Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

   2022         10           10                                    2022/ШЦТ/99

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             С.Б

Улсын яллагч                                               Г.Б

Шүүгдэгч                                                       Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000880113 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Багануур” ХК-д гэрээт замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б-д овгийн Д-н Ц /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-нд бүтээмжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болох 2,637,500 төгрөгийн үнэ бүхий зэс болон хөнгөн цагааныг завшсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үйлдвэрийн детал хүлээн авагч С-д “шинн /хатуу кабел/-ийг машин дээр ачаад өгөөч” гэж гуйсан. Ингээд С зөвшөөрч үйлдвэрээс шиннийг 85-60 УБК улсын дугаартай автомашин дээр ачаад гаргасан бөгөөд би үйлдвэрийн гаднаас шиннийг аваад өөрийн 16-35 УНЦ улсын дугаартай автомашин дээр ачаад Драгон баарны арын хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 664,000 төгрөгөөр зарсан. Тухайн өдөр би 3 хайрцаг шинн үйлдвэрээс гаргасан. Би С мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй, С-ыг зүгээр гуйсан юм. Мөн 4 дүгээр сарын дундуур үйлдвэрээс өөрийн үүргэвчинд шинийг хийж гараад Драгон баарны арын хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 120,000 төгрөгөөр зарсан. Шинн гэдэг нь цахилгааны щитэнд хийдэг хөнгөн цагаан, зэс хатуу кабел байдаг юм. Тухайн бэлдэцийг ашиглаж дуусаад гарсан үлдэгдэл өөдсийг нь би үйлдвэрээс авч гарсан юм. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, байгууллагад учруулсан хохирол болох 2,637,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 34-35, 110-111-р хуудас/,

“Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Ч.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-57-р хуудас/,

   “Сэлэнгэ Эстимэйт” ХХК Хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, 

Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Б-г томилсон албан бичиг /хх-ийн 7-р хуудас/,

Шүүгдэгч Д.Ц-ын хохирол төлж барагдуулсан баримт /хх-ийн 119-р хуудас/,

            Шүүгдэгч  Д.Ц-ын  хувийн байдалтай холбогдох баримт бичиг /хх-ийн 77-88-р хуудас/,

Д.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

             Д.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-нд бүтээмжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд зүйл болох 2,637,500 төгрөгийн үнэ бүхий зэс болон хөнгөн цагааныг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх” гэдэг нь өмчлөгч өөрөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрөө хүсч түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгө, эд юмс, эрхийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Ц нь “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-нд бүтээмжийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгуулллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрхтэй байсан болох нь:

  • 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн А/03 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт Хөдөлмөрийн гэрээнд: “...Д овогтой Ц /цаашид ажилтан гэх/ ...ажилтан нь Деталийн үйлдвэрт бүтээмжийн мэргэжилтэн албан тушаалд ажиллана” гэсэн /хх-ийн 60-р хуудас/,
  • 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-нд “Детал үйлдвэрлэл хэлтэсийн ажилтан Д.Ц нь ...албан хэрэгцээнд ашиглуулах зорилгоор хариуцуулан өгсөн эд хөрөнгөд хайр гамтай хандаж, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, ...өөрийн хариуцаж буй эд хөрөнгийн хөдөлгөөн, үлдэгдлийн бүртгэлийг тогтоосон журмаар бүртгэж, тайлагнах үүрэгтэй” гэсэн /хх-ийн 68-р хуудас/,
  • Ажлын байрны тодорхойлолтод: “...Нугалсан деталийг ангилан /будагдах, угсрах, гагнагдах, хадгалах/ хүлээлгэн өгөх” гэсэн /хх-ийн 65-67-р хуудас/ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

- “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр харуулуудын ажлын явцыг хянаад угсралтын үйлдвэрийн харуултай уулзаад 15 цагийн орчимд Деталын үйлдвэр рүү явж байхад 85-60 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Стааралдаад деталлын үйлдвэрийн харуултай уулзаж байгаад буцаад явж байхад нь дахин тааралдаад юу болсон талаар асуухад “хүнтэй ярьж байгаад өнгөрсөн байна” гэхээр нь би захиралтай холбогдож хяналтын камер шүүж үзэх талаар ярилцаад 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн бичлэгийг шүүж үзэхэд жолооч С, Ц нар зэс хөнгөн цагаан хийсэн 3 хайрцгийг Ц бэлтгэж С-ын 85-60 УБК машинд ачиж байгаагаар харагдсан. С нь деталийг үйлдвэр хооронд зөөдөг жолооч, харин Цэрэнцогт детал хүлээлцдэг ажилтан юм. Д.Цнь зарж борлуулах эрхгүй. Деталийн үйлдвэрээс гаргасан болон эд зүйлсийн бүртгэлийн дэвтэр, зарлагын хуудас байгаа, тухайн өдрийн алдагдсан эд зүйлсийн бүртгэл тухайн бүртгэлд байхгүй байсан. Деталийн үйлдвэрээс угсралтын үйлдвэр лүү явах бараа, материалын зөвшөөрлийг Б.Г болон Д.Цнарын аль нэгний зөвшөөрлөөр Ч.С тээвэрлэх үүрэгтэй.

 Д.Ц нь байгууллагад 2,637,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 119-р хуудас/,

- Ч.Санжидын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Деталийн үйлдвэрийн мэргэжилтэн Д.Ц “шинн /хатуу кабель/ гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 15 цагийн үед 85-60 УБК улсын дугаартай портер автомашинаар угсралтын үйлдвэр лүү детал зөөхдөө шинийг бүртгэлгүйгээр ачаад үйлдвэрийн гадна буюу “Цахилгаан дамжээлах сүлжээ” ХХК-ийн урд зогсоод Д.Ц-д өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Д.Ц, Ч.С нар миний хариуцдаг Деталийн үйлдвэрээс хөнгөн цагаан 3 хайрцаг наад тавиур дээр байхад нь Д.Ц, Ч.С нар нь зөөвөрлөн үйлдвэрээс гаргаж худалдаалах талаар би мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 24 цагийн ээлжтэй тухайн деталийн үйлдвэрийн объектийн харуулаар гарч байсан. Би тухайн үед дэвтэр дээр бүртгэсэн хэдэн багц шинний үлдэгдэл, том детал хаалга гарсан талаарх Д.Ц-ын гарын үсэгтэй тэмдэглэлийг Ч.С шалгуулаад тус тэмдэглэлийг харуулын дэвтэр дээр тэмдэглээд гаргасан. Тэрнээс манайх нэг бүрчлэн тоо ширхэгийг гаргаж бичихгүй цаанаас нь хариуцсан хүмүүс нь дэвтэр дээр хэдэн багц хайрцагтай материал гаргаж байгаа талаар харуулын дэвтэр дээр тэмдэглэж гаргадаг. Би тухайн үед харахад саарал 3 хайрцаг дотор богино хэмжээтэй хөнгөн цагаан шинн харгадаж байсан. ...цаанаас хэдэн хайрцаг, хэдэн багц байгаа талаар бүртгэлийн дэвтэртэй Ч.С машиндаа ачиж ирэх үед хайрцагийн тоог багцаар нь шалгаж үздэг байсан бөгөөд тухайн үед зөвхөн Д.Ц-ын гарын үсгээр материал бэлдцүүдийг өөрийн гарын үсэг зурж гаргадаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

-шүүгдэгчийн шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэлээ. 

Иймд Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/-ээр тогдоогдсон 2,637,500 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хх-ийн 119-р хуудас/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж 2,637,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг 8 /найм/-н сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналтай” гэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Торгуулийн ялыг зөвшөөрч байна.”  гэв.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 /найм/-н сарын хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СиДи бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Д-ын Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ц-д оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ц-д мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд хохирогч “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК-нд 2,637,500 төгрөг төлж барагдуулсан болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор  эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Д.Ц-д иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН