Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1265

 

 

 

 

 

 

 

 

2022           10           11                                          2022/ШЦТ/1265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Г.Лхагвасүрэн,

            шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод хохирогч А.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүр, толгой, цээж, хэвлий хэсэгт нь цохиж дух, хэвлий, баруун өвдгөнд зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  тоот Г.М хашаан дотор өөрийнх нь нас барсан эгчийг элдвээр хэлсэн гэх шалтгаанаар хохирогч А.Б нүүр, толгой, цээж, хэвлий хэсэгт нь цохиж дух, хэвлий, баруун өвдгөнд зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:   

 

1. Хохирогч А.Б: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  ажил дээрээ байхад  Н болон М эхнэр Үнар намайг М дүү Аирээд аваадхаач, М дүүтэйгээ маргалдаад байна гэж дуудсан.Тэгээд би 18 цагийн үед  өөрийнхөө эгчийнхээ гэрээр орж  бага зэрэг пиво уучхаад  Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байх М гэрт очсон. Тэднийд очихдоо 1 ширхэг Боргио пиво авч очсон.  Тэгээд  буцаж гараад 00 орохдоо  хашаанд М  уулзаад  маргалдаж байхад Э нь орж ирээд намайг цохиж унагаасан. Тэр үед би М л унагаачихлаа гэж бодож мэдүүлэг өгсөн юм. Э гэх хүн миний гар болон хөл хэвлий хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиж зодсон. Миний биед учирсан гэмтлийг тэр залуу учруулсан. ...эмнэлгийн байгууллагад 300,000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт байхгүй. Би Сайхан  Булган хотхоны СӨХ-д лифтчин хийдэг, сарын цалин маань 800,000 төгрөг байгаа юм. Би дээрх зардлуудаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 19 дэх тал),

 

2. Гэрч Г.М: “...2022 оны 03  дугаар сарын 18-ны  өдөр  манайд танил дүү Э, араас нь хамт ажилладаг залуу Н орж ирсэн, тэгээд архи хуваагаад уугаад сууж байтал Б гэх  зүс таних эмэгтэй гаднаас орж ирэх гэхээр нь   би оруулахгүй гээд түлхээд гаргасан. Гэрээс гаргах үед  манай дүү А болон түүний найз  Н  нар байсан ба  “та нар явцгаа” гэж хэлээд  гэртээ ороод  гэрийнхээ хаалгыг хаагаад дотроос нь  түгжсэн. Тэгтэл Б нь гэрийн хаалгыг цохиж  гэрийн унь унагаасан, манай танил дүү Э “та яах гээд байгаа юм бэ” гээд гэрээс гарч хэрүүл болж хэрэлдэх үед Б нь нас барсан эгчийг нь элдвээр хэлсэн чинь Э нь гараараа 3-4 удаа Б цохиж унагаасан. Тэгэхэд нь би Э болиулсан ...Миний бие Б цохиж зодсон асуудал байхгүй. Харсан хүмүүс нь байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

 

3. Гэрч М.А: “...Манай нөхөр өмнө цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан удаа байхгүй. Танил ахынхаа гэрт нас барсан эгчийг нь элдвээр хэлээд байхаар нь согтуу эмэгтэйг цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

4. Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4871 дугаартай “...А.Б биед дух, хэвлий, баруун өвдгөнд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

5. Яллагдагч Т.Э: “...Б гэх эмэгтэйг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч А.Б болон шүүгдэгч Т.Э, гэрч Г.М нар нь тухайн үед хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан байх ба улмаар хохирогч А.Б нь шүүгдэгч Т.Э маргалдах явцдаа нас барсан эгчийг элдвээр хэлсэнтэй холбогдуулан Т.Э уурлан хохирогчийг хэд хэдэн удаа цохиж авсан болохыг шүүгдэгч Т.Э болон гэрч Г.М нар мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг агуулгын хувьд ижил байна.

Хэдийгээр хохирогч  болон шүүгдэгч нар нь маргалдах болсон шалтгааныг өөр өөр байдлаар мэдүүлсэн ч  хохирогч А.Б учирсан гэмтлийг шүүгдэгч Т.Э учруулсан гэх асуудал дээр хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлцгээсэн.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Т.Э зүгээс нас барсан эгчийгээ өмөөрсөн асуудал нь зүй ёсных байх авч энэ нь түүнийг бусдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, харин хохирогч А.Б хувьд нас барсан хүнийг янз бүрээр хэлж, Монгол хүний цээрлэвэл зохих зан үйлийг зөрчин зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Ийнхүү шүүгдэгч Т.Э үйлдлээс шалтгаалж хохирогч А.Б эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 Иймд шүүгдэгчийн бусдын биед халдан гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Э энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 300,000 төгрөг, дутуу авсан цалин хөлс гэж 800,000 төгрөг, нийт 1100,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

 Иймд хохирогч А.Б нь дээрх зардлаа нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч  Т.Э нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Э нь “... би тогтсон ажил эрхэлдэггүй боловч барилгын компани дээр очиж ажил хийж орлогождог тул торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан “хохирогчийн  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлээс үүдэн хохирогчид хөнгөн хохирол учирсан, төлсөн  хохиролгүй байдал, нөгөө талаас шүүгдэгч Т.Э нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог гэх боловч энэ талаар нотолсон, илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах зохимжгүй, боломжгүй, мөн түүний оршин суугаа хаяг тодорхой боловч хаагуур, ямар маршрутаар явдаг, зорчдог гэх мэт нөхцөл байдал, мэдээлэл тодорхой бус тул шүүгдэгчид Зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн оногдуулах боломжгүй гэж үзэн оногдуулаагүй, харин дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. хохирогч А.Б нь өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсантай холбогдон гарсан зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Э нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ