Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

 

 

   

       2022        10        10                                         2022/ШЦТ/100  

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             С.Б,

Улсын яллагч                                                Г.Б,

Шүүгдэгч                                                         Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2204000000101 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, шатахуун түгээх станцын оператор мэргэжилтэй, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын салбарт түгээгч ажилтай, ам бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 26 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Б-н А /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 17 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 26 дугаар гудамжны 06 тоотод орших өөрийн хашаанд Б.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний цээж хэсэг рүү 2 удаа гараар түлхэн, мөн ар нуруу хэсэг рүү гараар түлхэж газар цээжин хэсгээр унагах, нуруун дээр нь өвдгөөр дарах, өвдөглөж суух зэргээр зүй бус авирлаж, эрүүл мэндэд нь баруун талын 2, 3, 4, 5, 6-р хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр наадмын талбай орох гээд нөхөрлүүгээ залгатал “одоо очлоо” гэж хэлээд ирэхгүй байж байгаад 17:00 цаг өнгөрч байхад өөрийн эгч Ц-тэй хамт ирсэн. Ирээд хонь гаргах хэрэгтэй байна гэхээр нь би “чи ямар сонин юм бэ” би чамайг зөндөө хүлээлээ” гэтэл “заа удахгүй, юу шалихав” гэхээр нь уурлаад хэрүүл өдөөд байхаар нь би явна гэтэл Б.Ц эгч “чи манай дүүгийн хашаа байшинд хоргодож амьдардаг, чам шиг хүүхнүүд тэгж л амьдардаг” гээд намайг муу муухай үгээр зөндөө доромжилсон. Тэгээд би хэрүүл хийгээд болихгүй байхаар нь цагдаа дуудаад хувцасаа аваад эмээ охин хоёроо дагуулаад явах гэж оролдсон. Тэр зуур охин маань бие засахаар гарсан хойгуур нөхрийн эгч Ц намайг байшин дотор түгжих гэж оролдсон. Тухайн үед охин маань хараад уйлаад болиулсан. Тэгээд нөхрийн эгчид “та архи уучихсан байна, би тантай хэрүүл хийхгүй” гэж хэлээд хот явах унаа дуудаад гарах гээд хурдтай явж байтал Ц эгч миний цүнхний оосорноос барьж автал цүнхний оосор тасраад Ц эгч газар унасан. Тэгээд намайг “алнаа” гэхээр нь би очоод бөгс хэсэг дээр нь гар болон өвдөгөөрөө дарж байгаад машин ирэхээр нь явсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 76-р хуудас/,

Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн дүү Б.Т “наадмын өдөр байна, хонь авч шарж идье” гээд манай гэрт ирсэн. ...Тэгээд Т-ын гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 26 дугаар гудамжны 06 тоотод гэрт нь ирээд хашаанд хонины гэдэс арилгаад сууж байхад бэр Б.А гарч ирээд “та бас архи уучихсан байна ш дээ” гэхээр нь би “архи уугаагүй байна” гээд босоод иртэл миний цээж хэсэг рүү 2 гараараа түлхсэн. Түлхэхэд нь би арагшаа гэдийгээд арай газар уналгүй тогтсон чинь Б.А ирээд, ар нуруу хэсэг рүү дахиад түлхсэн. Тэгэхэд нь би цээжээрээ газар унасан. Газар унахад Б.А ирээд миний нуруун дээр өвдөглөж суучихаад болохгүй байсан. Тэр үед миний баруун гар татаад, амьсгаа авахад хэцүү болсон. Б.А-т “миний нуруун дээрээс босооч, амьсгал авахад хэцүү байна” гэж хэлэхэд босохгүй байсан ба хэсэг сууж байгаад боссон. Тэгээд бэр Улаанбаатар хот явна гээд цүнхээ аваад гараад ирэхээр нь би “цагдаа дуудчихсан байж байгаач” гээд цүнхнийх нь оосорноос татсан чинь  цүнхний оосор нь тасарчихсан чинь намайг дахиж газар түлхэж унагаагаад, ар нуруун дээр гараад суучихсан. Тэгэхээр нь би “амьсгал авч болохгүй байна, дээрээс бос” гэсэн чинь боссон. Надад Б.А эмчилгээний болон эм тарианы зардалд 1,153,880 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8-р хуудас/,

Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ах М-н машиныг эгч Ц-н хашаанд очиж зассан. Тэгээд “наадам болж байгаа юм чинь ганц хонь аваад салхинд гаръя” гэсэн. Тэгээд бид гурав манай гэрт очсон. Баттөр ах, бид хоёр хонио хуйхалчихаад буцаад гэрт ирэхэд эгч “баруун талын цээж хэсэгтээ дараад, энд жоохон эвгүй болчихлоо яачихав” гээд гараараа дараад байж байсан. Яасан таалаар асуухад юм хэлээгүй. Эмнэлэгт очиж үзүүлэх үү гэхэд “гайгүй биз дээ, намайг гэрт хүргээд өг” гэхээр нь эгчийг гэрт нь хүргэж өгсөн” гэжээ.  /хх-ийн 12-13-р хуудас/,

Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед “Найрамдал”-аас гараад түгжирч явсаар 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг хотоос гарахад манай эхнэрийн талын хамаатнууд салхинд гарна гээд хүлээгээд байж байсан. Тэгээд шууд Хуцаа гэх газар луу явахаар болсон байсан. Манай эхнэр Б.Ц тэр үед “бие өвдөөд байна, би явахгүй” гэхээр нь би “гайгүй байлгүй дээ, салхинд гараад зүгээр болчих байх” гэж хэлээд хамт явсан. 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн үед эхнэрийн бие дээрдэхгүй болохоор нь бүгд буцсан. Тэгээд гэртээ ирээд байж байхад аавын бие өвдөөд Өвөрхангай аймаг явахаар болоод замд машинд удаан яваад эхнэрийн бие дээрдэхгүй байсан тул эмийн сангаас өвчин намдаах эм болон наалт наагаад цааш явсан. Тэгээд Өвөрхангай аймагт очиж 5 хоноод буцаж Багануурт ирсэн. Тэгээд би ажилдаа яваад хэд хоногийн дараа манай эхнэр эмнэлэгт үзүүлэхэд томографик зураг авах шаардлагатай гэхээр нь Улаанбаатар хотод ирж зургаа авахуулахад баруун талын 4 хавирга цуурсан байна гэсэн” гэжээ.  /хх-ийн 15-16-р хуудас/,

Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Ц эгч манай нөхөртэй хамт гэрт ирсэн. Тухайн үед ирэхдээ баруун гараа суга хэсгээрээ биедээ наачихсан байдалтай, цээжний баруун талд амьсгалж болохгүй, эвгүй болчихоод байна гэж хэлж байсан. Тэгээд цай өгөхөд зүүн гараараа авч байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ц эгч “А-ын цүнхний оосорноос нь татсан чинь цүнхний оосор нь тасарчихсан, тэгээд А огцом уурлаад намайг газар түлхэж унагаад дээр гарч суучихаад босохгүй байсан.” гэсэн. Тэгээд маргааш нь нөхрийн талын хамаатнууд салхинд гарна гэхэд Ц эгч “би явахгүй, бие өвдөөд байна” гэхээр нь “гайгүй байлгүй дээ” гээд хамт явцгаасан. Тэгээд тэндээ хоноцгоосон. Тухайн үед Ц эгчийн бие нэг л зовиуртай машин налж зогсоод уйлаад байгаа юм уу гэмээр байсан. Өглөө нь Ц эгч бие өвдөөд унтаж чадсангүй гэж байсан” гэжээ /хх-ийн 18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 09шэ/269 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Ц-ийн биед баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын хугарал гэмтал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх олон хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 25-26-р хуудас/,

Эмчилгээний болон эм тарианы мөнгөний баримт, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн Өвчтөний карт /хх-ийн 68-71, 75-77-р хуудас/,

Шүүгдэгч Б.А-рын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 46-64р хуудас, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт/,

Б.А-рын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79-р хуудас/,

Хохирол төлбөр төлсөн гэх шүүгдэгч Б.А, хохирогч Б.Ц нарын мөнгө хүлээлцсэн баримт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өглөө 17 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 26 дугаар гудамжны 06 тоотод орших өөрийн хашаанд Б.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний цээж хэсэг рүү 2 удаа гараар түлхэн, мөн ар нуруу хэсэг рүү гараар түлхэж газар цээжин хэсгээр унагах, нуруун дээр нь өвдгөөр дарах, өвдөглөж суух зэргээр зүй бус авирлаж, эрүүл мэндэд нь баруун талын 2, 3, 4, 5, 6-р хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.А-рын хохирогчийн цээж хэсэг рүү 2 удаа гараар түлхэн, мөн ар нуруу хэсэг рүү гараар түлхэж газар цээжин хэсгээр унагах, нуруун дээр нь өвдгөөр дарах, өвдөглөж суух зэрэг үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:

- Хохирогч  Б.Ц-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 7-8-р хуудас/,

Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09шэ/269 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

Эмчилгээний болон эм тарианы мөнгөний баримт, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн Өвчтөний карт  /хх-ийн 68-71, 75-77-р хуудас/,

-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.А-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09шэ/269 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/, хохирогч Б.Ц-н Өвчтөний түүх, холбогдох баримт /хх-ийн 68-71-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршигийн төлбөрт нийт 1,153,880 төгрөгийг Б.Ц-д төлж барагдуулсан /шүүх хуралдаанд өгсөн баримт/ байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн байцаалтад мэдүүлсэн байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч  Б.А-ыг хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна.” гэв.

Шүүгдэгч Б.А гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Б.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн  Б-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн  Б-ийн А-т 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай торгох ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А-т  мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Ц-д эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,153,880 /нэг сая нэг зуун тавин гурван мянга найман зуун ная/-н төгрөгийг төлж барагдуулсныг баталж, хохирогч Б.Ц нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.А-рын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН