өмчлөх хөрөнгө болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1155 дугаартай шийдвэр,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдсон.

Шүүхийн шийдвэрт дурьдсан эд хөрөнгө нь миний нөхөр болох В.Ганзоригийн өмчлөлд бүртгэлтэй боловч дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр би болон миний хүүхдүүд хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгасан. Гэтэл Монгол улсын шүүхээр хянан шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад В.Ганзориг болон түүний гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг В.Ганзоригийн бусад этгээдэд төлөх төлбөрийн шаардлагын дагуу төлбөр авагчид “Санал болгох хурал”-ыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж нийт хөрөнгийн хэмжээний 50 хувьтай тэнцэх 221 011 550 төгрөгөөр төлбөр авагч нарт санал болгон төлбөр авагч нь н.Отгонням нь хөрөнгийг авах хүсэлтээ 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах данснаас...” мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т “Төлбөр төлөгч иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөр гаргуулна” гэсний дагуу төлбөр төлөгчөөс гаргуулах төлбөрийг нэн тэргүүнд өөрийнх нь хуваарьт эд хөрөнгө, орлогоос гаргуулах ёстой байтал В.Ганзоригийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн нийт дүнгээр тооцож төлбөр авагчид санал болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухай хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244, Ү-2204050803, Ү-2204050803, Ү-2204026206, Г-2204007236 дугаартай хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж, В.Ганзоригоос төлбөр авагчийн шаардлагыг гаргуулах эд хөрөнгийн жагсаалтад орсон болно. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244, Ү-2204050803, Ү-2204050803, Ү-2204026206, Г-2204007236 дугаартай хууль ёсны хамтран өмчлөгч болох Б.Б, хүүхдүүд болох Г.Намуун, Г.Ганбаяр, Г.Ган-Очир нарт ногдох хэмжээгээр төлбөр төлөгч В.Ганзоригийн битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073Б дугаар шийдвэрээр В.Ганзоригоос 271 518 000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу В.Ганзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 байр 49 тоот 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170 байрны 120 тоот 54.63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70а тоот 384 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын хамт анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар төлбөр авагч С.Отгоннямын нэр дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073Б дугаар шийдвэрээр төлөгдөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эд хөрөнгүүд нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болон 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрүүдээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцогдсон учир нэхэмжлэгчид оногдох хэсэг чөлөөлөгдөх ёстой мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ.

Төлбөр төлөгч В.Ганзоригийн эд хөрөнгүүдэд хэдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 2 жил 8 сар, 3 жил 2 сарын дараа гэнэт хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангуулахаас санаатай зайлсхийсэн үйлдэл болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргаж байсан үйлдлүүд болон одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлаас ойлгомжтой байна. В.Ганзориг гэр бүл болсноос хойш зээл авч зээлийг өөрийн ахуй амьдралд зарцуулсан, төлөх ёстой болох нь тодорхой байх ба эхлээд С.Отгоннямын зээлийг барагдуулж, дууссаны дараа гэр бүлийн бусад гишүүдэд маргаантай асуудал байдаг бол түүнийг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн /2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчингүй болсон/ 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаартай, 384 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай гарааж, мөн тоотод орших Г-2204007236 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон 700 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжүгийн гудамжны 170 дугаар байрны 120 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаартай, 54.63 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66–49 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарттай, 66 м.кв талбайтай орон сууц, LEXUS-570 маркийн, арлын JTJHY7AX9D4089790 дугаартай, 15-44 УНЧ улсын дугаартай суудлын автомашиныг тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсхэгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай гэр бүлийн дундын хөрөнгө болох УНЧ 15-44 улсын дугааргай Лексус 570 маркийн автомапшныг албадан борлуулах 2 дахь дуудлага худаддааг зарлаж, ажиллагааг үргэлжлүүлсээр байсан тул тус ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг 2017 оны 11 сарын 13-ны өдөр биечлэн хүргэхдээ шүүх хуралдааны товыг дахин тодруулахад шүүгчийн туслах н.Мөнхзул "танай хурал 16-ндаа хийгдэхгүй хойшлох байх шүү, шүүгч ажил явдалтай байгаа. Хурлын товыг жич зарлаж мэдэгдье" гэсэн. Хариуцагч талд ч энэ тухай мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаан болохгүй, хойшилж байгаа талаар ижил ойлголттой байсан тул хэн аль нь 16-ны өдөр шүүх хуралдаанд ирээгүй байдаг.

Гэтэл 2017 оны 11 сарын 16-ны өдөр шүүх хурал явагдаж, зохигчдын хэн алиний эзгүйд, гуравдагч этгээдийн төлөөлөгчийг байлцуулан хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаах эсэхийг зөвхөн хариуцагчийн хүсэлтээр шийдвэрлэхээр, 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэх байдлаар хэрхэн шийдвэрлэхийг шүүхийн эрх хэмжээнд үлдээсэн боловч манай тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэхэд тохиромжгүй, өөрөөр хэлбэл хангалттай нотлох баримт цугларч чадаагүй байсан ба бидэнд нотлох баримттай холбоотой шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай хүсэлтүүд, шинээр гаргаж өгөх нотлох баримтууд байсан ч анхан шатны шүүх зохигчдыг байлцуулалгүйгээр, талуудын эрх тэгш оролцоо, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тэдгээр хэлэлцэгдээгүй маргаантай асуудлуудыг дараа дараачийн шатны шүүх хуралдаанд дүгнэгдэх боломжгүй болж, зөрчигдсөн эрх ашиг маань дахин зөрчиж, хохироож байгаад туйлын гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэрээр хариуцагч В.Ганзоригоос 270 010 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8837/ч дугаартай захирамж, мөн өдрийн 2123 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 188/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор төлбөр төлөгч В.Ганзоригийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаартай, 384 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай гараашийг, мөн тоотод орших Г-2204007236 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон 700 м.кв талбай бүхий газрын хамт, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 188/02 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжүгийн гудамжны 170 дугаар байрны 120 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаартай, 54.63 м.кв талбайтай орон сууц, 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 188/02 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66–49 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарттай, 66 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилсэн ажиллагаа явуулжээ.

 

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаартай шийдвэрээр хариуцагч В.Ганзоригоос 140 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Пүрэвдаваад олгохоор шийдвэрлэжээ. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20893 дугаартай захирамж, мөн өдрийн 2310 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 188/04 тоот “Эд хөрөнгө хураасан тогтоол”-оор төлбөр төлөгч В.Ганзоригийн өмчлөлийн эд хөрөнгө болох LEXUS-570 маркийн, арлын JTJHY7AX9D4089790 дугаартай, 15-44 УНЧ улсын дугаартай суудлын автомашиныг хураасан ажиллагаа явуулжээ.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байх цаг, хугацаанд дурдсан эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч В.Ганзоригийн өмчлөлд бүртгэлтэй, өөр этгээд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан болох нь тухайн эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчингүй болсон/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б, төлбөр төлөгч В.Ганзориг нар 2014, 2015 онуудад төлбөрт хураагдаж битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болгон 2016, 2017 онуудад тогтоолгосон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.8 дахь хэсэгт заасан агуулгаар төлбөр гаргуулах ажиллагааг тухайн эд хөрөнгөөс гаргуулахад нөлөөлөхгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайханд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шуудангаар хүргэснийг хариуцагч тал 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан байх тул шүүх зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайханы давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН