Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1271

 

 

 

 

 

 

 

 

   2022           10           13                                      2022/ШЦТ/1271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  урьд нь

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ХМШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 53 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг хорих ялыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдэлж дуусаж суллагдсан, С.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Овоотын 72-39 тоотод оршин суух иргэн Г.Ө гэрийн ханыг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 43 инчийн телевизор, шар өнгийн гар дрилл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 510,000 төгрөгийн шууд, 180.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо барагдуулсан, бэрд баримт нь басан юм.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух иргэн Г.Ө гэрийн ханыг эвдэн нэвтэрч, Тошиба загварын 43 инчийн телевизор, шар өнгийн гар дрилл зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 510,000 төгрөгийн шууд, 180.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: (хавтаст хэргийн 1-2 дахь тал)  

2. Иргэн Г.Н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: (хавтаст хэргийн 3 дахь тал)

3.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... тошиба брэндийн  хар өнгийн 43 инчийн  LCD  зурагт,  мотор гэсэн шар өнгийн  хар бариултай өрөмгүй гар дрилл зэргийг  хохирогч Г.Ө хүлээлгэн өгсөн. (хавтаст хэргийн 7 дахь тал),

5.Хохирогч Г.Ө: “...Миний бие эхнэр хүүхдээ аваад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед Өвөрхангай аймаг руу явсан. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу залгаад “та Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Овоотын 72-39 тоотод хашаанд оршин суугч мөн үү, танай гэрт хулгай орсон хулгайчийг нь барьсан. Хар өнгийн зурагт болон шар өнгийн дрилл байна, танайх мөн үү” гэж асуусан. Тухайн үед надад хэлсэн зурагт болон дрилл, мөн гэрийн хаалганы өнгийг  хэлэхээр нь манайх гэдгийг мэдсэн. Мөн  гэрийн хаалганы  зүүн  талын хатавчны ханыг  эвдэлсэн байсан. Энэ нь ойролцоогоор 180,000 төгрөг болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

6.Гэрч С.Б: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн  дугаар гудамжны баруун талд гэр рүүгээ харьж явах замд сэжиг бүхий хоёр этгээд явж байсан бөгөөд нэг залуу нь цагаан цайвар өнгийн даавуунд ороосон зурагт, мөн нөгөөх нь тортой зүйл авч явж байсныг шалгасан. Тухайн хоёр залуугаас хаанаас ямар эд зүйл авч явж байгаа талаар асуухад “дүүгийнхээ зурагтыг гуйж авсан юмаа ломбардад тавих гээд явж байна” гэж хэлэх нь сэжигтэй санагдаад бүргэд-113 чиглэлийг гар утсаараа дуудсан. Бүргэд-113 чиглэлийн алба хаагчид болох дэслэгч Т болон ахлагч Б нар ирсэн бөгөөд би тухайн этгээдүүдийг авч явсан эд зүйлийн хамтаар хүлээлгэн өгөөд цаашаа гэр рүүгээ явсан. Тухайн хоёр этгээдийн ногоон хүрэмтэй нь зурагтыг аваад явж байсан. Тухайн ногоон хүрэмтэй этгээд манай энэ найзын дүүгийнх юм гэж хэлж байсан бөгөөд хажууд нь хамт явж байсан залуу нь манай дүүгийнх юм гэж хэлж байсан. Тухайн залуу нь мөн торонд ямар нэгэн эд зүйл хийсэн харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

7.Гэрч Б.Т: “...дуудлагын дагуу очиход манай хэлтсийн ахлах  мэргэжилтэн цагдаагийн ахмад С.Б тухайн хулгай хийсэн байж болзошгүй  этгээдүүдийг олж тогтоон барьсан байсныг очиж авчирсан. Мөн тухайн хоёр этгээдээр тухайн эд зүйл болох зурагт, цохилттой дриллийг хаанаас авсан талаар асуухад Бгэх этгээд нь дүүгийнхээ зурагтыг гуйж авсан юм гээд байсан бөгөөд хажууд нь хамт явж байсан А нь тухайн эд зүйлсийн талаар асуухад “Ямар нэгэн зүйл ярьж өгөхгүй байсан, Б ахынх нь гээд байсан уу дүүгийнх нь гэж л надад гээд тайлбар өгсөн. Б нь тухайн гэрийн хаягийг зааж өгсөн ба тухайн хашааны урд талаас давсан гэх талаараа хэлсэн. Харин А нь ямар ч ойлголтгүй санагдсан. Б л үйлдэл болоод хаягийг нь мэдээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

8.Гэрч Н.А “...Б архи ууж байхад “чи эндээ сууж байгаарай би ойрхон бие засчхаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд удалгүй Б цагаан өнгийн даавуунд ороосон зурагт болон дрилл барьчихсан ирсэн. Тэгэхээр нь би хэнийх юм бэ, буцаагаад өгөөч гэж хэлтэл “зүгээрээ, манай ахынх энд байдаг юм тэднийхээс хэлээд авлаа, одоо ломбардад тавьж хоёулаа мөнгөтэй болохгүй бол хоол унд идээгүй удлаа” гээд тухайн гэр хорооллын гудамжаар бид хоёр тэврээд явж байтал нэг цагдаатай таараад тухайн цагдаа бид хоёроос “наад авч явж байгаа эд зүйл чинь юу юм, хаанаас хаашаагаа авч явж байгаа юм” гэж хэлтэл Б тухайн цагдаад  3дүүгийн зурагтыг  гуйж аваад явж байна, цалин  буутал  ломбардад  тавиад буцаад авч өгнө гэж хэлээд зурагтыг нь аваад явж байна”  гэж хэлтэл тухайн цагдаа нэмж цагдаа нар дуудаад бид хоёроор “наад эд зүйлээ авсан айлаа зааж өг” гээд авч явсан. Тэгээд Б тухайн эд зүйлээ авсан айлаа зааж өгсөн ба тухайн айл эзэнгүй байхаар нь бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.Тэр үед Б бид 2 хоёулаа согтуу байсан учир эрүүлжүүлэхэд орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

9.“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ц- 1250 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан:  “шууд хохирол 510,000 төгрөг, шууд бус хохирол 180,000 төгрөг, нийт 690,000 төгрөг” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

10.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04/537 дугаартай дүгнэлт: “...2. Шинжилгээнд тэнцэх ахлах дэслэгч Ц.Барсболдын бэхжүүлэн авсан гарын 1 ширхэг мөр нь Папилон санд МИ0032100050028 МИ000240000266 дугаараар бүртгэгдсэн Б зүүн гарын дунд хурууны мөртэй^ хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх (хавтаст хэргийн 55-56 дахь тал), 

11.Шүүгдэгч С.Б: “...2022 оны 07 угаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын  арын гэр хорооллын  овоон дээр архи ууж байгаад А чи эндээ сууж байгаарай би овооноос буугаад ойрхон бие засчхаад  ирье, хүлээж  байгаарай  гэж хэлээд  тухайн овоон дээр үлдээгээд явсан. Тухайн овооноос хойшоогоо уул өгсөөд бие засаж байхдаа нэг хашаанд ганц айл харагдахаар нь тухайн айлын ертөнцийн зүгээр урд талаас нь хашааг даваад тухайн айлын цоожийг хүчтэй татахад тайлагдахгүй байсан. Тэгэхээр нь тухайн айлын хаалганыхан зүүн талын хатавчаар нь ханыг эвдэж айл руу орсон. Тэгээд тухайн айлын ертөнцийн зүгээр зүүн хойд талын тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг салгаад орон дээр байсан цагаан өнгийн даавуунд ороож байгаад гэрийнхэн гадаа тавьсан. Тэгээд буцаж эргэж ороод хаалганыхан хажууд байсан гар дриллыг аваад гарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Орон байр гэдэг нь хүн байнга, түр амьдрахад  зориулагдсан  төрөл бүрийн  орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулна.

Харин хүн байнга амьдрах , үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байр, тусгайлан хамгаалсан байр,  агуулахад нэвтэрч үйлдсэн  гэж бусдын эд хөрөнгийг  хууль бусаар  авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад  түлхүүр тааруулах,  багаж  хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм  орох,  нуугдах  бусад аргаар  нэвтрэн орсныг ойлгоно.

Тэгэхээр шүүгдэгч С.Б үйлдлийн хувьд дүгнэвэл, шүүгдэгч С.Б нь овоо дээр байхдаа хохирогч Г.Ө хашаанд ганц гэр эзгүй байгааг анзаарч хашааг давж орж, гэрийн хатавчаар гараа оруулан ханыг эвдэж гэрт нэвтрэн орж, эд зүйлийг өөрийн мэдэлд шилжүүлж авч захиран зарцуулах бололцоог өөртөө олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Б хохирогчийн орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч С.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч Г.Ө хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Б “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч С.Б үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ө 510,000 төгрөгийн шууд хохирол, гэрийн хаалганы ханыг гэмтээж 180,000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 690,000 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулсан нь хохирогчийн хүсэлт, эд зүй хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг (хавтаст хэргийн 7, 107 дахь тал)-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.    

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч С.Б нь хохирол төлсөн, гэм буруу дээр маргаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ. Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогчид хохирол төлсөн, гэм буруу дээр маргаагүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хасах нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.АЛТАНЦЭЦЭГ