Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0431

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0431

Улаанбаатар хот

 

 

Иргэн Ш.Гомбодоржийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.Гомбодоржийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/176 тоот тушаал гаргаж, иргэн Ш.Гомбодорж миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчлөө.

Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс олон нийтэд нээлттэй зарласан Аймаг, Нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтанд хуульд заасан шаардлагыг хангасан учир бүртгүүлэн, 2015 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцон шалгалтын дүнгээр 1 дүгээрт эрэмбэлэгдсэн.

Иймд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын холбогдох зүйл, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,1, 17.3, 17.4 дэх заалт болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон Монгол улсын Хөдөлмөрийн сайд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б/109 тоот тушаалаар намайг Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилж, улмаар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Гэтэл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтад "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр, сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх" гэсэн заалтыг баримтлан намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Учир нь би Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд ажиллах болсон тул Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Телөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн ажил үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн. Мөн тус албан тушаалд нэр дэвшүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Монгол Ардын намын хорооноос 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 30 тоот албан бичгүүдээр намайг төлөөлөгчөөс чөлөөлж, намын дараагийн дэс дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигчийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох ажлыг зохион байгуулахыг хүссэн хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус хүргүүлсэн.

Уг хүсэлтийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээн авч, иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэх үүрэг өгөгдсөний дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот тогтоолоор намайг хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжин, хурлын төлөөлөгчөөс чөлөөлж, дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн эхний нэр дэвшигч болох Б.Энхжаргалыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахаар шийдвэрпэсэн юм.

Ийм ч учраас тухайн үеийн Хөдөлмөрийн сайд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр сайдын тушаалаар намайг Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Миний бие Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноос хойш нэг ч удаа иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч болон тэргүүлэгчийн ажил үүргийг гүйцэтгээгүй, удаа дараалан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн болохоо илэрхийлж ирсэн.

Ш.Гомбодорж би Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалыг өөр ямар нэгэн ажил үүрэгтэй давхар буюу хавсран гүйцэтгээгүй, гүйцэтгэх ч учиргүй байхад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/176 тоот тушаалаа Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дах хэсгийгзөрчсөн гэж гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй, бодит байдалд үл нийцсэн шийдвэр байх тул Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" Б/176 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дурдахдаа Монгол улсын Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 10 сарын 20-ны өдөр Б/176 тоот тушаал гаргаж уг тушаалдаа иргэн намайг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэх боловч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчийн ажил үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Монгол Ардын Намын хорооноос 2015 оны 5, 6 дугаар саруудад 28, 30 тоот албан бичгүүдээр намайг төлөөлөгчөөс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 20 тоот тогтоолоор Хурлын төлөөлөгчөөс чөлөөлж дараагийн нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм гэснээс өөрөөр хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн тухай нотлох баримт гаргаагүй байна.

Иргэн Гомбодорж нь Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалыг ямар нэгэн ажил үүрэгтэй давхар буюу хавсран гүйцэтгээгүй гүйцэтгэх ч учиргүй гэж маргаж байгаа боловч энэ үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд Хөдөлмөрийн сайдын 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 тоот тушаал нь Ш.Гомбодоржийг Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.8 дах заалтыг зөрчсөн гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг баримтлан иргэн Ш.Гомбодоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Гомбодоржийг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 сарын 22-ны өдөр хүртэлх нийт 110 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.968.206 /гурван сая есөн зуун жаран найман мянга хоёр зуун зургаа/ төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 396.820 /гурван зуун ерэн зургаан мянга найман зуун хорь/ нийт 4.365.026 /дөрвөн сая гурван зуун жаран таван мянга хорин зургаа/ төгрөгийг Ш.Гомбодоржид олгохыг Монгол Улсын Хөдөлмөрийн сайдад даалгаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ш.Гомбодоржийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн яаманд холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрт: “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалд томилогдохоос өмнө иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйл, заалтыг бичжээ.

Тэгвэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх тогтоол гаргана” гэж заасан байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн энэ залтыг тайлбарлахдаа “...хурлын төлөөлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана, чөлөөлөх тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргах учир тогтоол гараагүй байхад нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаа нь зөв, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргах нь нэхэмжлэгчийн хэмжээний асуудал биш” гэж үзсэн байна.

Мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасныг дурдаад Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэхь заалтыг бичжээ.

Үүнээс дүгнэвэл Ш.Гомдоржийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх асуудал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахаас бус Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах асуудал биш юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь сонгуульт ажил, Хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэх нь ажилтан, ажил олгогч 2-ны хооронд үүсэх харилцаа. Ийм учраас 2 өөр хуулиар зохицуулагдах, 2 өөр асуудал гэж үзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 211 тоот шийдвэртэй, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг дурдаад нэхэмжлэгч Ш.Гомбодоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Ш.Гомбодоржийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 тоот тушаал нь холбогдох хуулийн заалтыг зөв үндэслэсэн, хууль зөрчөөгүйтул буруу тайлбарлаж хэрэглэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 211 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.Гомбодоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилсон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ш.Гомбодорж нь 2012 оны Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намын жагсаалтаар нэр дэвшин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дээрх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргасан нь тогтоогдож байна.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар захирамжаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, иргэн Ш.Гомбодоржийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон Тэргүүлэгчээс чөлөөлсөн захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Ш.Гомбодоржийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Ш.Гомбодорж нь Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдохоос өмнө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан болох нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, ... төлөөлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах бөгөөд харин чөлөөлөх тухай тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, тогтоол гаргах нь нэхэмжлэгчийг эрх хэмжээнд хамаарах асуудал биш, нэхэмжлэгч уг албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн нь нотлогдоогүй байхад хариуцагч ажил, албан тушаалыг гүйцэтгэсэн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэрийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж буруу бичиж, тухайн маргаанд хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг тус тус  баримтласан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасныг баримтлан иргэн Ш.Гомбодоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Гомбодоржийг урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР