Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1233

 

 

 

 

 

 

 

 

  2022           10           04                                       2022/ШЦТ/1233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,

           улсын яллагч С.Э

            шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Д.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод байрлах гэрээсээ хохирогч Г.Г гээгдүүлсэн Самсунг А-7 маркийн 330,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хохирогч Г.Г өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж барьцааны тавьж завшсаны улмаас түүнд 330,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр Г бид 2 нийж  архи уусан. Тэгээд Г гарч яваад 1 найзыгаа дагуулаад орж хамт ууж байгаад гараад явцгаасан. Тэгээд би унтаад сэрэхэд 1 гар утас байсан бөгөөд архи сайн гараагүй байсан тул тухайн утсыг ломбарданд тавьж мөнгийг өөртөө хэрэглэсэн. Одоо бол хохирогчид хохирол төлбөрөө төлж бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Н нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Н: “...гэрт нь орхиод гарсан гар утсыг авч ломбарданд тавьсан тул маргахгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 тоотод байрлах өөрийн гэрт хамт байсан хохирогч Г.Г мартаад орхиод явсан Самсунг А-7 маркийн гар утсыг хохирогч Г.Г эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Г.Г 330,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь дараах нотлох баримтуудтай байна. Тухайлбал,

 

1. Хохирогч Г.Г гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

 

2. Хохирогч Г.Г “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1тоот гэрээсээ жаахан архи уучихсан гараад зүс таних найз Н гэр болох тоотод орж хамт архи уусан. Тэгээд би гэртээ орж унтаж амраад 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өглөө сэргээд гар утсаа хайтал байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө утас руу охиныхоо дугаараас залгахад миний утсыг авсан ба  дуугарахгүй байсан.  Дахин залгахад  холбогдох боломжгүй болсон.  Тэгээд  би зүс  таних найз  Н ороод гар утсаа асуухад манай гэрт чиний гар утас байхгүй гэсэн. Тэгээд би утсаа олохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гар утсаараа хамгийн сүүлд Н гэрт байхдаа  гэрийнх рүүгээ залгаж ярьж байсан.Миний гар утас нь  Самсунг А7 маркийн шаргал өнгийн гадартай утас байсан.Би утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

3. Гэрч Э.Ц: “...миний бие  Сүхбаатар дүүргийн  6 дугаар  хорооны  нутаг дэвсгэрт  байрлах Од нэртэй  барьцаалан  зээлдүүлэх газарт ажилладаг. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 27 минутад Д.Н гэх иргэн орж ирээд 2018 оны Самсунг А-7 загварын гар утас барьцаанд тавина гэсэн. Би үзэж хараад хэдэн төгрөгөөр тавих юм гэхэд 100,000 төгрөгөөр  барьцаанд  тавина гэсэн. ...Тэгээд барьцаанд тавьсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны  14 цаг 07 минутад  ирж  бичиг баримтаа үзүүлээд 105,000 төгрөгөөр буцааж авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), 

4. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “... Самсунг А-7 маркийн гар утсыг 330 000 төгрөгөөр үнэлсэн. (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

5. Шүүгдэгч Д.Н “... би гэрээ цэвэрлэж байхад  орны доороос Самсунг А-7 маркийн гар утас гарч ирэхээр нь хүний гар утас  байна гэж бодсон ч  эхлээд ломбардад  барьцаанд 100,000 төгрөгөөр тавьж,  буцаагаад  аваад архи ууж явж байхдаа хаяж гээгдүүлсэн. Би алдаагаа ухаарч байна, ахиж ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, хохирогч Г.Г нь өөрийн эзэмшлийн Самсунг А-7 маркийн гар утсыг шүүгдэгч Д.Н гэрт мартаж явсан байх бөгөөд шүүгдэгч Д.Н нь тухайн утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг тухайн үедээ мэдсэн ч хохирогчид буцаан өгөлгүйгээр шунахай сэдэлтийн улмаас өөртөө авч захиран зарцуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ,  андуурагдсан илгээмж,  эд хөрөнгө,  гээгдэл эд хөрөнгө,  алдуул малыг  бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний  ашиг сонирхол,  аюулгүй  байдалд шууд учирсан  үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,  түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Д.Н нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд буйг мэдсэн ч буцааж өгөхийн оронд завшсан, өөртөө захиран зарцуулсан, түүний үйлдлээс үүдэлтэйгээр бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь  бусдын  өмчийг  өөрт олж авахын тулд аливаа байдлаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд шилжиж, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг шунахайн сэдэлтийн улмаас завшсан, өөртөө захиран зарцуулсан, шамшигдуулсан үйлдлээр гэмт хэргийн шинж, бүрдэл хангагдана.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Н гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 330,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г 330,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Н учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Н анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Нгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын хэмжээ, байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Д.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Н  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ