Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын хүсэлттэй,

“Н овогт Б.Б-г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К банк ХХК-ны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “К банк ХХК нь иргэн Б.Б-тай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй лизингийн зээлийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр олгосон. Зээлдэгч нь зээл авах үедээ Замын-Үүд техник үйлчилгээний газарт ажилладаг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг байсан. Хувиараа улс хоорондын бизнес эрхэлдэг байсан. Оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч К банк ХХК-ний Замын-Үүд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд: “Б.Б нь Эрээн Замын-Үүд хооронд хувиараа бизнес хийдэг байсан. Одоо хаана оршин суугаа нь мэдэхгүй байна. Иргэний үнэмлэхний хаяг нь Дорноговь аймгийн Сайншанд 1-р багт байсан. Аав Б-н утас нь ... гэсэн утас байсан. Аавтай нь утсаар холбогдож байсан. Хаана оршин суудгийг нь мэдэхгүй. Б.Б-г асуухаар мэдэхгүй гэдэг юм. Аавтай нь уулзахад уг зээлийн мөнгийг нь төлөөрэй гээд өгсөн хийгээгүй юм уу. Би хийе гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй юм” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н овогт Б.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч К банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Б нь К банк ХХК-ний Замын-Үүд салбартай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй лизингийн зээл аваад төлөөгүй болох нь зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Б.Б нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Б.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Н овогт Б.Б-н Дорноговь аймгийн Сайншанд сум 1-р багт оршин суух бүртгэлтэй байсан талаар зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн, мөн утасны дугаар нь ..., аав Б-н утасны дугаар нь ... байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Б.Б-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын ЦХ-т даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч К банк ХХК-ний Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.Н