Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1259

 

 

 

 

 

 

 

 

2022           10            11                                         2022/ШЦТ/1259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолт/,

            шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................ дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 399 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ял шийтгэж, 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 10 дугар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро төвийн орчимд иргэн  Ц.Ц үл ялих зүйлээр шалтаглан түлхэн унагааж, биед зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн орчимд хохирогч П. маргалдан түлхэж унагааснаас үүдэн П.Ц-ын биед зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч П.Ц “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  өөрийн 14 настай хүүхэд болох Б-ыг хайгаад Шөлөндө хоолны  газрын хажуу талаар явж байтал архи хэрэглэсэн байдалтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн  гарч ирсэн.  Тэдний  нэг нь  миний  зүс таних  Д буюу д гэдэг хүүхэн  байсан болохоор нь  өөрийн хүүхдээ энэ хавиар  тааралдсан уу  гэж асуухад  эрэгтэй нь “чи миний  эхнэрийг  дуудаж юм асуудаг хэн юм бэ гээд  хэл амаар  доромжлохоор нь  согтуу хүнтэй юу ярьдаг юм гэж бодоод  байж байтал янхан минь  гэж хэлсэн. Тэгэхээр нь би  чи над шиг янхан харсан юм уу  гэж хэлэхэд Саппорогоор дүүрэн байна гэж хэлсэн. Тэгээд миний  баруун гарын  хуруунаас  татаж  угзарч  газарт унагаагаад  хэд хэдэн удаа үснээс зулгааж байгаад  толгойгоор  хана мөргүүлж,  улмаар миний  зүүн гар луу  хөлөөрөө өшиглөчхөөд  зугтаад явчихсан.  Тэр үед Дгэх эмэгтэй хараад зогсож байсан. Би тэгээд тэр даруйд цагдаад дуудлага өгсөн. Би уг залууд зодуулснаас болж бариачаар 2 удаа  тус бүр нь 50.000 төгрөгөөр толгойгоо бариулсан,  эмийн сангаас 47,400 төгрөгийн  өвчин намдаах эм авсан, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

2. Гэрч Б.Д “..2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Б гэх залуутай тааралдаад хамт Шөлөндө  гэх хоолны  газрын хажуугаар явж байтал  зүс таних эмэгтэй болох  Ц хоолны газраас ганцаараа гарч ирээд  надаас “манай хүүхдийг  харсан уу” гэж асуугаад “чи  миний хүүхдийг дагуулаад орцоор  хоноод яваад байгаа гэж  сонслоо” гэж хэлээд  над руу орилж  хашхираад  байхаар нь  надтай хамт явсан Б нь “танай хүүхдийг яаж мэддэг юм бэ” гээд  хэлтэл “муу архичин, ялтан  минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь Б нь Цбаруун талаас нь түлхэхэд Ццементэн дээр зүүн талын гараараа газарт тулаад хүчтэй унасан. Тэр үед бид 3-с өөр хүн байгаагүй. Тэгээд Цнь  босож ирээд “чи миний биед гар хүрдэг хэн бэ одоо цагдаа дуудна” гээд орилж хашхираад байхаар нь би тэндээс түрүүлээд  явчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9032 дугаартай “..П.Ц биед зүүн гарын тохойн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид  ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

 4. Шүүгдэгч Н.Б: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв орчим найзуудтайгаа уулзах гээд явж байсан юм. Тэгтэл үл таних согтуу эмэгтэй орилж чарлаад элдэв янз болоод хүмүүс рүү чулуу авч шидээд байсан ба хүмүүсийг бол онож гэмтээсэн зүйл байхгүй. Тухайн үед би тэр орилж чарлаад байсан эмэгтэйд хандаж чи болиоч ээ, ганцаараа байгаа юмуу, болохгүй шүү дээ гэж хэлсэн тэгтэл тэр эмэгтэй над дээр ирээд над руу дайраад элдэв янз болоод намайг доромжлоод хараагаад байхаар нь яаж эмэгтэй хүн цохих вэ гэж бодоод тэр эмэгтэйг мөр лүү нь түлхсэн чинь тэр эмэгтэй газар унахдаа зүүн гарын тохойгоороо унаад тохойгоо гэмтээчих шиг болсон юм. Яг тэр үед тэр эмэгтэй босож ирээд улам орилоод намайг хэл амаар доромжлоод элдэв янз болоод байхаар нь орхиод явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Н.Б, хохирогч П.Ц нар нь хоорондоо харилцахдаа үл ялих зүйлээр шалтаглан бие биеэ доромжилсон өнгө аятай харилцсанаас үүдэн маргалдаж улмаар шүүгдэгч Н.Б нь хохирогч П.Ц түлхэж унагааснаас, хохирогч нь газар унахдаа зүүн гараараа тулж унан бие махбодид нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан  гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Б энэхүү үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр гэм буруутайд  тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч П.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Н.Б нь түүнд  155,400 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Б нь “...улсын яллагчийн дүгнэлтэй холбогдуулан хэлэх зүйлгүй” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Н.Б үйлдэлд учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, мөн шүүгдэгч Н.Б хувийн байдал /хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготойг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй, баруун гарын 3 хурууг тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэх/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 50-694 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б мэдэгдэж, шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 50-694 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 (хоёр) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ