Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 173

 

   Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шүүгч Г.Сарантуяа, А.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, Москва  хороолол 0-00 тоотод оршин суух Тайж овогт ******* *******,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 0-000 тоотод оршин суух Зурынхан овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон 3 дугаар багт оршин суух Илжгэн овогт ******* *******-т холбогдох гэм хорын хохиролд******* 1772215 төгрөг, ******* 3370000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү иргэдийн төлөөлөгч Р.Наранханд, Ч.Отгон, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2018 оны 06 сарын 06-ны 22 цагийн орчимд Ниссан Тида 8290 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Дархан өнгөрөөд дэржигнүүртэй зам өнгөрөөд явж байтал энэ хүн өөдөөс урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тухайн үед энэ хүн шал согтуу байсан. Цагдаа ирээд жолооных нь араас гаргахад хөл дээрээ тогтох чадваргүй байсан. Юу болсныг ойлгоогүй. Машинаа журмын хашаанд хийгээд цагдаад мэдүүлэг өгөөд хохирлын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээн дээрээ тохиролцоогүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохоор машиныхаа хохирол дээр тохиролцъё гэсэн боловч тохиролцоогүй. Би одоо 1.772.215 төгрөг нэхэмжилж байгаа. Надад машины хохиролд 3.200.000 төгрөг, эмчилгээний зардалд 300.000 төгрөг ирсэн. Эмчилгээний зардалд тэр мөнгө нь юу ч болоогүй. Машинаа журмын хашаанаас өөрөө хувь хүнтэй тохиролцож хот руу оруулсан гэв.

Журмын хашааны төлбөр 102.000 төгрөг надад хамаагүй гэж хэллээ. Яагаад хамаагүй гэж. Энэ хүнээс л болж миний машин журмын хашаанд орсон шүү дээ. Над руу утасдаж машинаа ав гэж байна гэж хэлээгүй. Над руу залгаагүй. Би машинаа авмаар байна танд таньж мэдэх хүн байна уу? Хэдэн төгрөгөөр ачуулах чинь надад хамаагүй. Хот руу л оруулаад өг гэж хэлэхэд би хүнээс асууя гээд дараа нь залгаад миний таньдаг хүн завгүй гэж байна. Өөрөө ачуулаад ав гэж хэлсэн. Даваадэлгэр ах намайг манай эхнэр рүү ярьж байгаад машинаа ачуулчих гэж хэлсэн. Би Эрдэнэтээс гараад Хөтөлд ирэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэгэхэд Мянганбаяр гэдэг цагдаа эндээс ачих машин олддоггүй юм гэж хэлсэн. Тэгэхэд би шал дэмий ирээд л буцсан. Би 06 сарын 26-ны өдөр Тоёота Харриер машин худалдаж авсан. Миний нааш цааш явсан зардал энэ машинд хийгдсэн бензиний зардлууд орсон байгаа. Би ганцхан Хөтөл орсон зардлаа л нэхэмжилсэн. Өөр тийшээ явсан бензиний зардал нэхэмжлээгүй. Машинаа 500.000 төгрөгөөр тохиролцож ачуулаад явсан. Ачилтын газар руу ярьж үзсэн боловч км-ээр нь тооцдог гээд бараг нэг сая гаруй төгрөг болохоор байхаар нь хувь хүнтэй тохиролцсон. Хувь хүмүүсийн тариф угаасаа тийм л байдаг юм байна лээ. Эмчилгээний дардал 436.000 төгрөг нь зөвхөн шинжилгээ өгсөн баримтууд л байгаа. Эмчилгээ хийлгүүлэхдээ зарцуулсан мөнгөний баримтуудаа өгөөгүй байгаа. Бариа засал хийлгэсэн ч гэсэн тийм баримт байхгүй учраас авч чадаагүй. Би мөнгөө өөрөөсөө гаргаж бариа хийлгэж байсан. Бүх баримттай зардал нь 1.772.215 төгрөг болж байгаа гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 06 сарын 06-ны өдөр дүүтэйгээ хамт Улаанбаатараас Эрдэнэт орохоор явж байсан. Номгон орох замд гэнэт нэг машин урсгал сөрж орж ирээд л мөргөсөн. Манай машин хойшоогоо 30-40 м ухарсан байсан. Өгсүүр зам байсан. Даваад уруудахад гэнэт гэрэл орж ирээд мөргөсөн. Манай дүү тормс гишгээд зогсохгүй байна гэж байгаад арай гэж зогссон. Тэгээд байж байтал Номгоны цагдаа ирсэн. Дараа нь түргэн ирээд Дархан оруулж өгье гэхээр нь Дарханд таних мэдэх хүн байхгүй гээд тэндээ үлдээд байж байгаад Хөтөл орж ирээд эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлж байхад би маш их огиод байсан. Шар ногоон юмаар огиод хэвлийгээр өвдөөд болохгүй байсан. Өглөө нь 9 цагт цагдаа дээр бэлэн бай гэсэн болохоор нь очиж мэдүүлэг өгсөн. Тэгэхэд Даваадэлгэр гэдэг хүн ирэхгүй байж байгаад 14 цагийн үед нэлээн халамцуухан орж ирсэн. Тэгээд тохиролцъё гээд байхаар нь тохиролцчих юм байна гэж бодоод бид хэд Эрдэнэт ороод Мэдипас гэдэг эмнэлэгт очоод томографт харуулсан. Би өмнө нь цөсний чулуу авхуулсан байсан юм. Намайг цөсний ерөнхий суваг өргөссөн байна. Заавал MRCP шинжилгээ хийлгэ гэсэн. Би цөснийхөө хүүдийг авхуулсан байсан ч гэсэн би цөснийхөө цоргонд чулуутай болсон байсан юм байна лээ. Тэр чулуу нь доргилтын улмаас задраад элэгний сувагт 0,4см хэмжээтэй чулуу байна. Хаа сайгүй чулуу нь тарсан байна гэж хэлсэн. Би 06 сарын 22-ны өдөр хагалгаанд ороход миний бүх бие ногоорсон байсан ба гэдэс доторх элэг сэмж бүгдийг нь гаргаж цэвэрлэсэн гэж надад хэлсэн. Би дөрвөн хоног эмнэлэгт дуслаар хооллож ус ч уулгүй байсан. Миний элгэн дэх сувгаа би 3,6 сар болоод хянуулж байгаа хэрвээ тэр нь хүндрээд байвал элэгний 60-70 хувийг тайруулна гэсэн. Бид хоёр хуулийн зөвлөгөө авахад зөвхөн нотлох баримттай мөнгийг л нэхэмжилнэ гэж хэлсэн болохоор хагалгаанд орсон, эмнэлэгт хэвтсэн мөнгө нэхэмжлээгүй. Би хувиаараа оёдлын газраа түрээсэлж ажиллуулдаг байсан. Ачаалалтай ажиллавал дархлаа сулраад оёдол нь задрах аюултай. Тийм болохоор педаль дээр гишгэхээр доргилт өгөх учраас ажил хийж болохгүй гэсэн эмчийн заалттайгаар 10 сарын 01 хүртэл ажил эрхлээгүй. Амьдралын шаардлагаар хоёр оюутан хүүхэдтэй болохоор 10 сарын 01-нээс ажлаа эрхэлж эхэлсэн. Тэр хугацаанд би ажил огт ажил эрхлээгүй. Эмчилгээний зардалд Даваадэлгэр гэдэг хүнээс 800.000 төгрөг л авсан. Нотлох баримттайгаар 3.370.000 төгрөг нэхэмжилж байгаа ч гэсэн би дахиад хагалгаанд орох магадлалтай байгаа учраас нэхэмжлэлээ өсгөж 10-20.000.000 төгрөг болгож өсгөх бодолтой байна. Энэ зардалд наашаа цаашаа явсан бензиний зардал, Эрдэнэтэд очиж Мэдипас дээр зураг авхуулсан зардал 208.000 төгрөг, эход харуулсан зардал орсон. Мөн шүүх эмнэлгийн хариун дээр элэгний сувгандаа чулуутай гэсэн байхад хүнд гэмтэл учраагүй гэсэн хариу гарсан байсан. Тэрний дараа би доошоогоо маш их цус алдаж эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсний зардал бас байгаа. Хагалгаанд орохын өмнө MRCP шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд би шинжилгээнд орсон. Энэ нь 290.000 төгрөг болсон. Мөн толгой маш их өвдөж байсан тул толгойныхоо зургийг авхуулсан нь 290.000 төгрөг болсон. Мөн наадам дөхсөн байсан болохоор хувцасны захиалга нэлээд их авсан байсан. Тэр ажлуудаа би буцаасан тул 7 сард орох байсан орлогоо нэхэмжилсэн байгаа гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн буруутай үйлдлээс болж гарсан ослынхоо хор уршгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 06 сарын 08-ны өдөр зээл авч Эрдэнэцэцэгт 300.000 төгрөг, 07 сард 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Мөнхтулгад эмчилгээний зардал болон замын зардалд 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Зам тээврийн ослын улмаас Мөнхтулгын биед хөнгөн гэмтэл учирсан. Тиймээс ийм удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдаж ажил эрхлээгүй гэдэгт эргэлзэж байна. Мөн Эрдэнэцэцэг Сайхан сумаас Улаанбаатар хүртэл машин ачуулсан 500.000 төгрөг, шатахууны зардал 537.515 төгрөг, эмчилгээнд 436.000 төгрөг, бусад зардалд 143.000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машин нь журмын хашаанд байсан 102.000 төгрөг нь миний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой бус тул энэ зардлыг би бүхэлд нь хариуцахгүй гэж үзэж байна. Би өөрийн машинаа авахдаа машиныг чинь хүрэх газар чинь хүргээд өгье гэхэд өөрөө ирээгүй. Би хотод эмнэлэгт хэвтэж байхад машинаа авмаар байна гэж ярьсан. Тэгэхээр нь би чамайг хүргээд өгье гэж хэлсэн шүү дээ гэхэд би машинаа ганцхан хүнээр л засуулдаг тэр хүнээсээ асууна гэсэн. Үнэлгээг би гаргуулаагүй. Байцаагч дээр ирээд үнэлгээ зөв байна уу гэхэд буруу гарсан байна гээд өөрсдөө 300.000 төгрөг нэмүүлж гаргуулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:           

            Нэхэмжлэгч******* нь эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.772.215 төгрөг, нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин, замын зардал нийт 3.370.000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч ******* зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч*******т эхлээд 300.000 төгрөг, дараа нь 3.200.000 төгрөг нийт 3.500.000 төгрөг, нэхэмжлэгч *******д эмчилгээний болон замын зардалд 800.000 төгрөг өгсөн. ******* ослын улмаас биед нь хөнгөн гэмтэл учирсан боловч удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдаж ажил эрхлээгүй гэдэгт эргэлзэж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хариуцагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасаны улмаас*******ийн жолоодож явсан Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан П.Мөнхтулгын биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0020015 тоот шийтгэлийн хуудас, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн П.Мөнхтулгын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагч  *******ийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн  3.1-т заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Х.Мянганбаярын  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  0020015 тоот шийтгэлийн хуудсаар нотлогдож  байна.

Иймд ******* нь зөрчлийн хэргийн улмаас иргэн*******ийн эд хөрөнгөнд, П.Мөнхтулгын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар зэргээс дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч******* нь автомашины хохиролд 3.553.700 төгрөг, машин ачуулсан хөлс 500.000 төгрөг, журмын хашааны торгуульд төлсөн 102.000 төгрөг, эмчилгээний зардалд 436.000 төгрөг, унааны зардалд 537.515 төгрөг, бусад зардад 143000 төгрөг нийт 5.162.215 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч *******ийн өгсөн 3.500.000 төгрөгийг хасч, одоо үлдэгдэл 1.772.215 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Үүнээс –автомашинд учирсан хохиролын үнэлгээний зөрүү 53.700 төгрөг  /машины хохирлын үнэлгээ 3.553.700 төгрөг- 3.500.000 төгрөг 
= 53700  төгрөг хх-15/ өгсөн/

-Автомашин ачуулсаны хөлс  500.000 төгрөг /хх-ийн 12-13 хуудас/,

-Журмын хашааны торгуульд төлсөн  102.000 төгрөг /хх-ийн 29 хуудас/,

-Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргуулсаны төлбөр 8000 төгрөг /хх-ийн 25 хуудас/,

-Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 15.000 төгрөг /хх-ийн 30 хуудас/

-Бензин, шатахууны зардал 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу осол гарсан өдрөөс зөрчлийн хэрэг шийдвэрлэж дууссан өдөр хүртэлх 27.272 төгрөг /хх-ийн 33 хуудас/, 15.000 төгрөг /хх-ийн 34 хуудас/, 30.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр машинаа ачуулахад гарсан зардал 110.015 төгрөг /хх-ийн 31 хуудас/, 2018 оны 11 сарын 22, 30-ны өдөр шүүхэд ирсэн шатахууны зардал 50000+51000=101.000 төгрөг, бүгд 283.287 төгрөг нийт нотлох баримтын шаардлага хангасан 961.987 төгрөг болж байна. Иймд хариуцагч *******ээс 961.987 төгрөг /53700+500.000+102.000+8000+15000+283.287=961.987/ төгрөг гаргуулж  нэхэмжлэгч*******т олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч*******ийн биед  эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд зарцуулсан 428.000 төгрөгийг гэмтлийн зэрэг тогтоогдоогүй үндэслэлээр /хх-ийн 26-28 хуудас /,

- Вендо ХХК-аар автомашины үнэлгээг сайн дураараа тогтоолгосон 98.000 төгрөгийг эрх бүхий байгуулагын шийдвэрээр шинжээч томилоогүй, шинжээчид хууль сануулаагүй үндэслэлээр /хх-ийн 22-23 хуудас/,

-Автомашины оношлогоо 45.000 төгрөг /хх-ийн 24 хуудас/,

-Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын 15.000 төгрөгийг Баярсайхан, ФД64060328 гэсэн хэрэгт хамааралгүй хүнийх гэх үндэслэлээр /хх-ийн 30 хуудас /

-Зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэхэд Цагдаагийн байгууллагад ирж, очсон гэдэг нь нотлогдохгүй, хэдэн төгрөгний баримт болох, он сар өдөр нь тодорхойгүй 50.000 төгрөг, 60.000 төгрөг /хх-ийн 31 хуудас/, 20.000 төгрөг, 20.000 төгрөг /хх-ийн 32 хуудас/, 5000 төгрөг /хх-ийн 34 хуудас/, 60.000 төгрөг /хх-ийн 35 хуудас / нийт 215.000 төгрөг,

-Хөтөл захаас хүнсний зүйл авсан 7.100 төгрөг нь гэм хорын хохиролд хамаарахгүй байх тул нийт 810.228 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.      /428.000+98.000+45.000+15.000+215.000+7100=810.228 төгрөг /

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр осолд орж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэл ажлаа хийгээгүй ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 3.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.070.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг, нийт 4.170.000 төгрөг нэхэмжилжээ.  Нэхэмжлэлийн шаардлага болох 4.170.000 төгрөгөөс хариуцагч *******ийн өгсөн гэх  800.000 төгрөгийг хасч, нийт 3.370.000 төгрөг нэхэмжилж байна.  

Эмчилгээний зардалд 1.070.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдож байгаа 881.000 төгрөг байна. Үүнд :Төгөл эмнэлэг 35.000 төгрөг /хх-38 хуудас/, MED TRAUMA эмнэлэг толгойн МRI 290.000, элэг, цөс, нойр булчирхай МRI 300.000 төгрөг /хх-42-43 хуудас/, МЕДИПАС эмнэлэг хэвлийн эмэгтэйчүүд 40.000 төгрөг, компьютер томограф 208.000 төгрөг /хх-45 хуудас/, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8000 төгрөг /хх-45 хуудас/ төгрөг зэрэг болно. Энэ 881.800 төгрөгөөс хариуцагч *******ийн урьдчилан өгсөн 800.000 төгрөгийг хасч зөрүү 81.000 төгрөг, бензин шатахууны 100.000 төгрөг нийт 181.000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж *******д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хийгээгүй гэх боловч гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдоогүй, сард хэдэн төгрөгний орлого олдог, хэдэн төгрөгний татвар төлдөг нь тодорхойгүй тул олох ёстой байсан орлого 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлогдохгүй байна.

Мөн хэргийн 44-р хуудаст авагдсан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бараа, шинжилгээ гэсэн 90.000 төгрөгний баримт нь хэний, ямар шинжилгээ болох нь тодорхойгүй, мөн нотлох баримтгүй нэхэмжилсэн 99.000 төгрөг нийт 3.189.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.305 төгрөг, П.Мөнхтулгын 68.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 27.638 төгрөг гаргуулж*******т, 6.080 төгрөг гаргуулж *******д тус тус олгох нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******ээс 961.987 төгрөгийг гаргуулан*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 810.228 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар *******ээс 181.000 төгрөгийг гаргуулан *******д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 3.189.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.305 төгрөг, П.Мөнхтулгын 68.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 27.638 төгрөг гаргуулж*******т, 6.080 төгрөг гаргуулж *******д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                        ШҮҮГЧИД                          Г.САРАНТУЯА

                                                 А.НАРАНТУЯА