Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 


      2022         10           10                                      2022/ШЦТ/96
       
           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, 
Нарийн бичгийн дарга            С.Б,  
Улсын яллагч                З.Х,
Шүүгдэгч                    О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Г-т холбогдох эрүүгийн 2204000000111 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ..... тоотод оршин суух хаягтай боловч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ..... тоотод түр оршин суух, 
урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, 
мөн  шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт О-н Г /РД: / 
Үйлдсэн хэргийн талаар: 
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 06 тоотод орших гэртээ хохирогч С.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн баруун мөрний урд хэсэгт 1 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун мөрний өмнөд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, ойролцоох эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр танил Д-н машинд засвар хийгээд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 3 дугаар гудамжны 19 тоотод байж байтал Б гэх залуу 1 шил 0.75 литрийн Хараа архитай ирсэн. Бид тэр архийг нь хувааж уугаад гуравуулаа манайх руу явсан. Б бид хоёр манайд үлдсэн. Манайд байсан 0.5 литрийн Стандарт архи байсныг бид хоёр уугаад сууж байхад Д1 шил 1 литрийн Тундра архи аваад орж ирсэн. Би хөргөгчнөөс мах гаргаад хоол хийх санаатай байсан, орондоо хагас орсон байдалтай байж байсан. Тэр хоёр нэлээд согтуу, чанга чанга дуугараад байхаар нь “чимээгүй бай” гээд махны хажууд байсан хутгыг аваад айлгах санаатай “цаашаа бай” гээд чичих үед Б-ны баруун гарын мөрний хэсэгт хутгаар зүссэн. Би хохирогч Б-д 700,000 төгрөг өгсөн. Хмйсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 67-68-р хуудас/, 
С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 17-р хуудас/,
Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 321 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-08-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 76-94-р хуудас/, 
Шүүгдэгч О.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.    Гэм буруугийн талаар
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан. 
Шүүгдэгч О.Г нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 06 тоотод орших гэртээ хохирогч С.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн баруун мөрний урд хэсэгт 1 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун мөрний өмнөд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, ойролцоох эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт:  “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед ...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн 3 дугаар гудамжны хамгийн зүүн талын хашаанд очсон чинь Г.Д машин янзлаад байж байсан. Г.Д, О.Г бид гурав 1 шил архи хувааж уугаад 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн 24 дүгээр гудамжны 06 тоотод О.Г-д очсон. Очихдоо 2 шил архи худалдаж авсан. Эхний архиа ууж дуусчихаад 2 дахь архиа ууж байхад би гэрийнх нь зүүн талын орон дээр суучихсан, Д миний хажуу талд, бид хэд дуулаад сууж байсан чинь Г хутга аваад миний баруун мөрний урд хэсэг рүү 1 удаа хутгалсан. Д цагдаа дуудсан. Тухайн үед эм тарианы мөнгө 400,000 төгрөг болсон. Г-с эмчилгээнтй зардалд 700,000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэжээ  /хх-ийн 15, 17-р хуудас/,
Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн 3-9 тоотод өөрийн найз З-н хашааны гадаа машин засварлаад байж байхад С.Б  ирсэн.  Тэгээд байж байсан О.Г ах ирээд,  1 шил архи задалсан. Тэрийг хувааж уучихаад Б, Г хоёр Г-н гэр рүү явсан ба би гэрээрээ орчихоод хойноос нь очихоор болсон. Намайг очиход тэр хоёр 1 шил архи уугаад сууж байсан. Бид тэр архийг хувааж уучихаад дахиж 1 шил архи аваад уусан. Гэрийн зүүн талын орон дээр би суучихсан, миний зүүн гар талд Б суучихсан, Г ах бид хоёрын ардуур хэвтэж байсан. Г ах босож хоол хийнэ гэж мах гаргаад, хутга авч байсан. Г ах миний хажуугаар гараад Б-ны баруун мөрний урд хэсэг рүү хутгаараа зүсчихээр нь би “хүүш Ч ахаа та Б-ныг зүсчихлээ шүү дээ” гээд эмнэлэг дуудсан. Бид хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл байхгүй” гэжээ /хх-ийн 21-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтэд: “...1. С.Б-ны биед баруун мөрний өмнөд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх,  ойролцоох эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 29-30-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-08-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 76-94-р хуудас/, 
Шүүгдэгч О.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73-р хуудас/ 
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 
Шүүгдэгч О.Г нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.  
Иймд О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.  

2.    Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч С.Б-д гэм хорын хохиролд 700,000 төгрөгийг төлж барагдуулж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

3.    Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.    
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г-г хохирогч С.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг 17.5 см, иш нь 14 см урт, нийт 31.5 см урттай хүрэн өнгийн иштэй, цэнхэр өнгийн цахилгааны линтээр ороосон хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч У овогт О-н Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт О-н Г-т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  О.Г-т мэдэгдсүгэй.
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О.Г-т  тайлбарласугай.
5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г нь хохирогч С.Б-д 700,000 төгрөг төлснийг баталж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг 17.5 см, иш нь 14 см урт, нийт 31.5 см урттай хүрэн өнгийн иштэй, цэнхэр өнгийн цахилгааны линтээр ороосон хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.    Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,   шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй О.Г-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 
8.    Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10.    Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН