Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1258

 

 

 

 

 

 

 

 

2022           10           11                                          2022/ШЦТ/1258

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,

           улсын яллагч Ж.С (томилолт),

            шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001439 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.О 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-37б тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.А хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан П.А нүүрэн тус газар нь халуунаа барьдаг төмөр савар цохиж, зүүн дал, нуруу, баруун гарын дунд хурууг хазах, цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, эрүү, баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий нуруунд хазагдсан шарх, баруун дунд хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор булан, хоёр мөр, зүүн дал, баруун бугалга, тохой, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч нь манай хамтран амьдрагчтай муудалцаад цохиод байсан тул өмөөрөөд ийм асуудал гаргасан. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-37б тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Ш, хохирогч П.А нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчаа иргэн П.А өмөөрч П.А нүүрэн тус газар нь халуунаа барьдаг төмөр савар цохиж, зүүн дал, нуруу, баруун гарын дунд хурууг хазах, цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, эрүү, баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий нуруунд хазагдсан шарх, баруун дунд хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор булан, хоёр мөр, зүүн дал, баруун бугалга, тохой, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч П.А “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн  үед найзууд  болох О, О, М нарын хамтаар  караоке орж  архи согтууруулах ундааны зүйл  хэрэглээд  2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед Он нөхөр бололтой залуу хүрч ирсэн ба тэгээд хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байх Б.О гэрт очиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би Б.Отай маргалдаад эхэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн тул юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Тэгсэн чинь намайг Б.О түлхэж унагаад миний нүүр хэсэг рүү нэг төмөр саваар цохиж авахаар нь би тэр савыг авах гээд Б.Отай барьцалдаж автал О миний гар болон нуруу хэсгээс хазсан. Тэр үед миний нүүр хавдаж хөхөрсөн, бас гар, нуруу, хэвлий хэсгээр шалбарсан хөндүүртэй байсан.  Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7,10 дахь тал),

 

2. Гэрч Б.Ш “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан тул архиндаа согтсон, болсон асуудлыг сайн санахгүй, орон гаран санаад байгаа юм. Тэр үед миний зүүн нүд хэсгийн орчим бага зэрэг хавдчихсан байсан ба  миний нүүр лүү  намайг согтуу байхад А  цохисон,  гэж О хэлсэн. Би хамтран амьдрагч Б.О юу болсон талаар асуухад чамайг П.А дээрэлхээд байхаар нь би чамайг өмөөрөөд П.А цохичихсон юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11414 дугаартай “...1.П.А биед баруун хөмсөг, эрүү, баруун чамархайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, бүсэлхий нуруунд хазагдсан шарх, баруун дунд хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний дотор булан, хоёр мөр, зүүн дал, баруун бугалга, тохой, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хазах, цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

4. Шүүгдэгч Б.О: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд манай ажлын газрын найзууд болох П.А, О /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ нартай хамт караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2022 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө 03 цагийн үед би өөрийн хамтран амьдрагч Шыг хүрч ирээд авчих гээд дуудсан ба тэгээд би хамтран амьдрагч Ш, О, П.А Б нартай хамт манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 2-376 тоотод дагуулж очоод хамтран амьдрагч Ш, О, А, Б нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад О, Б, Ш нар архиндаа согтоод унтаад өгсөн. Би тухайн үед бага зэргийн согтолттой байсан ба А архиндаа согтчихоод намайг хэл амаар доромжлоод гичий авгай гэх мэтээр хараагаад байхаар би А хандаж чи одоо хүний гэрт ирчхээд юундаа томроод хэл амаар доромжлоод байгаа юм бэ гээд П.А маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь П.А манай хамтран амьдрагчийг архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байхад нь ямар ч шалтгаангүйгээр гараараа цохиод байхаар нь би болиулах гээд П.А бариад авсан чинь П.А миний хөл рүү хөлөөрөө 1 удаа өшиглөөд авахаар нь би П.А хойш нь гараараа түлхээд унагаасан, тэгээд халуунаа барьдаг 1 литрийн төмөр саваар нүүр лүү нь 1 удаа цохиод авсан, мөн зууралдаж байхдаа нуруу хэсгээс нь хазсан. Тэгсэн чинь удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Хажуу айлын хүмүүс цагдаа дуудсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Б.О бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.А маргалдаж бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан байна.

Ингэхдээ тэрээр өөрийн хамтран амьдрагч Б.Шыг хохирогч П.А нь дээрэлхэж цохиж аваад байсан тул өмөөрч, иргэн П.Аийг цохиж, хазаж гэмтээсэн гэдгээ үгүйсгээгүй ба гэрч Б.Шын мэдүүлгээр маргааш өглөө босоход түүний зүүн нүд хэсгийн орчим бага зэрэг хавдчихсан байсан гэдгийг мэдүүлсэн, мөн  2022  оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 11517 дугаар шинжээчийн дүгнэлтэд Б.Ш-ын биед “... зүүн зовхи, баруун бугалга, тохойнд цус хуралт, зүүн тохой, зүүн дал, нуруу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгааг дурдсанаас үзвэл, иргэн П.А нь архи уусан тухайн үедээ гэрч Б.Ш-ын биед халдсан болохыг үгүйсгэхээргүй байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч Б.О нь өөрийн хамтран амьдрагчаа өмөөрч буйг буруутгах үндэслэлгүй боловч хүчирхийллийг хүчирхийллийн аргаар шийдсэн байдлыг зөвтгөх боломжгүй, улмаар түүний хохирогчийн эрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч П.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Г.Э нь “...Б.Одмандах нь гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа, төлөх төлбөргүй байна. Б.О нь бага насны хүүхдүүдтэй ба  хамгийн бага нь ой гарантай, том нь 6 настай. Мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгаа зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.О-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх /хохирогч хохирол нэхэмжлээгүйг “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй/ болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй холбоотой үүссэн, тэрээр хоолны халуун саваар хүний нүүр лүү цохисон, мөн удаа дараа хазаж байгаа үйлдэл нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч Б.О-ын хувийн байдал  /цэцэрлэгийн багш ажилтай буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай, түүний цалин хөлс орлогын хэмжээ, бага насны хүүхдүүдтэй/ зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон ялын хэмжээг бууруулан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн тул  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан  торгох ялыг доод хэмжээгээр нь оногдуулах тухай хүсэлтийг хүлээн авч хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ