Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Оргилбаяр

          Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Мд холбогдох 2216000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух, урьд 1 ял шийтгэлтэй, ... регистрийн дугаартай, Урианхай овогтой М.М гэв.

               Шүүгдэгч М.М нь Говь-Алтай аймгийн ... тоот хашаанд 2022 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Гийн зүүн гуянд хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Мн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж улсын яллагчийн асуултад хариулж мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгсөн үү гэсэн хүсэлт хэвээрээ байгаа... Гомдлыг барагдуулж эцэг эх маань хохирлыг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж архи дарс уухгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,   

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгээд бид нар хоорондоо хэрүүл маргаанаа болиод явах болоод би Батжаргалтай гэрээс гараад Батжаргалын машинд мотоциклоо яаж ачих талаар ярилцаад байж байсан М.М, Х.Н хоёр гэрт үлдэхдээ хоорондоо адуу мал яриад үлдсэн юм. Тэгээд Батжаргал бид хоёрыг гадаа байж байхад Х.Н, М.М хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсээр гэрээс Х.Н түрүүлж гарч ирсэн. Тэгсэн М.М Х.Нын араас гарч ирэхдээ гартаа хутга барьсан гарч ирж байгаа нь цонхны гэрэлд харагдсан. Тэгсэн Батжаргал Х.Ныг хашааны үүдэн лүү авч явсан. Би М.Мг гарт нь барьсан хутгыг нь авч уурласан уурыг нь гаргахаар гэрийн хаалганы урд М.М дээр очсон...Тухайн үед М.М, Х.Н нар маргалдаад гэрээс гарч ирээд хоорондоо зодолдох гээд байсан, М.М гэрээс гарч ирэхдээ хутга бариад гараад ирэхээр нь би тэр хоёрыг салгах гээд явж очоод “хутгаа хая, боль” гэж хэлээд хаяхгүй байхаар нь хутгыг нь булаацалдсан юм. Би хутгыг нь булааж авахаар оролдоход хутгаа биеийнхээ ард, урд гаргаад савчуулаад өгөхгүй гээд байсан. Тэгээд биеийнхээ урд тал хутга барьсан гараа гаргаад ирэх тэр үед нь би зүүн гараараа шуу хэсэгт нь дарах тэр үед зүүн өвдөгний дээд хэсэгт өвдөлт мэдрэгдсэн. Тэгээд би М.Мг тавьсан чинь М.М хутгаа хаялгүй цаашаагаа хашаанаас гараад явчихсан юм. Тэгээд би өвдгөө үзтэл бага зэрэг цус болчихсон байсан. М.М миний биеийн зүүн өвдөгний дээд хэсэгт хутгаар хатгасан. Тэгээд цус гоожиж байхаар нь би Батжаргалыг М.М намайг хутгаар хатгачихлаа гэж хэлээд цус тогтоох юм аваад ир гэж хэлсэн. Тэгсэн Батжаргал ирээд М.Мн байшингаас цамц авч ирээд тэр цамцаар нь хутгалуулж, цус гоожиж байсан хөлөө боосон... Миний зүгээс гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /ХХ44-46, 55-56/,

 

        Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Нын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..Би М.Мгаас манай 2 үрээ харсан уу гэж асуусан. Тэгсэн М.М миний өмнөөс танай алга болсон 2 үрээ манай адуунд нийлсэн байна гэж хэлсэн. Тэгээд би М.Мгаас манай хоёр үрээний хөл нь доголж байна уу гэж асуусан. Тэгсэн М.М миний өмнөөс хариулахдаа нэлээн доголж байна лээ би мотоциклоор хөөж үзлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи доголон адууг мотоциклоор яах гэж хөөсөн юм бэ гэж хэлсэн. Тэгсэн бид хоёр тэрнээсээ болж бага зэрэг маргалдсан. Тэгэхээр нь би М.Мн өмнөөс би чамтай муудалцаж маргалдмааргүй байна гэж хэлээд гэрээс гараад хашааны үүдэн дээр очиход надтай Б.Г зөрөөд хашаан луу явж орсон. Тэгээд Батжаргал бид хоёр хашааны гадаа үүдэн дээр зогсож байхад Б.Г, М.М хоёр хоорондоо юм яриад байгаа бололтой. Б.Г М.Мг чи ингэж хутга барьж болохгүй гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй Б.Г хэлэхдээ М.М чи намайг хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд Б.Г, Ба-г дуудаад М.М намайг хутгаар хатгалчихлаа цус тогтоох юм олоод ир гэж хэлж байсан... М.М миний мотоциклын банк болон ганзгалж явсан ногоон торгон түлшний уутыг хутгаар хэд хэдэн удаа хатгаж цоолсон байсан. Би гомдол саналгүй байна” гэх мэдүүлэг /63-65, 69-70/,

 

        Гэрч Т.Ба-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд би Б.Гтэй хамт гэрээс гарч байхад М.М, Х.Н хоёр хоорондоо морины тухай яриад үлдсэн. Б.Г бид хоёр гэрийн гадаа мотоцикпоо яаж миний машинд ачих талаар ярилцаад хашааны гадаа үүдэн дээр байж байсан. Тэгсэн гэрээс Х.Н гарч ирээд мотоциклоо яаж ачих талаар надаас асуугаад ярилцаж байсан чинь Б.Г буцаад хашаа луу явж орсон байсан. Тэгээд жаахан байж байсан чинь Б.Г намайг дуудсан тэгэхээр нь би яасан бэ гээд хариулчхаад явж очсон чинь М.М надтай тоглож байгаад намайг зүсчихлээ чамд цус тогтоогоод боочих юм байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би М.Мн гэрт орж цамц байхаар нь авч гарч Б.Гийн хөлнөөс гарч байсан цусыг тогтоож боож өгсөн. Тэгсэн Б.Г урагшаа хашааны хаалгаар гарч явсан. Тэгэхээр нь би М.Мн байшингийн дээд талын хашааг даваад өөрийнхөө гэр болох Бургастай хороо 9-1 тоотод гэртээ орж амарсан...” /ХХ84/

         

           Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Шөнө манай гэрт ирж хоносон. Намайг өглөө босоход орон дээр унтаж байсан юм...би М.Мг хутга авчирсныг хараагүй өглөө босоход манай гэрт өмнө нь үзэж байгаагүй 1 бор иштэй хутга байсан. Том хутга байсан, хүрэн иштэй, хутга бариул хоёрыг холбосон гялгар никль өнгийн холбоостой гоёмсог том хутга байсан. Хутганы үзүүр нь урд хэсгээсээ бага зэрэг хугарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /ХХ 92-93/         

 

           Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...тэгээд явж очиход Б.Г орон дээр унтаж байсан. Б.Гийг харахад зүүн хөлөө ягаан өнгийн цамцаар ороосон, ороосон цамц нь гадна талдаа дунд зэрэг хатсан байдалтай цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон байсан...М.М Х.Н 2 хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгээд гэрээс гараад явах гэсэн чинь М.М хутга бариад гэрийн гадаа гараад ирсэн. Тэгэхээр нь би хутгыг нь булааж авах гэж байгаад хөл рүүгээ хутгалуулчихлаа гэж хэлсэн...тэгээд гэрт явж ороход М.М ганцаараа унтаж байсан. Тэгсэн ширээн дээр бор бариултай никль холбоостой хутга байсныг энэ танай хутга уу гэж асуусан чинь мэдэхгүй байна манай гэрт ийм хутга байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хутгыг холдуулаад Ганхөлөгт өгөөд энэ хутгыг далд хий гэртээ байгаа хутга мэс байвал бүгдийг далд хий гэж хэлээд хутга мэсийг далд хийлгэчхээд М.Мг сэрээсэн... Тэгээд би М.Мгаас хүн хутгалсан хутга чинь хаана байна гэж асуусан чинь гэрт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн хутгалсан хутга чинь энэ мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн...” /ХХ101/

 

           Шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дугаартай “...хохирогч Б.Гийн биед зүүн гуян шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгэнэлт /ХХ114/, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /ХХ119-122/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /ХХ16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургын үзүүлэлтүүд /ХХ18-21/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Х.Н нарт хохирол төлөгдсөн ба тэдгээр нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй байна.   

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч М.Мтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Мд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Талуудын саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай бор иштэй хутгыг устгаж, Даюун 150 маркийн мотоциклийн бензины банкыг иргэний нэхэмжлэгч Х.Нд, дугуй цагаан хээтэй ногоон торгон уут, бор шаргал өнгийн монгол дээл, хар даавуун өмд, хөх саарал дотуур өмд зэргийг хохирогч Б.Гд  буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Х.Н нарт хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овгийн М.Мг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мд танилцуулсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай бор иштэй хутгыг устгаж, Даюун 150 маркийн мотоциклийн бензины банкыг иргэний нэхэмжлэгч Х.Нд, дугуй цагаан хээтэй ногоон торгон уут, бор шаргал өнгийн монгол дээл, хар даавуун өмд, хөх саарал дотуур өмд зэргийг хохирогч Б.Гд  буцаан олгосугай.

   7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Х.Н нарт хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА