Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Г Д БГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөл,

Хариуцагч Ч.Чт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

1 492 000 төгрөгийг Г Д БГБХ нөхөрлөл болон Л.Цэвэлмаа нараас гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нар шүүх хуралдаанд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г Д БГБХ нөхөрлөл нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах, "Орхон" худалдааны төвийн 2 дугаар давхарт ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг бөгөөд манай ломбард нь Ч.Чтай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 425а тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй /сарын 180 000 төгрөг/ зээлдүүлсэн. Ингээд 8 сарын хүү буюу нийт 1 440 000 төгрөгийг төлсөн. Улмаар Ч.Чтай дахин 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 552 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй /сарын 120 000 төгрөг/ зээлж, эхний сарын хүү төлөх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн тул 16 000 төгрөгийг, 1 сарын хүү болох 120 000 төгрөг дээр нэмж нийт 136 000 төгрөгийг хүүнд төлсөн байдаг. Нийт хоёр зээлийн гэрээний хүүд 1 576 000 төгрөгийг төлсөн. Уг хоёр зээлийн гэрээг нэгтгээд, хугацааг 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 5 дугаар cap хүртэл 3 сарын хугацаатай байхаар тохиролцсон. Гэтэл хариуцагч Ч.Ч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр 5 000 000 төгрөгийг, 3 cap, 10 хоногийн хугацааны хүү 1 000 000 төгрөгийн хамт төлөхгүй алга болсон тул нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөл нь 1998 оны 9 сард албан ёсоор байгуулагдаж, нөхөрлөлийн дүрэмд итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь Л.Цэвэлмаа болон Ч.Цэрэндулам нар байдаг бөгөөд тус 2 хүний хамтарч байгуулсан ломбард юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нөхөрлөлийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогддог. Ч.Ч нь сөрөг нэхэмжлэлдээ Л.Цэвэлмааг ямар нэгэн төлөөлөх эрхгүй гэсэн нь үндэслэлгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.Туяагийн үндсэн зээл болон хүүг нэхэмжлэгч талд бүрэн төлж, зээлийг дуусгасан гэсэн тайлбар үндэслэлгүй. Хөөргөө буцаан авсан учраас зээл төлөгдсөн гэжээ. Хөөрөгтэй холбоотой асуудал нь бидний нэхэмжилсэн 425а тоот болон 552 тоот гэрээтэй холбоогүй, түүнээс өмнө биднээс авсан зээлдээ тус хөөргийг барьцаалсан байсан.

Ч.Ч нь 425а тоот зээлийн гэрээний 8 сарын хүүд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 180 000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 180 000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 180 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 360 000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 180 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 360 000 төгрөг, нийт 1 440 000 төгрөгийг төлсөн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж, зээлийн хүүд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 136 000 төгрөг төлсөн. 5 216 000 төгрөг Ч.Чын данснаас гарсан байгаа боловч манайд төлөөгүй бөгөөд төлсөн болохоо нотлоогүй. Тэгээд ч Ч.Ч өөрөө зөвшөөрөөд хүүгээ төлөөд байсан. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгөөс татгалзаж байна.

2 болон 3 дахь зээлийг авахад Ч.Чын хадам ээж болон эхнэр Г.Хишгээ нар нь ирж гуйсан тул бид найз нөхдийн холбоо, олон жилийн нөхөрлөлдөө итгэн тус 2 зээлд барьцаа аваагүй, итгэлцлээр зээл олгосон, хөөрөг барьцаалсан тэмдэглэл байхгүй. Энэ талын баримт хавтаст хэрэгт байдаг. Г Д БГБХ нөхөрлөл нь олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаагийн хувьд гэрээ байгуулах болон зээл дуусахад зээлдэгчийн гарын үсгийг заавал зуруулан авч үлддэг бөгөөд баримт дээр гарын үсэг байхгүй байгаа нь Ч.Ч бидэнд зээлээ төлөөгүй гэдгийг нотлох баталгаа юм. Ч.Ч зээлээ төлөөгүй гэдгийг түүний эхнэр болон хадам ээж Б.Сорогжоо нь нотолно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Л.Цэвэлмаагаас 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг өөрийн их гарын манан хөөргийг барьцаалан зээлж авсан бөгөөд 1 440 000 төгрөг, 136 000 төгрөг, 5 216 000 төгрөг, нийт 6 792 000 төгрөгийг төлөөд барьцаанд тавьсан их гарын манан хөөргөө буцаан авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Л.Цэвэлмаа нь Ч.Чтай зээлийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн хуулийн этгээдийг төлөөлөөгүй бөгөөд тус зээлийн гэрээнд байгууллагын тамга байхгүй. Ч.Ч нь хэлэлцэн тохиролцсон хугацаандаа зээлээ төлж чадаагүй боловч Л.Цэвэлмаагийн шаардсаны дагуу 6 792 000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн болно. Зээлдүүлэгч нар нь ямар нэгэн дансанд мөнгийг шилжүүлж авдаггүй, бэлнээр өгөхийг шаарддаг байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Цэвэлмаагаас зээлж авсан 5 000 000 төгрөгөө хүүгийн хамт төлж барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын хүү төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу 1 сараас илүү хугацаанд хүү бодогдох үндэслэлгүй байтал Л.Цэвэлмаа нь илүү хүү бодож авсан. Ч.Ч нь зээлсэн мөнгөө төлж дуусгасан бөгөөд барьцаанд хадгалуулсан их гарын хөөргөө буцаан авснаар нотлогддог. Гэтэл Л.Цэвэлмаа нь Г Д БГБХ нөхөрлөл гэсэн хуулийн этгээдийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд Л.Цэвэлмаа болон Г Д БГБХ нөхөрлөлөөс үндэслэлгүй хөрөнгөжсэн 1 492 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Хоёр зээлийн гэрээг тус бүр 1 сарын хугацаатай байгуулаад гэрээний хугацааг сунгаагүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд зээлийн гэрээг бичгээр сунгаагүй тул илүү хүү төлөхгүй.

2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ч.Ч нь Голомт банкны данснаасаа 5 216 000 төгрөгийг аваад шууд Л.Цэвэлмаад бэлнээр өгөөд барьцаалсан хөөргөө авсан. Энэ хүмүүс мөнгө өгсөн, авсан талаар баримт огт өгдөггүй учир 5 216 000 төгрөгийг Л.Цэвэлмаад өгсөн баримт байхгүй нь үнэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Чаас зээлийн гэрээний үүрэгт 1 740 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 260 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Чын нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөл болон Л.Цэвэлмаад холбогдох 1 492 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дугаар зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 42 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Д БГБХ нөхөрлөлд олгож, хариуцагч Ч.Чаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 662 төгрөгийг улсын орлогоос гаргуулан түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж дараах гомдлыг гаргаж байна. Хавтаст хэргийн материал болон талуудын тайлбар зэргээс харахад нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг буцаан авахдаа ямар нэгэн данс болон баримт үйлддэггүй байсан бөгөөд мөнгийг бэлэн авдаг байсан болох нь тогтоогддог. Мөн нэхэмжлэгчийн зээлийн гэрээ гэх нотлох баримтад нэхэмжлэгч нь сайн дураараа зээлийн төлөлт хэмээн тэмдэглэлийг үйлдсэн байдаг. Гэтэл шүүх ямар нотлох баримтад үндэслэн зээлийн эргэн төлөлт хийсэн хугацаа, болон зээлээс хэдэн төгрөгийг буцаан төлсөн талаар болон хариуцагчийг 1 740 000 төгрөг төлөх үүрэг үүссэн хэмээн дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн мөнгийг хэн, хэрхэн төлж байсан талаарх нотлох баримт хэргийн оролцогч нарын хэнд нь ч байдаггүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйгээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна. Үүнээс гадна Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл байдал үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтоох тусгай зарчим зөрчигдсөн, шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Г Д” БГБХН нь хариуцагч Ч.Чаас зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, 6 792 000 төгрөгийг буцаан төлсөн, илүү 1 492 000 төгрөг төлснийг нэхэмжлэгчээс  гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

            Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан 425 а дугаартай зээлийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн үйл баримтын тухайд  маргаангүй бөгөөд талуудад зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээрх 425а тоот гэрээний хугацааг сунгасан гэх тэмдэглэлд зээлдэгч тал гарын үсэг зураагүй байхад талууд харилцан тохиролцож хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй тул 1 сараас илүү хугацааны хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдсан тул 2014 оны 10 дугаар сард төлсөн  1 440 000 төгрөгийг зээлийн үндсэн үүргээс хасах нь зүйтэй, хүлээн авсан 1 440 000 төгрөгийг хүүд тооцно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

            Хариуцагч Ч.Чаас зээлийн төлбөр төлснийг нотолно гэж өөрийн харилцах дансны 5 216 000 төгрөгийн зарлагын баримтыг шүүхэд гаргасан боловч уг баримтаар нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан нь нотлогдохгүй байна. 

Иймд хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Мөн зээлийн гэрээнд хөөрөг барьцаалсан агуулга тусгагдаагүй, харин “итгэлцлээр” гэж тэмдэглэгдсэн байх тул зээлийн төлбөрийг төлөөд барьцааны зүйл болох хөөргөө буцаан авсан гэх хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн үнэн зөв тайлбар гэж үзэх боломжгүй байна.

Дээрхээс дүгнэвэл шүүх 1 440 000 төгрөгийг 425а тоот гэрээний нийт үүрэг болох 3 180 000 төгрөгөөс хасч, 1 740 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Харин 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 552 дугаартай зээлийн гэрээ нь  Л.Цэвэлмаа, Ч.Ч нарын хооронд байгуулагдсан, “Гурвандаваа” БГБХН-г гэрээний тал гэж үзэхээргүй байх тул шүүх  тус нөхөрлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3 260 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн Л.Цэвэлмаад холбогдуулан гаргасан 1 492 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчихгүй бөгөөд 552 тоот гэрээний үүргийг жич шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/02369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ