Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1221

 

 

 

 

 

 

 

 

 2022           09           30                                         2022/ШЦТ/1221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,

           улсын яллагч Ж.Э ,

            шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ................ дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, хүй долоон худгийн зам, “Наадам” цогцолборын баруун замд “Тoyota Prius” маркийн 39-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч замын хажуугийн далан луу унаж зорчигч О.Л эрүүл мэндэд нь хүндэвтэр, Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 07 дугаар сарын  04-ны  өдөр Баянхонгор  аймгаас гараад  өөрийн эзэмшлийн  тоёота  приус  маркийн 39-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот руу  явах гээд  замаараа аймгийн төвөөс  Улаанбаатар хот руу  явах 3 хүн  аваад явсан. Тэгээд явж байтал  хамт явсан ах “намайг жаахан унтаад нүдний хороо гаргачих, би бариад явъя” гэхээр нь жолоогоо шилжүүлж, би унтаж амарсан. Тэгээд сэртэл  нөгөө ах Хүй 7-д байдаг гэрийнхээ үүдэнд ирчихлээ,  машинаа унаад яваарай, ах нь буулаа гэхээр нь би жолоогоо бариад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал  уулзвар гараад гэнэт үерийн далан гарч ирсэн,  би тоормос гишгээд  тэр чигтээ зам руу гараад үерийн далан руу орчихсон буюу осолд орсон. Би хохирогч О.Л 2,205,450 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б 625,000 төгрөг төлсөн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Иргэний нэхэмжлэгч GSB capital ББСБ төлөөлж Ц.Ү“... шүүгдэгчийн эгчтэй манай компани гэрээ байгуулсан, гэрээнд заагдсан төлбөрийг цаг тухайд нь төлдөг тул одоогоор нэхэмжлэх зүйгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч GSB capital ББСБ төлөөлж Ц.Ү “... шүүгдэгчийн эгчтэй манай компани гэрээ байгуулсан, гэрээнд заагдсан төлбөрийг цаг тухайд нь төлдөг тул одоогоор нэхэмжлэх зүйгүй. Харин тээврийн хэрэгслийг хураан авах тохиолдолд уг төлбөрийг бүхэлд нь нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны дөрт шилжих шөнө “Тoyota Prius” маркийн 39-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү 3 зорчигчтой хөдөлж, замдаа тээврийн хэрэгсэлд нь сууж явсан зоригчид жолоогоо шилжүүлэн өөрөө унтаж амарсан байна.

 Ингээд 07 дугаар сарын 05-ны өглөө үүрийн  04 цаг 50 минутын орчимд нойроо гүйцэт сэргээлгүй, нойрмог чигтээ бусдаас жолоогоо шилжүүлэн авч, жолоодон хөдөлсөн даруй буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, хүй долоон худгийн зам, “Наадам” цогцолборын баруун замын хажуу руу орж үерийн далан руу унаж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас зорчигч О.Л эрүүл мэндэд нь хүндэвтэр, Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

1.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-14 дэх тал)

 

2. Хохирогч О.Л: “Би Баянхонгор аймгийн төв дээрээс Улаанбаатар хот руу 2022 оны 07 дугаар сарын 04-ний орой Тоёота приус 30 маркийн 39-10 УАК улсын дугаартай машинд дайгдаад Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй 7 худаг, Наадам центрийн замд үерийн далан руу сууж явсан машин унаж осолд орсон юм. Би машины урд сандал дээр хамгаалах бүс зүйгээд сууж явсан. Бид өглөө 04 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирсэн байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осолд ороод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байна. Би эмчилгээ хийлгэсэн, жолооч эмчилгээний зардалд 2,200,000 төгрөг гаргасан байгаа. Би охин Ц.Б хамт удахгүй нутаг буцах гэж байгаа. Жолоочоос цаашид ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлэхгүй, бүх зардлыг барагдуулсан байгаа. Осолд орох үед хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

 3. Иргэний нэхэмжлэгч Ц.Б: “...Би ээж О.Л хамт 2022 олны 07 дугаар сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн төв дээрээс замын машинд буюу Тоёота Приус 30 маркийн 39-10 УАК улсын дугаартай автомашинд суугаад Улаанбаатар хотод 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 4 цаг өнгөрч байхад орж ирсэн. Машиндаа 4 лээ сууж ирсэн. Нэг хүн нь хүй 7 худаг дээр буусан. Цаашаа жолооч ээж бид гурав хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Наадам цогцолборын замд, замын хажуу талын үерийн далан руу орчихсон. Машины урд тал ээж О.Л сууж явсан, хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би хойд суудал дээр сууж явсан болохоор жолоочийг үүргэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Үүр цайгаад гэгээ орсон байсан. Үерийн жалга руу ороод тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байгаа. Би дүгнэлттэй уншиж танилцлаа. Би эмнэлэгт хэвтээд гарсан эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй, ээж бид хоёрын эмчилгээний зардал болох 2,200,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

4.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9640 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “...О.Л биед сээрийн 1-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, өвчүү ясны их бие, баруун 3-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9641 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “...Ц.Б  биед доод уруулын дотор салстад язарсан шарх,  эрүү, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн  үйлчлэлээр,  олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

6.2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 812 дугаартай  мөрдөгчийн магадлагаа: “...Тoyota Prius” маркийн 39-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн. (хавтаст хэргийн 97-98 дахь тал)

 

7. Шүүгдэгч Б.Б: “...2022 оны 07 дугаар 04-ний өдөр Баянхонгор аймгаас гараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 39-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот руу явах гээд замаар аймгийн төвөөс 3 хүн аваад явсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө Төв аймгийн Атар сум руу орж ирээд  нойр  хүрээд байхаар нь хамт явж байсан ах нойр чинь хүрээд байвал ах нь жоохон жолоодоё гэхээр нь би нэрийг нь мэдэхгүй ахад машинаа бариулчхаад унаад өгсөн. Тэгээд сэртэл нөгөө ах хүй 7 худагт байдаг гэрийнхээ гадаа ирчихлээ, машинаа унаад яваарай, ах нь буулаа гэхээр нь би жолоогоо бариад хүй 7 худгийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал уулзвар гараад ирэхээр нь би уулзвараар баруун билүү зүүн билүү хаашаа эргэх вэ гээд бодоод явж байтал гэнэт үерийн далан гарч ирээд би тоормос гишгээд тэр чигтээ зам руу гараад замын хажуугаар байсан үерийн далан руу орчихсон. Тэгээд тухайн үед цуг явсан эмээгийн амьсгаа боогдоод байхаар нь би 103, 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн уулзварыг ирж байгааг харсан тухайн үед хаашаа эргэхээ дотроо бодож  байгаад хартал гэнэт үерийн далан гараад ирэхээр нь тоормос гишгээд замаас гарчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б нь шөнө оройн  цагаар орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэн гарсан байх ба тэрээр  3 зорчигч тээвэрлэж явах үедээ нэг зорчигчид жолоогоо шилжүүлсэн гэсэн түүний мэдүүлгээс үзвэл, тэрээр энэ үеэс эхлэн нойрмоглож, үүрэглэж эхэлсэн байхыг үгүйсгэхгүй улмаар жолоо шилжүүлэн авсан тухайн зорчигч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг хүртэл буюу өөрийн гэр хүртэл жолоодсон, түүнээс шүүгдэгч Б.Б нь жолоогоо шилжүүлж аван хөдлөөд удаагүй осол гарсан нь түүний нойр гүйцэт сэргээгүй, нойрмог байдалтай байхдаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэнтэй салшгүй холбоотой байна.

Мөн шүүгдэгч нь замын хажууд үерийн даланг харсаар байж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын хажууд байрлах үерийн далан руу явж орсон нөхцөл байдал нь машин дотор сууж явсан зорчигч О.Л эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахад хүргэсэн байна.

Энэ байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний  дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Улмаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч О.Л иргэний нэхэмжлэгч Ц.Б нараас нэхэмжлэлийн баримт гаргаж өгөөгүй, яллагдагч Б.Бат-Ирээдүй нь хохирогч О.Л эмчилгээний зардал 2,205,450 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б эмчилгээний төлбөрт 625,000 төгрөгийг төлсөн баримт гаргаж хэрэгт хавсаргуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул тэдгээрт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгч GSB capital ББСБ төлөөлөгч Ц.Ү төлөх төлбөргүй болно.

Эрүүл мэндийн  даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

 Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Л нь ГССҮТөв эмнэлэгт  хэвтэж эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 5,967,000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж,  Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б Баянхонгор аймгаас гарах, зорчин явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сарын хугацаагаар оногдуулах” тухай дүгнэлтийг,

шүүгдэгч: “...ямар нэгэн тайлбаргүй” гэж саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.Б хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмийн хэд хэдэн заалтыг биелүүлээгүй нь осол гарахад нөлөөлсөн бөгөөд мөн шүүгдэгч нь нойрмог байдалтай тээврийн хэрэгсэл жолоодсон нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн шинжтэй, энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байдал, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлоготой эсэхийг илэрхийлэх баримтгүй, Өмнөговь аймаг, Цагаан хад гэх газарт ажилд орох гэж буй гэх боловч энэ талаар нотолсон баримгүй  байх тул шүүгдэгч Б.Б торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэнээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад хангалттай баримт, маршрутыг тогтоож ирүүлээгүй нь мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй болгосон.

Иймд  дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 (дөрвөн зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Б хохирогч О.Л 2,205,450 (хоёр сая, хоёр зуун таван мянга, дөрвөн зуун тавь) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б 625,000 (зургаан зуун хорин таван мянга) төгрөгийг төлсөн, хохирогч О.Л, иргэний нэхэмжлэгч Ц.Б, G ББСБ-д төлөх төлбөргүй болохыг дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  5,967,000 (таван сая, есөн зуун жаран долоон мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АЛТАНЦЭЦЭГ