Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1220

 

 

 

 

 

 

 

 

2022            09            30                                  2022/ШЦТ/1220

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц

            улсын яллагч Р.О,

шүүгдэгч З.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны дугаар сарын 11-ний өдрийн 398 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 120 цагийн эдэлж, үлдэгдэл 130 цагийг эдлээгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар захирамжаар  хорих ялаар сольж эдлүүлсэн, З.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон автовокзалын буудлын орчим иргэн Э.Ү цүнхнээс түрүүвч бэлэн 680,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.А нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон автовокзалын буудлын орчим иргэн Э.Ү цүнхнээс түрүүвч, виза карт, бэлэн 680,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийтдээ 720,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1.Хохирогч Э.Ү: “...Миний бие 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед Өвөрхангай аймгаас өөрийн охин Х хамт хотод орж ирсэн байгаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн орон нутгийн автобусны зогсоол дээрээс ачаа авах хооронд цүнхэнд байсан түрүүвчээ хулгайд алдсан. Миний цүнхэнд байсан түрүүвч дотор бэлэн 680,000 төгрөг, виза карт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

2.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...  хохирогч эмэгтэй хүүхдээ тэвэрсэн, хажуу талдаа цүнхээ барьсан байх ба хажууд нь  хар өнгийн цүнх үүрсэн саравчтай малгайтай  сэжигтэй этгээд ирж зогсож байгаад ар талаар гарах үедээ хохирогчийн үүрч байгаа цүнхнээс нь юм авч байгаа нь дүрслэгдсэн”  (хавтаст хэргийн 18-22 дахь тал),

 

3. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл: “...З.А бэлнээр 34 ширхэг 20,000-тын дэвсгэртийг буюу 680,000 төгрөгийг хураан авч, хохирогч Э.Ү хүлээлгэн өгсөн. ( хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

4.Тэнцвэр эстимейт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “... хохирогчийн эд зүйлийг 720,000 төгрөгөөр үнэлсэн  (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

5. Шүүгдэгч З.А:  “...Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Драгон авто вокзалын хөдөө орон нутгийн автобусны зогсоол дээр хүүхдээ тэврээд зогсож байсан 20-30 орчим насны эмэгтэйн цүнхнээс түрүүвч, бэлнээр 680,000 төгрөгийг нь хулгайлан авсан, цүнх нь онгорхой ил харагдаад байхаар эд зүйлийг нь хулгайлан авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч З.А нь хохирогчийн хүүхдээ тэвэрсэн, бусад зүйлд сатаарсан байдлыг далимдуулан түүний цүнх онгорхой байдлыг ашиглан түрүүвчтэй бэлэн мөнгийг хохирогчид мэдэгдэлгүйгээр сэм авч, өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоог олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч З.А үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ү 720,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч З.А нь хохирогчид 680,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч З.А бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн зөвшөөрч, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч З.А танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй/ зэргийг тус тус харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч З.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ