Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0698/З |
Дугаар | 170 |
Огноо | 2017-05-14 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 170
“НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0215 дугаар магадлалтай, “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Интерном” ХХК болон “НИК” ХХК-иудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компаниуд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дөрвөн сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, “Интерном” ХХК болон “НИК” ХХК-иудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компанид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны акт гаргасны дараа “Интерном” ХХК-д газар нэмж эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас “Интерном” ХХК болон “НИК” ХХК-иудын хэн аль нь эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхийг хангасан буюу уг компанид газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ харилцан бие биедээ саад болохгүй байх нөхцлийг хангасан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газрын 323 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0215 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“НИК” ХХК-ийн газар эзэмших эрх болон уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон, зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал байхгүй байхад нэхэмжлэгчийн “нийтийн эрх ашиг” гэж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүхэд гаргах ёстой бөгөөд “НИК” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “манай компанид чирэгдэл учруулан, бидэнд мэдэгдэлгүйгээр хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь ойлгомжгүй байна, ...нийтийн эзэмшлийн газар, ...уг газрыг эзэмшүүлэхдээ иргэд, хуулийн этгээдэд адил тэгш боломж олгоогүй” гэж тодорхойлсон. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын улмаас газар эзэмших субъектив эрхийг ямар байдлаар хэрхэн зөрчсөн талаар тодорхойлоогүй, баримтаа гаргаж өгөөгүй, хөндөгдсөн гэж үзэж буй эрхээ тодорхойлж ирээгүй атлаа Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актыг “шүүхийн шийдвэрээр хэнд ч эзэмшүүлэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн газрыг бусдад эзэмшүүлсэн гэж буруутгасан болохоос өөрийн хувийн эрхтэйгээ холбогдуулж, миний ийм эрхийг эдлэхэд хариуцагч энэ шийдвэр гаргаснаас болж, ийм эрх ингэж зөрчигдлөө, зөрчигдөж болзошгүй боллоо гэсэн тайлбарыг хийлгүй ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь газар эзэмших субъектив эрх хөндөгдөөгүй харин “нийтийн эзэмшлийн зам учир нийтийн эзэмшилд нь үлдээ” гэсэн утга бүхий нийтийн эрхийн нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэл ч гэж харж болохоор байна. Тэгэхээр нийтийн эзэмшлийн зам талбай гэж маргахын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.9, 18.3-т зааснаар тодорхой асуудлаар, өөрсдийн дүрэмдээ нийцсэн зорилгоор, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын хэлбэртэй хуулийн этгээд нэхэмжлэл гаргах ёстой юм. Нэхэмжлэгчийн тухайд ийм нэхэмжлэл гаргах эрхгүй байсны зэрэгцээ хавтаст хэрэгт орц гарцыг хаасан, хөдөлгөөн хийхэд саад учруулсан, эзэмшил газар руу орсон, саад хаалт хашлага барьсан зэргээр “НИК” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн, талаар баримт нэгээхэн ч байхгүй юм. Харин бодит байдал дээр “НИК” ХХК нийтийн эзэмшил газрыг хашаалж, машин орж гаргахгүй хаалт босгосон бөгөөд үүний улмаас манай компанийн газар луу оруулахгүй байгаа болно. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт тоосгон хашаа барьж өөрсдийн орц гарцаа битүүлээд, “Интерном” ХХК-ийн орц, гарцаар гарна хэмээн өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. “Интерном” ХХК-ийн барилгад залгаж, “НИК” ХХК харуулын байр буюу пост барьсан нь цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа, үүнийг ч шүүх дүгнэсэн. Өнөөдөр “Интерном” ХХК тус газрыг эзэмшиж байгаа ийнхүү эзэмшиж буйн гол зорилго, цаашдын зорилт нь тухайн газар дээр машины зогсоол үүсгэж, “Интерном” ХХК-иар үйлчлүүлж байгаа иргэд нь автомашинаа тавиад дэлгүүрээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн эрх ашгийн төлөө ашиглах гэж байгаа билээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 333 дугаар шийдвэрт “уг газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх боломжгүй” гэж дүгнэсэн нэг ч өгүүлбэр байхгүй, харин “хэд хэдэн этгээдийн үл хөдлөх хөрөнгөрүүгээ орж гардаг, автомашины зогсоол хэлбэрээр ашигладаг нийтийн эзэмшлийн газрыг нэг этгээд буюу “НИК” ХХК-д конторын зориулалтаа эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21.2.3-т заасан бүрэн эрхээ хэтрүүлснээс “Интерном” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байна” гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах явцад “НИК” ХХК болон бусад гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн асуудал байхгүй бөгөөд ийнхүү аливаа этгээдийн эрхийг зөрчөөгүй бол тухайн актыг гаргахад нягтлан шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэл өөрөө үгүйсгэгдэх билээ. Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК-ийн эрх ашгийг “Интерном” ХХК-д газар эзэмшүүлснээр хөндөгдөх нөхцөл байдал байсаар байтал шалгалгүйгээр “Интерном” ХХК-д газар эзэмшүүлсэн нь буруу гэх дүгнэлтийг өгөх байтал эсрэгээрээ “НИК” ХХК-иас гуравдагч этгээд “Интерном” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж, тэдний үл хөдлөх хөрөнгөнд хууль бус байдлаар пост барьсан мөн “НИК” ХХК нь нийтийн эзэмшлийн талбай буюу цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь өөрсдийнхөө орц, гарцыг хаасан эсэх зэрэг үйлдлийг шалган тогтоож байж “Интерном” ХХК-д газар эзэмшүүлэхийг шийдвэрлэх ёстой гэж эсрэгээрээ эрх ашиг нь хохирсон этгээдийн буруу болгож, тэдний газар эзэмших актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх ажиллагаанд саад болох үндэслэл болохгүй бөгөөд харин эсрэгээрээ гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх ажиллагааны явцад “НИК” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байх ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн актын биелэлтийг түдгэлзүүлээд буй 3 гол үндэслэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн зүйл байхгүй харин нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хөндсөн асуудал байгаа болохоос харин “НИК” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх асуудал нэгээхэн ч байхгүй байгаа болохыг тодруулая. “Интерном ХХК-ийн барилгад залгаж барьсан “НИК” ХХК-ийн харуулын байр буюу постыг албадан чөлөөлөх эсэх, энэ нь “НИК” ХХК-ийн хууль бус үйлдэл буюу “Интерном” ХХК-ийн өмчлөх эрхийг хөндсөн нөхцөл байдал байгааг харж болно. Маргаан бүхий газарт байрлаж буй цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь “Интерном” ХХК-ийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа эсэх буюу уг тоосгон хашааг барьснаас шалтгаалж уг маргаан үүссэн эсэхийг шалган тодруулж шийдвэрлэх, энэ нь “НИК” ХХК гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн асуудал байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, “НИК” ХХК нийтийн эзэмшлийн зам талбай дээр тоосгон хашаа барьж бусдын болон өөрсдийн орц гарцаа хаачаад “Интерном” ХХК-ийн эзэмшлийн газраар дамжин гарна гээд өнөөдөр ийнхүү нэхэмжлэл гаргасан болно. Цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж барьсан тоосгон хашааг буулгаж автомашин явах зам гаргах нь эрчим хүчний талаарх хууль тогтоомж дүрэм журам, стандартад нийцэх эсэх үндэслэлийн тухайд “Интерном” ХХК-ийн одоогийн орц гарц болгож буй мөн “НИК” ХХК-ийн “Интерном” ХХК-ийн гарцыг ашиглана гээд буй тухайн гарц нь цахилгааны дэд станцын зүүн урд байгаа буюу баруун урд талаар залгаж барьсан тоосгон хашаатай ижил байрлалтай гарц болно. Өөрөөр хэлбэл, цахилгааны дэд станцын баруун урд талын гарц нь эрчим хүчний хууль тогтоомж, холбогдох дүрэм журам зөрчсөн тохиолдолд одоогийн гарц байгаа зүүн урд талын хэсэг нь ч мөн хууль зөрчсөн гэх асуудал хөндөгдөх ёстой. Мөн энэхүү үндэслэл хэн нэгний буюу нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдсөн асуудал байхгүй байгааг харж болно. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “НИК” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Интерном” ХХК-ийн эзэмших эрх бүхий Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын-4 хаягт байрлах 1075 м.кв газрыг 406 м.кв-аар нэмэгдүүлж, /нийт 1481 м.кв/ үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “НИК” ХХК-иас гаргажээ.
Дээрх нэмж эзэмшүүлсэн 406 м.кв газарт “Интерном” ХХК болон “НИК” ХХК-ийн барилгын хооронд байрлах 112 м.кв газар байсан, энэ газар нь эдгээр компанийн хэн алины дамжин өөрсдийн барилга руу орж гардаг, автомашины зогсоол хэлбэрээр ашиглагддаг, “нийтийн эзэмшил” болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаар шийдвэрээр тогтоосон, уг газрыг нэг этгээдэд /”НИК” ХХК-д/ эзэмшүүлснээр нөгөө этгээдийн газар эзэмшиж, ашиглах эрхэд саад учрахаар байгааг дүгнэсэн байна.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон дээрх үйл баримт өөрчлөгдөөгүй буюу 112 м.кв газар одоо ч эдгээр компаниудын барилга руу орох орц гарц, автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд уг нийтийн эзэмшлийн газрыг “Интерном” ХХК-д эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх зөрчигдөхөд хүрчээ.
Маргаан бүхий 112 м.кв газрыг бусдад эзэмшүүлсэн үйл баримт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар гарсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад хариуцагч үл хэрэгсэн, дахин шинэ захиргааны акт гарган, уг газрыг “Интерном” ХХК-д эзэмшүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн “Интерном” ХХК-д нэмж олгосон 406 м.кв газраас 112 м.кв-г хасах нь зүйтэй, үүгээр нэхэмжлэгчийн “...нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлсэн, тэгш байх зарчим хангагдаагүй...” гэсэн нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдана.
Харин “Интерном” ХХК-ийн барилга руу орох орц гарц бүхий, барилгын орчны үлдэх 294 м.кв газрыг тус компанид эзэмшүүлсний улмаас “НИК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшил газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, түүний үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхэд саад учруулаагүй байна.
Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй, зөвхөн уг захирамжаар олгогдсон газрын хэмжээг багасгаж өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх “...харуулын байрыг албадан чөлөөлөх эсэх, цахилгааны дэд станцын баруун урд талаар залгаж тоосгон хашаа барьсан нь “Интерном” ХХК-ийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа эсэх, уг тоосгон хашааг буулгаж авто зам гаргах нь эрчим хүчний холбогдох хууль тогтоомжид нийцэх эсэхийг тодруулах шаардлагатай” гэж маргаан бүхий захиргааны акт, газартай хамааралгүй, нэхэмжлэлийн үндэслэл болоогүй асуудлаар дүгнэлт хийж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.5 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0215 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “НИК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/917 дугаар захирамжийн “Интерном” ХХК-д холбогдох хэсгийн “...112 м.кв газарт” хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх /294 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах/ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН