| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1254/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1272 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.М |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1272
2022 10 13 2022/ШЦТ/1272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ө.Болормаа (цахим) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд нь:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ч.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дугаар гудамж 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Т хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний толгой руу гараараа цохиж, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, өвчүүнд цус хуралт, цээж, зүүн суганд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Х.Тмэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), яллагдагч Ч.М мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10869 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Т бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, түүний толгой руу гараараа цохиж, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, өвчүүнд цус хуралт, цээж, зүүн суганд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Х.Т “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэгт шинжилгээ өгч яваад орой 18 цагийн үед гэртээ найз П хамт ирэхэд манай нөхөр Ч.М нь ганцаараа пиво уучихсан, бага зэрэг согтчихсон байдалтай байсан бөгөөд намайг хаагуур яваад ирж байгаа юм гэж уурлаад над руу хажуудаа байсан гутал шидэхээр нь би бултаад “чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Ч.М нь уурлаад босож ирээд намайг бусадтай хардаад элдвээр харааж байгаад гараараа миний толгой, цээж хэсэгт хэд хэдэн удаа цохиж унагаасан. Тэгээд хажууд ширээн дээр байсан хутга шүүрч аваад намайг үсдэж орон дээр дарж байгаад хутгаараа орон дээр зоогоод агсраад байхаар нь би түлхэж холдуулаад гарч гүйгээд найзынхаа гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн миний араас гарч ирээд гартаа тоосго бариад намайг цохих гээд дайрахад хажуу айлын Э ах таараад М болиулж салгасан юм. Тэгээд Эахаас салаад намайг гараараа цохиж унагаагаад хөлөөрөө гэдсэнд өшиглөхөд би ухаан алдсан. Миний биед дээрх гэмтлийг бүгдийг нь манай нөхөр Ч.М намайг хардсаны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гар болон хөлөөрөө хэд хэдэн цохиж, өшиглөж учруулсан. Бид хоёр албан ёсны гэрлэлтээ батлуулсан зүйлгүй, дундаасаа нэг охинтой, хамтран амьдраад 9 жил болж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал/,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10869 дугаартай “...Х.Т биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний салст, өвчүүнд цус хуралт, цээж, зүүн суганд зулгаралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
3. Аюулын зэргийн үнэлгээний “..өндөр..” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
4. Яллагдагч Ч.М “..би хаагуур юу хийж, тэнээд байгаа юм бэ “ гэж хэлээд өмсөж байсан нэг гутлаа эхнэр Т руу шидсэн. Тухайн үед манай эхнэр Т юу ч хэлэхгүй чимээгүй байгаад байхаар нь уурандаа түүний цээж, нүүр, толгой руу 5-6 удаа гараараа цохисон ба айлгах гэж хутга бариад буйдан дээр зоосон. Тэгтэл манай энхэр гарч гүйхээр нь барьж аваад татаж унагааж гэдэс рүү өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.М, хохирогч Х.Т нар нь гэрлэлт бүртгэлийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 9 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Ч.М нь өөрийн хамтран амьдрагч Х.Т толгой, цээж рүү цохиж, үсдэх, хутгаар айлгах, гэдэс хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодсон шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.
Шүүгдэгч Ч.М нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, өшиглөх зэргээр түүний бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Ч.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Ч.М холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ч.М танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Ч.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь Хархорин худалдааны төвд ачигчаар ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ