Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 112

 

                                            
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2016/0118/Э

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                                    Я.Сансар,
Хохирогч:                     Б.Эрдэнэмаа,
Хохирогчийн өмгөөлөгч:             С.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Г.Баярсайхан,
Шүүгдэгч                                                    Д.Гансэлэм нарыг оролцуулан
 
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гансэлэмд холбогдох 201623000234 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дохиоллын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо Амины орон сууц 2-253 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Ширнэн овгийн Доржхуягын Гансэлэм. /РД: СД86032514/

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Д.Гансэлэм нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутаг “Шалз” гэх газар өөрийн эзэмшлийн марк-2 маркын 92-29 УНИ улсын дугаартай автомашин жолоодож хөдлөх үйлдэл хийхдээ   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчисний улмаас иргэн Б.Эрдэнэмааг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Эрдэнэмаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ... 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдөр Баян Овоо сумаас Биндэр  сум руу амрах зорилготой нөхөртэйгээ хамт явсан. Биндэр суманд зохион байгуулагдсан ардчилсан намын уулзалтанд орохоор Гансэлэмийн машинд сууж явсан. Ингээд намын арга хэмжээ болж байсан газраас зүүн урагшаа эзэнгүй хүрэн модон байшингийн зүүн талд очиж суусан. Тэнд надтай хамт манай нөхөр,  Гансэлэм, Хонгорзул, Ундаръяа, Пүрэвдорж, Мэгзэр нар хамт байсан. ... Бид тэнд юм яриад сууж байхдаа 1 том боргио пиво, 1 ундааны савтай нэрмэл архи уусан. ... Бид нарыг юм яриад сууж байхад Гансэлэм ахын машин хөдөлсөн. Гансэлэм ах өөрөө машинаа бариад хөдөлсөн тэгэхдээ бид нарын баруун талаар нар буруу тийш их хүчтэй шороо босгоод шарваад эргэсэн, бид нарын зүүн талд зогсоод бууж байгаа юм шиг харагдсан. тэгэхээр нь санаанд ороогүй сууж байсан чинь гэнэт машин нь дахиад хөдөлсөн тэгээд миний хоёр хөл дээгүүр жолооч талын урд дугуй гарсан дараа нь миний хэвлий дээгүүр буруу талын ард талын /жолооч талын/ ард талын дугуй гарсан Гансэлэм ах машинаараа миний дээгүүр гараад өнгөрөөд зогссон.  Би машинд дайруулсаны улмаас дэлүүгээ авахуулсан элгэндээ оёдол тавиулсан мөн зүүн хөлийн шилбэнд шалбарсан байсан, баруун хөлийн хуруунууд хөдөлгөхөд хөндүүр байна. ... Гансэлэм ахыг машинаа хөдөлгөхөд нь Пүрэвдорж ах Гансэлэм согтчихжээ ингээд машинаа бариад шарвуулахаараа согтчихдог юм гэж байсан. Энэ гэмтлийн улмаас би 4 удаа хэвлийн хагалгаанд орсон. Гансэлэм эмчилгээний зардалд нийт 6,300,000 төгрөгийг төлсөн. Үүнээс бодит эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг гарсан. Цаашид намайг эмчлүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэж бид тохиролцсон. Иймээс одоогоор нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй  гэсэн мэдүүлэг/хх-ийн 24-25 тал/,
Гэрч Д.Мягмархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Ардчилсан намын чуулга уулзалтанд оролцохоор Баян Овоо сумын төвөөс Гансэлэмийн марк-2 машинтай гарсан. Тэгээд арга хэмжээ болж байх үеэр, арга хэмжээ бол байсан газраас зүүн урд талд байрлах модон байшингийн тэнд Гансэлэмийн машинтай очсон. Тэнд сууж байхдаа бид баг зэргийн архи, пиво ууцгаасан. Гансэлэм машиныхаа хөгжмийг тавъя гээд Пүрэвдоржоос машины түлхүүрээ авсан хөгжимөө 5 минут орчим тавьсан. Тэр зуур бид нар юм яриад сууж байсан. Тэгэж байтал Гансэлэм машинаа барьж хөдөлгөөд бид нарын баруун талаар нар буруу тойроод зүүн талд гараад машинаа баруун тийш харуулаад зогсох үйлдэл хийсэн боловч машин нь гэнэт бид нарлуу ороод ирсэн. Гансэлэмийн машины буруу талын урд талын дугуй нь манай эхнэрийн 2 хөл дээгүүр гарсан харин буруу талын хойд талын дугуй нь хэвлий дээгүүр нь гарсан. Манай эхнэрийн дээгүүр гараад Гансэлэм машинаа зогсоосон. Гансэлэм одоо яанаа яахав гээд шоконд орсон байдалтай байсан манай эхнэр машинд мөргүүлснээс  уйлаад байсан. Тэгээд Гансэлэмийн машинтай эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч О.Мэгзэрийн мөрдөн байцаалтад өгсөн:  ... Тэр орой 20 цагийн үед шиг санаж байна. Гансэлэмийн машинтай арга хэмжээ болж байсан газраас зайдуу газар очиж байшингийн сүүдэрт нэг шил архи ууцгаасан. Бид нар байшингийн сүүдэрт сууж байгаад нэг харсан чинь Гансэлэм машинаа асаагаад бид нарыг нар буруу эргэж тойрч шарваад бид нарын сууж байсан газрын урд талд  их ойрхон зогссон тэгтэл дөнгөж зогсоод гэнэт ухасхийгээд хөдөлсөн чинь хамгийн захад сууж байсан Эрдэнэмааг дайрчихсан. Бид нар сандралдаад Эрдэнэмаагийн нөхөр болон Хонгорзул нар хөлийг нь чиг барьж боогоод Биндэр сумын эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Э.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн:  ... Тэгээд Гансэлэм ах хөгжим тавина гээд Пүрэвдорж ахаас машиныхаа түлхүүрийг аваад босохоор нь “та согтуу байж машинаа битгий бариарай” гэж хэлсэн чинь хөгжим асаана гэж хэлсэн. Тэгсэн гэнэт Гансэлэм ах машинаа асаагаад бид нарыг нар буруу тойрч шарваад бараг бид нарын урд шахуу ирээд зогссон тэгсэн гэнэт л хашгиралдаад явчихсан би Гансэлэм ахыг зогсохлоор нь буруу хараад сууж байсан. Эрдэнэмаа намайг дайрчихлаа гээд уйлчихсан нөхөр нь ард нь суугаад тэврээд байж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:  ... Гансэлэм хөгжим тавина гээд надаас машиныхаа түлхүүрийг авсан тэгээд машиныхаа хөгжмийг тавиад бүжиглээд тэр хавиар хөгжилдөөд байж байтал Гансэлэм гэнэт машиндаа суугаад асаагаад хүчтэй шарвуулаад хөдөлсөн бид нар тэр үед машиных нь урд талд сууж байсан тэгсэн машинаа шарвуулаад бид нарыг нар буруу 1 бүтэн эргээд тойроод баруун урагшаа хараад зогссон, зогсохдоо бид нараас 1 алхам хүрэхгүй газар бараг тулаад зогссон тэгээд харсан чинь Гансэлэм машинаасаа буух гэж байсан, би дотроо Гансэлэмийг машинаасаа буух нь гэж бодож байтал гэнэт хөдлөөд Эрдэнэмааг дайраад гарчихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

Шинжээчийн дүгнэлт: Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн №2016.183 дугаартай, Дүгнэлт: 1.Б.Эрдэнэмаагийн биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралдалт, дэлүүний задрал, элэгний язрал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралдалт, дэлүүний задрал, элэгний язрал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал үүссэн ба эдгээр гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 4.Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна . /хх-ийн 65 тал/
Ослын дүгнэлт: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо Амины орон сууц 3-253 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Ширнэн овогт Доржхуягийн Гансэлэм /СД86032514/ нь Марк-2 маркийн 92-29 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн байна гэж үзэв /хх-ийн 67 тал/,
Шүүглэгч Д.Гансэлэмийн сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-75, 77-78 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Д.Гансэлэм нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2-р багийн нутаг “Шалз” гэх газар өөрийн эзэмшлийн марк-2 маркын 92-29 УНИ улсын дугаартай автомашин жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчисний улмаас иргэн Б.Эрдэнэмааг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гансэлэм нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ослын болон шинжээчийн дүгнэлт  зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Гансэлэм нь хохирогчид 6.300.000 /зургаан сая гурван зуун  мянга/ төгрөгийг хохирол төлбөрт төлсөн ба хохирогч Б.Эрдэнэмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Шүүх шүүгдэгч Д.Гансэлэмд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.
Шүүх Д.Гансэлэмийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  болон хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ширнэн овгийн Доржхуягын Гансэлэм тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбидид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гансэлэмд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Гансэлэмд оногдуулсан 01 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Гансэлэмийн №-597082 дугаартай жолоочийн үнэмлэхийг замын цагдаагийн газарт хүргүүлж,  №00951962 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Гансэлэмд буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн шүүгдэгч Д.Гансэлэмд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Гансэлэм нь 9 хоног цагдан хоригдсон ба  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Д.Гансэлэмд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 6 сарын хорих ялыг тэнсэж,  01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Д.Гансэлэмд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

9.  Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гансэлэмд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.УЯНГА