Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч И.М, түүний өмгөөлөгч Л.Батжаргал /онлайнаар/

         Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Дд холбогдох 2216000000121 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Тарлан хайрхан овогтой Г.Д гэв.

        Шүүгдэгч Г.Д нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны төвд байх И.Мн гэрт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “манай охин чамаас болоод гэртээ орж хаалгаа түгжээд утсаа авахгүй байна” гэх зүйлээр шалтаглаж, И.Мг заг модоор цохиж түүний биед нь хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралттай, бүсэлхий, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Д гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Д нь өмнө нь 4 удаа мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гээд асуултад хариулахдаа “Хохирогчийн гэрт ганцаараа очсон. Өвөл нийлж пиво уусан. И.М эцэг, эхийгээ байхгүй үед бас пиво ууж, тамхи татсан гэсэн учраас үүнээс хэрүүл зодоон болсон. Заг мод хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна.. Заг мод бариагүй. Би И.Мгаас илүү хөдөлгөөн хийгээгүй. Мөрнөөс нь базаж хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид харилцан зодолдсон. И.М миний гуянаас базаж хөхрүүлсэн. Шүүхээс гарсан хохирлыг төлнө. 2022 оны 07 дугаар сард 500,000 төгрөгийг хохирогч руу шилжүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч И.Мн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед Г.Д, Д нар дайрч орж ирсэн. Би тэр үед Бтай утсаар ярьж байсан. Өмнөх орой нь Б шөнийн 11 цаг өнгөрч байхад орж ирээд хумсны будгаа арилгуулмаар байна. Нөхөртэйгөө хэрэлдчихээд ирлээ. Дахиад гарч мөрийтэй тоглох гээд байна гэсэн. Шөнө болсон учраас хумсны будгийг нь арилгаад дуусахад Б явахгүй байсан. Чи яваач гэхэд нөхөртэйгөө зурвасаар хэрэлдээд энэ хүн гарч явах гээд байна гэсэн. Тэгээд байж байтал Дөрвөн-Учралт орж ирээд Бг  өвдөглөөд, үстээд аваад явсан. Маргааш нь Б над руу залгаад ярьж байтал Д, Г.Д 2 орж ирсэн. Бд хадам ээж, эгч 2 чинь ирж байна, хурдан ирээрэй гэсэн. Хоёр зэрэг дайрч доромжилсон. Хүүхдүүдээ ирэхээр учраа ол гээд утсаар ярих гэтэл Г.Д 3 удаа авч шидсэн. Хамгийн сүүлд нь би гар утсаа авч унинд өлгөсөн. Нялх хүүхэд унтаж байхад орилоод сэрээсэн. Эвээр яриулах гэтэл хэрүүл хийгээд байсан. Б гаднаас орж ирээд эвээр юу болов гэхэд н.Д ухамсар муутай хүүхнүүд гээд орилоод доромжлоод байсан. Тэгээд гарчхаад манай гэр рүү шороо цацаад Г.Д бэрийгээ болон намайг хүүхдээ чирсэн янхан болно гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Д чи нөхөргүй, хүүхдээ чирсэн гэж элдвээр хэлж доромжлоод байхаар нь Б бид 2 хамт байхдаа зурвасыг нь уншаад Б зарим хариуг нь бичсэн. Маргааш нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед охиныхоо үсийг самнаж байхад орж ирээд миний хүүхэд утсаа авахгүй, хаалгаа нээхгүй байна гээд дөрвөлж дотор байсан загаар хүзүү хэсэг рүү цохисон. Би загийг нь гараараа түлхэж унагаасан. Би хүүхдээ урагшаа түлхэж манай хүүхэд унасан. Намайг үстэж зуухны хажуугаар чирээд угаалтуурын өмнө очоод би хүзүү рүүгээ цохиулаад дотор муухай болж нүд бүрэлзээд тонгойсон байхад Г.Дгийн үс нь урдуураа орж ирэхээр нь хүчтэй татахад Г.Д өөрөө угаалтуур мөргөсөн. ...Г.Дгаас болж эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч байна. Ийм зүйлээс болж ээж, аав, ах нар их дарамттай байгаа. Гудамжинд явж байсан хүнийг чи гэртээ дуудсан байна гэдэг. Энэ жил манайх И-март, Номинд жимсээ нийлүүлэх байсан. Нийлүүлж чадаагүй. Ажлын тухайд хохирлоо хамгийн багаар нэхэж байгаа. Би жимсний гол үрсэлгээгээ хийдэг. 10,000 суулгац хийх байсан боловч 3500 үрсэлгээ суулгасан. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

  Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д гэх эмэгтэй залгаад ойрд танай охин болох Сманай бэр болох Б 2 нийлээд бидний үгэнд орохгүй байна гэж утсаар ярьсан... ...Би 2022 оны 05 дугаар сарын 17-ны Алтай суманд ажлаа хийгээд байж байхад 15 цагийн үед манай хүүхэд Сутсаар ярихдаа Г.Д манайд ирээд намайг зодчихоод явсан. Би одоо эмч дуудаад үзүүлж байна гэж ярьсан. Тэгээд би тэр доор нь Г.Д руу залгахад утсаа авалгүй 3, 4 удаа залгахад утсаа авсан. Тэгээд би юу болоод байна гэж асуухад Г.Д миний өмнөөс хашхираад орилж байгаад утсаа тасалсан. Хэлсэн үгнүүдийг би ойлгоогүй. Тэгээд би залгаагүй Д руу залгасан. Тэгэхээр нь би Даас танай ээж манай охиныг зодсон байна. Юу болов гэж асуухад  мэдэхгүй би гэртээ байна байсан гэж хариулсан. Тэгээд бид тэр өдөр ажлаа дуусгаад нөхөр хүүхдээ дагуулаад шөнөдөө гараад маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 18-ны 15 цагийн үед гэртээ ирэхэд манай охин зодуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр юу болсон талаар асуух гээд Г.Д руу зөндөө олон удаа залгахад утсаа аваагүй сүүлдээ утсаа унтраасан. Тэгээд Д руу залгаад манай нөхөр яагаад, юу болоод хүүхэд зодсон бэ гэж эвээр асуухад өөдөөс орилоод байсан. Тэгээд манай нөхөр уурлаад чи одоо ээжийгээ дагуулаад одоо хүрч ирээд учраа ол гэж хэлсэн. Ирж учраа олохгүй бол би хэлдэг газарт хэлээд өргөдөл гаргана гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дараа нь цагдаа руу яриад мэдэгдээд байж байхад эмнэлгийн ажилтан ирээд Сарнайн биеийн байдлыг үзэх гээд ирлээ гэж хэлээд үзсэн. Тэгээд өчигдрөөс хойш манай эмч сувилагч нар ирж үзэж байгаа. Танайд хүн байхгүй болохоор хяналт тавьж байгаа. Манай эмч маргааш өглөө эмнэлгийн машинаар аймгийн төв авч явна гэж хэлсэн. Тэгээд би эмч Даваахоролыг дуудаж биеийн байдлыг асуусан. Эмч болохоор аймаг явж үзүүлэх шаардлагатай. Би өөрөө авч явна гэж хэлээд маргааш өглөө нь эмнэлгийн машинаар аймгийн төв эмнэлэг рүү аваад явсан. Би С-н нялх хүүхдийг нь хараад гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /ХХ 50-52/.

          Гэрч Ч.И-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө нь тосгоны төвд байдаг гэртээ ирэхэд манай охины хүзүү нь мурийж далийсан, толгойны дагз хэсэг бага зэрэг хавдсан, зүүн талын мөр нь няцралт өгч хүрэнтсэн байдалтай, мөн баруун хөлийн шилбэн дээр арьс нь бас зулгарсан байдалтай хэвтэж байсан...” /ХХ54/

 

           Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр намайг ахындаа байж байхад өдрийн 12 цагийн үед И.М залгасан. Би юу болсон талаар асуухад чи манайд хүрээд ир гэж хэлээд утсаа тасалсан. Цаана нь хүн орилоод байсан, чимээ нь сонсогдоод байсан юм. Тэгээд би хүүгээ дагуулаад буцаж гэртээ ирээд аав дээр нь үлдээчхээд И.Мнд очиж үүдний хаалгыг онгойлгоод хаалгаар нь ороход тэднийхэнд манай хадам ээж Г.Д, эгч Д хоёр баруун орон дээр сууж байсан. Тэгээд би ороод та хоёр яагаад энд ирсэн бэ? юу болоод сууж байгаа юм бэ? гэж асуухад Д эгч над руу чи битгий биеэ өмөөрөөд байгаарай, чам шиг тэнэг хүүхнийг удаан тэвчлээ гэж хэлээд Д босоод ирсэн. Тэгээд би ээж эгч хоёрт хандаж И.М бид хоёрын уулзаж барьдаг асуудал та нарт ямар хамаатай юм бэ? айлын гэрт битгий хэрүүл маргаан хийгээрэй одоо гараарай гэж хэлсэн. Тэгснээ өмнөөс Д эгч намайг зодох гэж оролдсон. Г.Д болохоор бид хоёрт хандаж бид нар залуу хүүхдээ салгаад авчихна. Та нар хүүхдүүдээ тэврээд үлдэнэ гэсэн утгатай хорон үгнүүд хэлээд байсан. Тэгээд би Г.Д, Д хоёрыг түлхээд гаргаад гадна талын амбаарынхаа хаалгыг хаасан чинь нэг нь гаднаасаа татаад байсан. Харин Г.Д бид хоёрыг янханууд гэж орилоод доромжлоод байсан. Тухайн үед И.М тэр хүмүүсийн өмнөөс юу ч дуугараагүй. Харин ч намайг дуугай бай, битгий хэрэлдээд байгаарай гэж хэлж байсан. Тэгээд би удаагүй ахындаа очиж тэндээ хоносон юм. Маргааш нь өглөө би эрт хөдөө ямаа самнах гээд ахтай цуг явсан юм. Тэгээд намайг хөдөө байхад утсаар 15 цагийн үед И.М залгаснаа манайд танай хадам ээж ирээд намайг дөрвөлжинд байгаа заг аваад манай охин Д өчигдөр чамтай хэрэлдсэнээс болоод өнөөдөр хоёр хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд гэртээ орж хаалгаа тайлахгүй утсаа ч авахгүй байна. Хэрэв охинд маань янз бүрийн муу юм болсон байвал чи арыг нь даагаарай гэж намайг загнаад зодоод гарсан миний толгой эргээд гэж над руу ярихад би оройхон яваад очъё чи эмч дуудаад үзүүлж байгаарай гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би тэр өдөр орой нь 18 цагийн үед хөдөөнөөс ирээд И.Мнд очиход өдрөөс хойш толгой эргээд бие өвдөөд хөдлөж чадахгүй байна. Эмч дуудаад үзүүлсэн чинь даралтны эм, өгөөд өвчин намдаах эмчилгээ хийж өгөөд явсан. Тэгээд надад миний унасан үсийг хардаа гэж над руу бөөрөнхийлсөн үс үзүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ57-58/, 

             Гэрч И.Д-н “... 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би тосгоны төвд Эрүүл мэндийн төвд ажилтай байх үед утасны дугаарын санахгүй байна тосгоны төвд байдаг И.М гэх эмэгтэй миний дугаар руу залгаад би хүнд зодуулчихлаа ирээд биеийн байдлыг үзээд өгнө үү гэж дуудлага ирэхээр сувилагч эмч Отгонбаярыг дагуулан дуудлаганд очсон. Тэгэхэд 11 цагийн үед хүнд зодуулсан. Арай дээрдээд дуудлага дуудаж байна гээд толгой өвдөөд шилэн хүзүү хөшнө. Шилэн хүзүү халуун оргиж өвдөнө, тэгээд хүзүүгээ хөдөлгөхөөр бас өвдөж байна. Зүүн гараа хөдөлгөж болохгүй баруун хөлийн шилбээр өвдөнө гэж хэлсэн. Тэгээд би үзлэгээр эрхтний цохилт нь нэмэгдсэн байсан, толгой орой дагзны хэсэгт хавдсан байсан хүзүүн дээр дарахад эмзэглэлтэй, эргүүлэх хөдөлгөөн хязгаарлагдмал, зүүн тийшээ хазайсан, зүүн мөрний уян дээр зулгараад улайчихсан, мөрөө өргөж чадахгүй хэвтэж байсан учраас өвчин намдаах, тайвшруулах эм тариа хийж зөвлөгөө өгсөн” гэх мэдүүлэг /ХХ60/,

 

           Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаартай “1. 2. И.Мгийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралттай, бүсэлхий, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 77-78/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 732 дугаартай шинжээч О.Оюунбаясгалангийн гаргасан “1.И.Мн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, бүсэлхий, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 7. И.Мн биед хийгдсэн толгой, хүзүүний КТГ болон MRI шинжилгээнүүдээр эд эрхтнүүдэд бүтцийн өөрчлөлт илрээгүй байна. Иймд хүзүүний бэхэлгээ 50 хоног зүүсэн нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох үндэслэл болохгүй” гэх дүгнэлт /нэмэлт ажиллагаагаар ирсэн/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх04-16/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч И.М нь “өмнөх хурал дээр хохиролд 5,700,000 төгрөг байсан. Үүнээс  хойш наашаа цаашаа хувийн машинаар явсан зардал, эмчилгээний төлбөр, жимсний 1 хураалтын төлбөр 19,500,000 төгрөг, нийт 25,115,397 төгрөг нэхэмжилж байгаа” гэх боловч шүүх хуралдаан 50 хоногийн хугацаагаар хойшлуулж хохирогчийн гэм хорын хохиролд 5,700,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтад нэмэлт ажиллагаа хийлгэж дахиж шалгуулахад 1,037,400 төгрөгийн хохирол нотлох баримтын шаардлага хангаснаар гарсан байна. Үүн дээр нэмж 08 дугаар сарын 15-ны өдөр, 09 дүгээр сард дахин шинжээч томилсон тогтоол, эрх үүрэгтэй танилцах, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, хохирогчоор мэдүүлэг өгөх гээд 2 удаа ирсэн, өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхэд гарсан зардлыг тогтоосон тарифаар бодоход 210,000 төгрөг гарч байх ба үүнийг нэмээд нотлох баримтаар тогтоогдсон хохирол 1,247,400 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж, 747,400 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч Г.Дгаас 747,400 төгрөгийг гаргуулж хохирогч И.Мд олгох үндэслэлтэй байна гэж үзсэнийг шүүгдэгч нь шүүх хуралдааны завсарлага авч төлсөн болно.

Сум хооронд зорчих тарифыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 233 дугаар тушаалд заасныг баримталж тогтоосноор Баянтоорой тосгон руу том хүн 35,000 төгрөгөөр тооцсоноор замын зардлыг тооцсон болно.

 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлажээ. Уг хэрэг учрал 2022 оны 05  дугаар сарын 17-ны өдөр гэмтэл учирсан гэж үзэхэд 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаа хамаарна гэж үзлээ. Хохирогчийн хэлж байгаагаар 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны хооронд үрсэлгээ суулгадаг гэж үзвэл үрсэлгээ суулгах боломжтой зарим хоногт тухайн хохирогч гэмтэл учирч үрсэлгээ суулгах боломжгүй нөхцөл байдалд байсан гэж шүүх үзсэн. 3 га газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хохирогчийн аав Идэрмөнх 2012 онд 60 жилийн хугацаагаар гэрчилгээгээ авсан байна. Дээр нь “Төгс дуут хайрхан” ААН нь 2014 онд усан үзэм тариалахаар байгуулагдсан байна. Хохирогч И.М аав, ээж, ахын хамт тариалан эрхэлдэг нь харагдаж байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлж, хор уршгийн асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл тэр гэрт 4 хүн тариалан эрхэлдэг нь хэргийн материалаас тогтоогдож байна. Мөн хохирогчийн аав нэг үрслэгээнээс 70 граммаас 2 кг жимс авдаг. Заримдаа нэг үрслэгээнээс жимч  авахгүй тохиолдол байдаг. Ямар хохирол учирсныг одоогоор тооцох боломжгүй гэсэн учраас энэ асуудлуудаа бодит байдалд нийцүүлж нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогч нь Улаанбаатар хотод физик эмчилгээ хийлгэсэн болон хор уршигтай холбоотой буюу ургац алдсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нотлох баримтаар тогтоогдсон 747,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 23,867,997 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

         2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Дд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг загийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д нь хохирогч И.Мд 1,250,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч И.М нь физик эмчилгээ хийлгэсэн зардал болон хор уршиг учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тарлан хайрхан овгийн Г.Дг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Дд танилцуулсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Мн нэхэмжилсэн 23,867,997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг загийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д нь хохирогч И.Мд 1,250,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч И.М нь физик эмчилгээ хийлгэсэн зардал болон хор уршиг учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА