Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2024/0336/З |
Дугаар | 221/МА2024/0522 |
Огноо | 2024-08-06 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0522
Г.Л гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Л
Нэхэмжлэгч: Г.Л
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0336/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Л нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр: “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Л гээс Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...шүүхээс тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар нь Чингис хаан банкны барьцаанд бүртгэлтэй бөгөөд тус барьцааны гэрээ бүртгэлтэй хэвээр байгаа. Мөн тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Ггоос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд хийгдсэн барьцаалбарын бүртгэл хүчинтэй байх тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй” гэж заасанд нийцсэн шийдвэр болжээ гэж үзээд Улсын бүртгэлийн бүртгэгчийн татгалзал нь үндэслэл бүхий гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын бусдын шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна гэж барьцаалагчийн зөвшөөрөл авах заалт нь 2017 онд хүчингүй болсон.
3.2. Мөн Шүүхээс улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй" гэж дүгнэсэн боловч яг ямар бичиг баримт зөрүүтэй байсан талаарх тодорхой дурдаагүй нь ойлгомжгүй байна. Тус шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагаа хангаагүй байна. Мөн түүнчлэн тус орон сууц Чингис хаан банкны барьцаанд биш зөвхөн тус орон сууцыг барьсан газар Чингис хаан банкны барьцаанд байгаа учир энэ барьцааны асуудал тус орон сууцын өмчлөгчөөр бүртгэхэд хамааралгүй болно.
3.3. Хавтас хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дүгээр захирамж, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 01-189/9039 албан бичгүүдээр тус маргаан бүхий орон сууцыг Г.Л г өмчлөгчөөр тогтоож, тус маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсэн үйл баримтууд хангалттай тогтоогдсон байна. Тийм учраас Г.Л нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дүгээр захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Улсын хэлтэст хүргүүлсэн 01-189/9039 тоот албан бичгүүдийг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасан үндэслэлтэй байна.
3.4. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж заасан байна. Үүнээс дүгнэхэд Г.Л г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн өмчлөгчөөр бүртгэх боломжтой буюу бүртгэхээс татгалзах ямар хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Г.Л гийн өмчлөлд бүртгэхийг даалгасан, мөн гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг бүртгэх хүсэлтийг удаа дараа гаргасан, үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, прокурорын зөвшөөрөл, барьцаанд байгаа эх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан татгалзал нь хууль бус байна.
3.5. Улсын бүртгэлийн ерөнхий 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, мөн хуулийн 20.1.1-д “улсын бүртгэгч нь үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан байна. Иймд улсын бүртгэгчийн Г.Л г тус маргаан бүхийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн татгалзал нь хууль зөрчсөн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0521 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Г.Л гээс хариуцагч Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тус дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.2. Анхан шатны шүүхээс “...өнөөдрийн байдлаар тус эд хөрөнгө байрлаж буй газрын Г-2204014857 дугаарт бүртгэгдсэн эрхэд барьцаалбарын бүртгэл хийгдсэн, нэхэмжлэгчээс уг барьцаалбарын бүртгэлийг цуцалсан, хүчингүй болгосонтой холбоотой аливаа баримтыг мэдүүлэгтээ хавсаргаагүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасныг хууль бус гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Л нь “ГМК” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоот 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан байна.
2.4. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай, 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох Д.Г нь тус газрыг Чингис хаан банктай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/69 тоот зээлийн гэрээний барьцаанд тавьсан болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолд “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “...Тухайн газрыг худалдаж авахаар болоод Чингис хаан банкнаас 3.000.000.000 төгрөгийг Амар Амгалан 2 хотхоны санхүүжилтэд зээлсэн. Уг зээлийн мөнгийг 2018 оны 07 дугаар сард авсан. Захиалагчдын барьцаа хөрөнгө, захиалагчдын хохирлыг барагдуулна гээд байгаа хөрөнгө одоогийн байдлаар Чингис хаан банканд байгаа” гэх мэдүүлэг, мөн шийтгэх тогтоолд “...“ГМК” ХХК нь Чингис хаан банктай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ББГ-2018/ЗГ/69 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан тус банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авч...” гэж тэмдэглэгдсэн зэрэг болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тухайн газар нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын цахим санд /барьцаа/ бүртгэлтэй хэвээр төдийгүй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
2.5. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь иргэнд өмчлүүлсэн газар байх тул хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө” гээд 2.1.5-д “мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэж, нэг хувийн хэрэг нээж, нэг бүрдлээр бүртгэнэ”, 5.5-д “Нийтийн зориулалттай орон сууц болон дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэж, дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсэг тус бүрээр хувийн хэрэг хөтөлнө” гэж, 5.6-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана” гээд 5.6.2-т “...хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг хавсаргана гэж тус тус заасны дагуу тухайн газрын зориулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсаныг буруутгах боломжгүй.
2.6. Хэдийгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* байрны 11 тоот 57 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хүссэн Г.Л гийн нэхэмжлэлийн шаардлагыг “ГМК” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3341 дүгээр шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Л г шууд бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага бүртгэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.7. Учир нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гээд 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ” гээд 30.1.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн” гэж тус тус заасанд нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2.8. Тухайн тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн хөрөнгийн эрх сэргээх тухай мэдэгдэл, тогтоол зэрэг шийдвэрүүд нь зөвхөн тухайн орон сууцны хоригийг сэргээсэн буюу захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохоос биш уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газартай холбоотой аливаа эрхийг сэргээсэн гэж үзэх боломжгүй. Иймээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай.
2.9. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан барьцаалагчийн зөвшөөрөл авах заалт нь 2017 онд хүчингүй болсон, ...Шүүхээс улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ...яг ямар бичиг баримт зөрүүтэй байсан талаарх тодорхой дурдаагүй” гэж тайлбарласан байх боловч анхан шатны шүүх шийдвэртээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг бус Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн төдийгүй шийдвэрт “...барьцаанд бүртгэлтэй байгаа ...үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай” талаар дурдсан байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
2.10. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.
2.11. Харин нэхэмжлэгч нь дээрх улсын бүртгэлд бүртгэхэд саад болж байгаа захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийхэд хүргэсэн эрх бүхий этгээдүүдийн шийдвэрийн талаар зохих журмаар холбогдох байгууллагад хандаж, тусгай тэмдэглэлээр тавигдсан хориг, хязгаарыг арилгуулсны дараа хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нь нээлттэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Л гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА