Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар      2022/ШЦТ/1257

 

 

 

 

 

 

 

 

   2022           10           11                                      2022/ШЦТ/1257

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц

           улсын яллагч Ж.С

            шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............. дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр цэргийн ангийн 1-59 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Э маргалдаж дайрах үед тэднийг болиулахаар дундуур нь орж Ж.Д хоёр гарыг барьж авсан хүү Э.Д зүүн талын гарын урд хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас Э.Д эрүүл мэндэд “зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн байна.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Д хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Д “... зүйлчлэл дээр хэлэх зүйлгүй” гэсэн санал дүгнэлтүүдийг гаргав.

 

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд,

шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр цэргийн ангийн 1-59 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхдаа эхнэр Х.Э маргалдаж дайрах үед тэдний дундуур орж болиулахаар  хоёр гарыг барьж авсан хүү Э.Д зүүн талын гарын урд хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь нотлогдсон байна. Тодруулбал, уг үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл: нөхөр Д нь хүү Д зодож гарыг хугалсан” тухай (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

2. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Т 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр Цэргийн ангийн 1-59 тоотод “Хурдан хүрээд ир, хүн амины хэрэг гарах нь байна” гэх дуудлагыг шалгаад төрсөн хүү Д зодож хурууг нь хугалсан... аав Д олж Дуулгат-120-д эрүүлжүүлэв...” гэсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал),

 

3. Насанд хүрээгүй хохирогч Э.Д “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би эмээгийндээ байж байтал манай найз М над руу залгаад танай аав чинь гэртээ агсам тавиад байна гэхээр нь би эмээгийн гэрээс 15 цагийн үед гараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 0119 дүгээр цэргийн ангийн 1-59 тоотод /манайх хашаандаа гэр дэлгүүр хоёртой юм/ дэлгүүр лүү орсон чинь тооны машин зэрэг эд зүйл хагарсан байхаар нь гэр лүү яваад ортол аав Д орон дээр суучихсан согтуу “та нарыг би бүгдийг нь ална” гэхээр нь би аав Д та яагаад байгаа юм бэ гэсэн чинь “чи муу шээс минь ойрд болохгүй байгаа шүү, би чамайг ална шүү” гэсэн. Тэгээд гэрт бас эд зүйл газраар шидсэн байхаар нь цэвэрлээд байж байтал манай аав босох ирээд ээж Э руу дайраад байхаар нь би дундуур нь ороод аав Д 2 гарыг бариад авсан чинь аав хоёр гараа сугалж гаргаж ирээд миний зүүн гарын нударга хэсэг рүү манай аав Д гараараа нэг удаа хүчтэй цохисон чинь миний зүүн гар өвдөөд эхэлсэн, тэгээд харсан чинь миний зүүн гарын нударга хэсгийн үе хойшоо болчихсон байхаар нь ээжид хэлтэл Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд миний гарыг үзүүлээд боолгосон. Гараа боолгочхоод гэртээ хариад байж байтал манай аав Д унтаад босож ирээд байж байхаар нь би аав Д хандаж “би таныг олон удаа тэвчиж байгаа шүү” гэсэн чинь аав Д босож ирээд “чи намайг тэвчдэг хэн юм бэ” гээд над руу дайрахаар нь би гэрээс гараад зугтсан... Тэр үед аав ээжийг цохиж зодоогүй... Аав Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээрээ гэрт агсам тавиад гэрийнхээ эд зүйлийг эвдээд байдаг. Би аав Д дотно харьцаад байдаггүй. Би ихэнхдээ эмээгийндээ оччихдог. Өмнө нь манай аав Д нь 1-2 удаа гэрийнхээ эд зүйлийг эвдэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8, 9 дэх тал),

 

4. Гэрч Х.Э “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Д 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг ганцаараа уусан ба.. архиндаа согтоод би эрх чөлөөтэй баймаар байна гээд агсраад над руу дайраад байхаар нь манай хүү Д бид хоёрын голоор орсон чинь манай нөхөр Д хүү Д зүүн гар луу нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь манай хүү Д зүүн гар нь гэмтчихсэн. ... Манай нөхөр Д намайг болон манай хүү Д бид хоёрыг  өмнө цохиж зодож байгаагүй... Хааяа бид хоёрыг хэл амаар доромжлоод гэрийнхээ эд зүйлийг эвдээд айлгаад байдаг. Манай хүү Д төрсөн эцэг нь Д байгаа юм. Тухайн үед төрсний дараа бичиг баримт нь болоогүй учраас надаар овоглож байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9911 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Д биед зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гараар түлж дарж, дарагдаж унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 65-70 дахь тал),

 

7. Дуудлага, мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 75 дахь тал),

 

8. Яллагдагч Ж.Д “...Уг зүйл ангитай холбоотой гомдол санал надад байхгүй. Би өөрийн хийсэн үйлдlээ хүлээн зөвшөөрч байна... манай эхнэр Э намайг 3одоо битгий гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бай, одоо болно” гэхээр нь би эхнэр Э “чамд хамаагүй, би өөрөө мэдэж байна” гээд маргалдсан чинь манай хүү Дэлгэрмөрөн эхнэр Э бид хоёрын голоор орж ирээд миний гараас бариад авахаар нь би хүү Д зүүн гар луу нь гараараа 1 удаа цохисон чинь манай хүү Д “миний гар гэмтчихлээ” гээд уйлсан... Тэр үед хүү Д биед учирсан гэмтлийг би тухайн үед зүүн гар руу нь гараараа 1 удаа цохиж учруулсан... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэргээр тогтоогдсон байна.

 

Хохирогч Э.Д нь 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, одоо 15 настай хүүхэд болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. (хавтаст хэргийн 76 дахь тал)

 

Хүүхэд бүр хайр халамжийг хүртэх, дээд эрх ашгаа хамгаалуулах, эцэг эхээрээ өсгөн хүмүүжүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхтэй. Энэ эрх нь хуулиар хамгаалагдсан. Тухайлбал,

Хүүхдийн эрхийн Конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж, 3 дугаар зүйлд  “нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж, 7 дугаар зүйл “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ” гэж заасан, Монгол улсын Үндсэн хуулийн арван долоодугаар  зүйлд биелүүлбэл зохих үндсэн үүрэг болон журамт үүргийг хуульчилж өгсөн ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан.

Мөн хүүхэд аливаа хүчирхийллээс ангид байж, хамгаалагдсан байх ёстой.  Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад "хүүхдийн эсрэг хүчирхийлэл" гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамтыг” ойлгохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна” гэж, 5.4-д “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Гэтэл шүүгдэгч Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл үе үе хэрэглэдэг, энэ үедээ гэр орондоо агсам тавьж, эд хөрөнгөө авч шидэлж гэмтээхээс гадна өөрийн эхнэр, үр хүүхэд рүү дайрч айлгадаг байх бөгөөд түүний энэ байдал амьдралд нь хэвшил болсон шинжтэй байна. Хэрэг гардаг тухайн өдөр  мөн л эхнэр лүүгээ дайрах үед тэдний хүүхэд болох Э.Д нь түүний энэхүү агсам үйлдлийг таслан зогсоож салгах гэж оролдох үед уурлан зүүн гар луу цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон.

Түүнчлэн насанд хүрээгүй Э.Д мэдүүлэгт “эцгийнхээ олон удаагийн үйлдлийг тэвчиж байгаа, эцэгтэйгээ дотно харилцдаггүй” гэсэн агуулга харагдаж байгаагаас харвал, шүүгдэгч Ж.Д нь өөрийн төрсөн хүүхэд болох насанд хүрээгүй өсвөр насны, төлөвлөө олох гэж буй Э.Д эцэг хүний хувьд харилцаж, санаа бодлоо солилцох, хүүхдийнхээ юу сонирхдог, хүүхдээ сонсдог нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хүүхдээсээ хөндий байдаг төдийгүй “шээс минь чи ингэх болоогүй, ална шүү, чи намайг тэсдэг хэн юм гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилж харьцсан ба бие махбодид нь халдаж гэмтэл учруулсан, улмаар гэмтэл учруулсан гэдээ мэдсээр байж дахин дайрсан байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл,

шүүгдэгч нь нэг бус нилээн хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж үзэхээр байна. Учир нь, Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь дан ганц бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд мөн сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл ...гэх мэт хэлбэрээр үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ж.Д нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэж, ухамсарласан ч түүнийг  хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч Ж.Д тус хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Дэ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөгч нараас нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох” тухай дүгнэлтийг,  

Шүүгдэгч Ж.Д “...надад оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч Ж.Д үйлдэлд Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний архины зүй бус хэрэглээ, архи хэрэглэсэн үедээ гаргадаг зан араншин зэргээс хамааралтайгаар үйлдэгдсэн, хүүхдийн эрх зөрчигдөж гэмт хэргийн хохирогч болсон, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, буй нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй шүүгдэгч Ж.Д хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд улсын яллагч, шүүгдэгч нараас гаргасан “тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ