| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0398/И |
| Дугаар | 310 |
| Огноо | 2018-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 310
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Завхан аймаг Дөрвөлжин сумын 2-р багт оршин суух, Ш овогт Г.О,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1-р хороонд оршин суух, А овогт С.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт О.Т-д холбогдох,
“1,544,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О, С.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.О нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлалтай Д хотхон дахь 2 өрөө тавилгатай байраа иргэн О.Т-т 2018.09.09 – 2019.07.09-нийг хүртэл нийт 10 сарын хугацаатай, сар бүрийн 09-нд 750,000 төгрөгний сарын түрээс төлүүлэхээр гэрээ байгуулан түрээслүүлсэн болно. Гэтэл Т нь 2 дахь сарын төлбөрийг 10-р сарын 09-ний дотор төлөөгүй гэрээг цуцлах магадлалтай байгаагаа ярьсан боловч байраа хүлээлцэхээр удаа дараа залгахад утсаа авахгүй таслах, бичсэн зурваст хариу өгөхгүй байсаар бид 10 сарын 22-ны өдөр арга буюу камерын бичлэгээр баталгаажуулан байрандаа илүү түлхүүрээр нэвтрэн ороход доторх эд хогшлоос дараах зүйлсийг авч явсан байна.
1.Угаалгын машин (хагас автомат) 280,000
2. Индүкцен плитка 60,000
3. Ус буцалгагч 16,000
4. Буузны жигнүүртэй сав 45,000
5. Хайруулын таваг 38,000
6. Хивсэнцэр 80,000
7.Хувцас хатаагч 35,000
8. Хогийн шүүр тосгуур 10,000
9. Ханын цаг-35,000
10. Бэлэг дурсгалын зүйлс (шинэ), усан завь-30,000, үндэсний бэлэг тэмдэг бүхий жааз- 80,000, фото зургийн цомгийн жааз 20,000 (эдгээрийг гэрээнд тусгаагүй эргэж авахаар хадгалуулсан) Нийт 729,000 төгрөгийн өртөг бүхий эд материалаар хохирсны дээр өнөөдрийг хүртэлх хугацааны шүүхтэй холбоотой гарах зардлуудыг нэхэмжилж байгаа тул та бүхэн миний энэхүү хохирлыг барагдуулж өгнө үү.
Жич: Миний бие нь Завхан аймагт ажиллаж амьдардаг тул шаардлагатай бол Улаанбаатарт биечлэн очих, ирэх замын зардал, манай талын бие төлөөлөгч Э-н түрээслэгчтэй уулзахаар удаа дараа Хан-Уул дүүрэгт ирсэн шатахуун 50.000 төг, цаашид гарах эрсдэлээс сэргийлж солиулсан цоож 15.000 төг, шүүхэд гомдол гаргаж тушаасан тэмдэгтийн хураамжийн төлбөр, Түрээсийн төлбөрийн барьцаа 750,000 төг гэх мэт уг хэрэгт холбогдох бүхий л зардлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Одоо нэхэмжилж байгаа нийт өртөг 1,544,000 төгрөг” гэжээ.
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.О нь О.Т-т холбогдох хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа. Нийт 1,544,000 төгрөгийн хохирлыг барагдуулахыг нэхэмжилсэн байгаа боловч О.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-н санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт 749,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлж дуусгавал гомдолгүй гэж тохиролцож эвлэрсэн. Одоогоор Т.Д нь миний Х банкны дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа тул үлдэгдэл 349,000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлөх болохыг баталгаажуулж энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.Д миний бие нь О.Т-т холбогдох хэрэгт итгэмжлэлээр оролцож байгаа бөгөөд Г.О-н нэхэмжилсэн 1,544,000 төгрөгнөөс 400,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч О-тэй 729,000 төгрөг дээр эвлэрсэн үлдэгдэл 329,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн 20,000 төгрөг нийт 349,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос өмнө төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О, С.Э нар нь хариуцагч О.Т-т холбогдуулан 1,544,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 729,000 төгрөг дээр эвлэрсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 329,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг нийт 349,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцсон байх ба энэ тухайгаа бичгээр тайлбараа гаргасан тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Зохигчид эвлэрэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 40,007 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 20,003.5 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нар нь харилцан тохиролцож, 729,000 төгрөг дээр эвлэрсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 329,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг нийт 349,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,007 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 20,003.5 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.О, С.Э нарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н