Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 4-р багт оршин суух, Д овогт Б.Б-н хүсэлттэй, 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б, гэрч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие нь 1976 онд цэрэгт яваад 1979 онд халагдаж ирээд 07 дугаар сарын 01-нээс Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд адуучнаар ажиллаж эхэлсэн. 1980 оноос гэж андуурсан байна лээ. Уг нэгдэл хувьд гартал 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ямаачнаар ажиллаж байсан. Одоо ч малаа маллаж байна. Нэгдлийн боловсон хүчний сейф шатаж миний бичиг баримт үрэгдсэн, нэгдэл Мандах хайрхан хоршоо болж өөрчлөгдөн архивт өгсөн цалингийн баримт дутуу байгаа тул 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд адуучин, ямаачнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 1980 оны 03 дугаар сараас 1993 оны 01 дүгээр сар хүртэлх цалингийн тодорхойлолт, гэрч С.М, Б.Д, Д.Б нарын тодорхойлолт, гэрч Б.Д-н мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Б-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Б.Б-г 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Амьдралын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.Н