| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0309/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 305
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: К банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Б овогт Ц.М-т холбогдох,
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12,841,918 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.М нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр К банкны Замын-Үүд салбартай ... тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 1,459,372.49 төгрөг, зээлийн хүүнд 2,744,555.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,326.25 төгрөг нийт 4,441,254.06 төгрөг төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 984 хоног хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 8,540,627.51 төгрөг, зээлийн хүү 3,955,146.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,144.37 төгрөг нийт 12,841,918 төгрөг байна. Иймд зээлдэгч Ц.М-с цалингийн барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 12,841,918 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “К банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н миний бие нь Ц.М-н шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн үнийн дүн болох 12,841,918 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц овогтой М миний бие нь К банкнаас нэхэмжилсэн 12,841,918 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК-ний Замын-Үүд салбар нь хариуцагч Ц.М-т холбогдуулан үндсэн зээл 8,540,627.51 төгрөг, зээлийн хүү 3,955,146.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,144.37 төгрөг нийт 12,841,918 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 8,540,627.51 төгрөг, зээлийн хүү 3,955,146.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,144.37 төгрөг нийт 12,841,918 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч К банк ХХК-ний Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 220,421 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 110,210.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 50 хувь болох 110,210.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 18,540,627.51 төгрөг, зээлийн хүү 3,955,146.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,144.37 төгрөг нийт 12,841,918 төгрөгийг хариуцагч Ц.М нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,421 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 110,210.5 төгрөг, хариуцагч Ц.М-с 110,210.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-ний Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н