Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- У.Э-т холбогдох,

Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газар, хашааны үнээс 2.500.000 төгрөг,********** ГАҮ улсын дугаартай, HYUNDAI ACCENT маркийн автомашины үнэнд 3.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч У.Э, түүний өмгөөлөгч М.Э, гэрч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 оны 04 дүгээр сарын 30-нд төрсөн, ам бүл 3, нөхөр охины хамт амьдардаг. Бид хоёр хамтран амьдарч байсан, гэрлэлтийн баталгаа байхгүй. Нөхөр Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 2-нд зуурдаар нас барсан. Би хотод ажил хийж байгаад энэ явдалыг сонсоод ирсэн. Хүр дүү надад хэлэхдээ өөрөө архи дарс ихээр хэрэглэж, сэтгэл санаагаар унаж амиа хоролсон гэсэн. Тэгээд буян номонд оролцох гэсэн чинь гэрээсээ хөөж чи энд байгаад яахын өөрийн гэртээ буян номоо хий гэж гэрээс минь хөөсөн. 2014 онд 10 сарын 23-нд Verna accent ********** ГАҮ гэсэн автомашиныг би өөрөө хувиараа ажил хийж 3.500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин миний машиныг зөвшөөрөлгүйгээр хүргэн Ш.Ө-д шилжүүлж өгсөн байна. ********** тал хашаа манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин би хадам ээж У.Э-т маш их гомдолтой байна. 3 тал хашаа 2.500.000 төгрөг, төвд ойрхон байрлал сайтай. Машины үнэ 3.500.000 Verna accent маркийн автомашин, 3 тал хашаа 2.500.000 төгрөг зэргийг У.Э-ээс гаргуулж өгнө үү. Б бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарсан. Намайг энэ айлын хүүхэдтэй үерхэж байхад энэ хашаанд энэ айл амьдарч байсан. Талийгаач нөхрийн нэр дээр газрын гэрчилгээ байдаг учраас түүний охин надтай хамт үлдсэн учраас хүүхдэд нь өв залгамжлалын журмаар түүний нэр дээр байгаа хөрөнгөнөөс ирэх боловуу гэж бодож нэхэмжлэл гаргасан. Машины тухайд бид хоёр эхлээд мотоциколтой байгаад тэрийгээ зарж 71-41 дугаартай машин аваад түүнийгээ унаж байгаад зарж дээр нь би 2 сая төгрөг нэмж 64-39 дугаартай автомашиныг авч байсан. Автомашин авахаар мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, миний нэр дээр бүртгэлтэй байсан машины гэрчилгээг миний зөвшөөрөлгүйгээр хүргэн Ө-ын нэр дээр шилжүүлсэн байсан. Тээврийн хэрэгсэл шилжүүлсэн бүртгэл дээрх гарын үсэг минийх биш гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б-ын нэхэмжилж байгаа машины үнэ 3.500.000 төгрөг, 3 тал хашааны 2.500.000 төгрөг нь үндэслэлгүй. Учир нь дээрх хашаа, машиныг би тэтгэвэрийн зээлээр авсан. Миний болон хүүхдүүдийн хувиарт хөрөнгө мөн болно. Б-аас ганц ч төгрөг ороогүй нь үнэн. Миний талийгаач хүүтэй албан ёсоор гэрлээгүй, гэр бүлийн баталгаа байхгүй, тэтгэврийн зээлээр авсан баримт материалыг хэргийн материалд хавсаргав. Ц.Б нь үндэслэлгүй эд хөрөнгө нэхэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хүү энэ хүнээс болж амиа хорлосон. Б нь ажил хийнэ гээд Улаанбаатар хот руу яваад хэдэн сар болсон. Хүү минь охиноо тээврээд Улаанбаатар хот руу яваад энэ хүнтэй уулзаад ирэхдээ шал өөр болчихсон ирсэн. Тэгээд удалгүй амиа хорлосон. Б нь миний хүүд би өөр хүнтэй гэрлэж байгаа, жирэмсэн болсон гэж хэлсэн байдаг. Миний хүү 2018 оны 7 дугаар сарын 02-нд нас барсан, энэ хүн ажил явдалд нь оролцоогүй, өнгөрсөн цаг хугацаанд түүний охин миний асрамжинд байсан. Б-ыг манайд ирэхээс өмнө манайх өөрийн гэсэн газартай байсан. Машины тухайд би тэтгэврийн зээл авч өөрийнхөө группийн мөнгө зэргээр автомашин авсан байгаад тэрийгээ зарж 64-39 дугаартай машиныг авсан. Б Улаанбаатар хотод байхад өнгөрсөн 6 дугаар сард энэ машинаа миний хүү хүргэн ах Ө-даа зарж үнээс нь 1 сая төгрөг авч охиноо дагуулан ээж дээр нь очих гээд хот руу яваад хэд хоноод хачин болчихсон буцаж ирсэн. Тэгээд л удалгүй нас барсан. Хүү нь авч очсон мөнгөөрөө түрээс төлбөр төлж энэ хүнд хэрэглэсэн гэж хэлсэн. Миний хүү нас барахаасаа өмнө хүргэн ахдаа энэ машинаа зарсан байсан. Б энэ машиныг авахад нэг ч төгрөг оруулаагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээрт энэ хүн бичиг үсэг мэдэхгүй, хоёрдугаарт нүд нь юу ч хардаггүй ойрын хараа муутай тэгээд хууль зүйн туслалцаа авья гээд хүсэлт гаргасан. Зохигчдын тайлбарыг сонслоо. Нэхэмжлэгч хашааны үнэнд 2.500.000 төгрөг, автомашины үнэ 3.500.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Судлаад үзэхэд хөрөнгийн эх сурвалж нь бол хавтаст хэргийн материалд миний хөрөнгөөр боссон гэдэг нотолгооны зүйл хэргийн материалд гаргаагүй. 2015 онд газар аваад хашаа хатгаж авсан гэдгийг гэрч болон хариуцагч тодорхой хэлдэг. Авто машины үнэ бол 2011 онд танилцахад нь Аксент маркийн авто машин байгаад түүнийгээ зараад 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөр автомашин авсан. Энэ авто машины эх сурвалж нь 2007 оны 02 дугаар сард тэтгэврийн зээлээр хамтран зээлдэгч нь талийгаач хүү нь байсан байгаа. Үүнийг хавтас хэргийн 20 дугаар хуудсанд судлуулсан нотлох баримтаар дээрх машины эх сурвалж нь нэхэмжлэгчийн хамт амьдарч байсан нөхөр Б-ын машин байсан байгаа. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-нд иргэний хэргийн анхан шатны шүүхээр хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад хоёулаа хамтарч амьдарья гээд дээрх машиныг нэхэмжлэгч миний нэр дээр шилжүүл гэсэн шаардлагын дагуу 14 хоногийн дараа буюу 2017 оны 11 сарын 15-ны өдөр Болдбаатар нь Б-ын нэр рүү шилжүүлсэн байдаг. Б энэ машины хөрөнгө оруулагч эх сурвалж нь гэх нотолгооны зүйл байхгүй байгаа. Хэдийгээр энэ хэрэгт эд хөрөнгө яригдаж байгаа боловч цаана нь сэтгэл санааны асуудал байгаа. Өөрөөр хэлбэл энэ авто машиныг энэ хүн 6 сард зараад сая төгрөгийн нь аваад хамт амьдарья гээд охиноо аваад энэ хүний араас хотод очсон байдаг. Энэ хүн хотод ажиллаж байсан тэр түрээсийн төлбөр төлсөн байдаг. Гэтэл энэ хүн би одоо хэвлийдээ хүүхэдтэй, өөр хүнтэй суух гэж байгаа гэж хэлсэн энэ үг нь бууны сум шиг талийгаач нөхөрт нь тусаж амь эрсдэх, ирээд шууд хоёр хоногийн дараа өөрийнхөө амийг хорлосон байдаг. Тэгэхээр мөнгө л авъя л гээд байгаа болохоос энэ хүн нэг удаа шаардлага тавьсан үр хүүхдийн гаргасан юм чинь хашааг нь чамд өгье гэж хэлэхэд би хүний боож үхсэн гэр хашаа авахгүй гэдэг байдлаар хандсан байгаа. Тэгэхээр энэ хүний оруулсан хөрөнгийн эх сурвалж нь нотлогдохгүй байгаа тул энэ хүн үндэслэлгүйгээр авто машин хашаа шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч У.Э-т холбогдуулан Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газар, хашааны үнээс 2.500.000 төгрөг, ********** ГАҮ улсын дугаартай, HYUNDAI ACCENT маркийн автомашины үнэнд 3.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.Б-тай 2011 оноос хойш хамт амьдарч, охин төрүүлсэн. Хариуцагчийн гэрт ирэхэд энэ айл Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газарт амьдарч байсан. Уг газар нь хамтран амьдрагч байсан миний охины аав Б-ын нэр дээр бүртгэлтэй учраас түүний хүүхдэд хувь ногдох юм боловуу гэж ойлгоод газар, хашааны үнээс 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн...” гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргаагүй.

Хариуцагч тал Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газрыг Ц.Б-ыг манайд ирэхээс өмнө авсан, амьдарч байсан. Нас барсан хүү Э.Б өөрийн унаж хэрэглэж байсан 71-41 дугаартай автомашиныг зарж ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашиныг авсан, уг автомашиныг авахад Б-аас нэг ч төгрөг ороогүй гэж тайлбарлан маргаж, татгалзлаа нотлохоор 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 08 дугаар сарын 14, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдийн огноотой У.Э-ийн тэтгэвэрийн зээлийн гэрээ гэх Хаан банкны 13290-01 дугаартай хуулбар үнэн тэмдэг дарсан баримтууд, 05/002429 дугаартай Э.Б-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан /хх-15, 16-21, 35, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан хариуцагч Э-ийн хүү болох Б-тай хамтын амьдралтай байсан болох нь, тэдний дундаас хүүхэд төрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагчийн “...Ц.Б-ыг манайд ирэхэд бид энэ газарт өөрийн гэртээ амьдарч байсан, нас барсан Э.Б өөрийн унаж хэрэглэж байсан 71-41 дугаартай автомашиныг зарж, миний тэтгэвэрийн зээл авч ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашиныг худалдан авсан, уг автомашиныг авахад Бадамжаваас нэг ч төгрөг ороогүй...” гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ц.Б нь дээрх тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Б Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газрыг худалдан авахад оролцоогүй, тухайн айлд ирэхэд уг газар дээр хариуцагч У.Э-ийнх амьдарч байсан болохыг хүлээн зөвшөөрч хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбарт маргаагүй.

Маргааны зүйл болсон хариуцагч У.Э-ийн одоо амьдарч байгаа Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газар хэний нэр дээр бүртгэлтэй, өмчлөл, эзэмшлийн аль нь болох нь тодорхойгүй, хэдэн онд хэрхэн бий болж бүртгэгдсэн талаарх баримтыг зохигч талууд шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, нас барсан Б-ын хамтран амьдрагч Ц.Б хүүхдийн хамт өвлөх эрхтэй эсхүл ногдох хэсгийг шаардан авах эрхтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд уг газар хариуцагч У.Э-ийн нэр дээр бүртгэлгүй болохыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас ногдох хувийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Учир нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан ба Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** тоотод байрлах газрыг хариуцагч У.Э өмчилдөг болох нь хууль бусаар нэхэмжлэгч Ц.Б-ын эрхийг зөрчин эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашины үнэнд 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ц.Б уг автомашиныг өөрийн хөрөнгөөр, миний ээжийн тэтгэвэрийн зээлээр худалдан авсан гэх зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан боловч ямар эх үүсвэрээр буюу өөрийн дансанд хадгаламжтай байсан эсэх, уг машиныг худалдан авахад өөрийн зүгээс төлбөр төлсөн бол төлбөр төлсөн банкны баримт, дансны хуулга, ээжийнхээ тэтгэвэрийн зээлээр авсан талаарх баримт, худалдах, худалдан авах гэрээг хийсэн эсэх талаарх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй учир шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Автотээврийн төвөөс ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашины өмнөх эзэмшигчдын судалгаа, лавлагаа, ********** дугаартай ********** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийг бүртгэх маягт зэрэг баримтуудыг шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШЗ2018/01798 дугаартай захирамжаар нотлох баримтаар гаргуулсан /хх-41-43, 45, 46, 47, 48-49/.

Дээрх баримтаас үзэхэд ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашины эзэмшигчдын бүртгэл 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлсэн, нийт 9 хүний бүртгэл байгаагаас 2-рт Э.Б-ын өмчлөлд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдээд 1-рт нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Ц.Б-ын буюу нэхэмжлэгчийн өмчлөлд уг автомашин бүртгэгдсэн байна /хх-45/.

Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт гэх баримтанд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б-аас Ш.Ө-ын өмчлөлд уг автомашиныг шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг бүртгэлийг би хийлгээгүй гэж тайлбарлаж байх боловч өөрийн гарын үсэг мөн, биш эсэх талаар тайлбарлаж маргаагүй, тухайн бүртгэлд зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэх талаар шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, эрх бүхий байгууллагын гаргасан баримтаар уг автомашин иргэн Ш.Ө-ын өмчлөлд бүртгэгдсэн байх тул хариуцагч У.Э-ээс 64-39 ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашины үнийг шаардах эрхгүй байна.

Учир нь өөрийн өмчлөлд байсан гэх дээрх автомашин нь Ш.Ө гэх хүний өмчлөлд бүртгэгдсэн байх тул хариуцагч У.Э уг автомашиныг эзэмшиж, өмчлөөгүй байх тул түүнээс шаардах эрхгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан тул хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд маргааны зүйл болсон Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газар, хашаа нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Э.Б-ын нэр дээр бүртгэлтэй болох нь зохигчдын тайлбараар,

********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашин нь Ш.Ө-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийг бүртгэх маягтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Б нь газар, хашаа болон автомашины нийт үнэнд 6.000.000 төгрөгийг хариуцагч У.Э-ээс шаардах эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.С нь хариуцагчийн нас барсан хүү Б болон түүний хамтран амьдрагч нэхэмжлэгч Ц.Б нарын хамтын амьдралын талаар болон ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашиныг хариуцагчийн тэтгэвэрийн зээлээр авсан талаар мэдүүлсэн болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ********** тоотод байрлах газар, хашаа, ********** ГАҮ улсын дугаартай HYUNDAI ACCENT маркийн автомашины үнэнд нийт 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг хариуцагч У.Э-ээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид гурван баримтаар төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ                                            Д.ЯНЖИНДУЛАМ