Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1298

 

 

 

 

 

 

 

 

   2022           10           18                                      2022/ШЦТ/1298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

            улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 02 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн голын эцэс орчимд хохирогч Ж.А эзэмшлийн 93-73 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явж байхдаа Ж.А машинаас түр буух үеэр машины урд талын хайрцагт байсан түүний эзэмшлийн Huawei nova 81 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 02 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн голын эцэс орчимд хохирогч Ж.А эзэмшлийн 93-73 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явж байгаад Ж.А болон гэрч С.Б нарыг машинаас түр буух үеэр машины урд талын хайрцагт байсан түүний эзэмшлийн Huawei nova 81 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “Сонгинохайрхан дүүргийн 35-р хороо 93-73 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээс Huawei nova 81 маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх мэдээлэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

2. Хохирогч Ж.А “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Г залуу нь миний 8... гэсэн дугаар луу утсаар яриад Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангийн голын эцэст айлаас гараад явж байна, та намайг ирээд авчих гэхээр өөрийн 93-73 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ажлын залуу Б хамт очиж авахаар ирсэн. Тэгээд Г гэх залууг Нарангийн голын эцэст дээр байх үед 22 цагийн үед очиж аваад тээврийн хэрэгсэлд суулгаж 50 метр яваад тээврийн хэрэгсэл барьж явсан Б би маргалдаад би хоёр тээврийн хэрэгслээс буух үед Г ганцаараа тээврийн хэрэгсэлд үлдсэн юм, тэгээд бид хоёр буцаад тээврийн хэрэгсэлд суух үед Г гэх залуу нь юм хэлэлгүй буугаад яваад өгсөн. Явахдаа миний тээврийн хэрэгслийн урд талын хайрцаг дотор  байсан Huawei nova 81 маркийн гар утсыг Ггэх залуу хулгайлж авч явсан байсан ба Г гэх залуугийн гар утас луу залгах үед утсаа авахгүй байсан. ...Би хохирлын төлбөр 1,100,000 төгрөгийг Г бэлнээр авсан тул надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 20 дахь тал),

 

3. Гэрч С.Б “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажлаа тараад А хамт явж байсан чинь Д.Г утсаар яриад Сонгинохайрхан дүүрэг Наранголын эцэс дээр байна, хүрээд ир гэхээр нь би А хамт 93-73 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г гэх залуу дээр яваад очсон юм. Харин А нь надтай хамт явж байхдаа архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан ба А бид хоёр хүнсний дэлгүүр орох үед Г тээврийн хэрэгсэл дотор ганцаараа үлдсэн. Тэгээд А бид хоёр дэлгүүр орчхоод гараад ирсэн чинь Г гэх залуу тээврийн хэрэгслээс гараад, явлаа гээд буусан. Тэгсэн тээврийн хэрэгслийн урд хайрцаг дотор байсан А Huawei nova 81 маркийн шинэ гар утас алга болчихсон, Г нь барьчихсан гудамж тойроод явж байхаар нь араас нь гүйгээд олоогүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 сарын 17- ны өдрийн 422 дугаартай “...Нийт хохирлын дүн нь Huawei nova 81 маркийн гар утас 1,100,000 төгрөг...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

5. Яллагдагч Д.Г “...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил залуугийн гэрт байсан юм. Тэгээд хуучин хамт барилга дээр ажиллаж байсан С.А гэх эмэгтэй над руу утсаар ярихаар нь би тэд нарыг Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Наранголын эцэст хүрээд ир гэсэн. Тэгээд А болон Б нар нь тээврийн хэрэгсэлтэй 00 цагийн үед ирээд хоорондоо маргалдаад байсан. Харин би тээврийн хэрэгсэл дотор нь ганцаараа сууж байгаад тээврийн хэрэгслийн урд талын хайрцаг дотор Huawei nova 81 маркийн шинэ гар утас байхаар нь хулгайлж аваад Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд явж байгаад танихгүй хүнд худалдан борлуулсан юм. Би гар утсыг 100,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Харин гар утас зарсан хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Д.Г нь хохирогч Ж.А танилууд байх ба хэрэг гардаг тухайн өдөр шүүгдэгч нь Ж.А хамт түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж явж байх үедээ хохирогч Ж.А  болон хамт явсан С.Б нарыг машинаасаа түр буусан, эзгүй хойгуур машины урд талын хайрцгаас Huawei nova 81 маркийн гар утсыг нь хохирогчид мэдэгдэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бууснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн, улмаар Ж.А эзэмшлийн гар утсыг бусдад зарж борлуулсан нөхцөл байдал нь хохирогч Ж.А, гэрч С.Б, шүүгдэгч Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүний бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Г үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Д нь “..шүүгдэгч Д.Г нь гэм буруу дээр маргаагүй, төлөх хохиролгүй тул прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нь зүс таних, зан араншныг нь мэдэхгүй хүнийг машиндаа үлдээж, энэ үедээ эд хөрөнгөө сул, хяналтгүй орхисон байдал нь бусдад өгөөш болсон, шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ