Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1297

 

 

 

 

 

 

 

 

 2022            10           18                                       2022/ШЦТ/1297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  урьд:

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 757 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж , 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20/081 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон, Г.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дугаар гудамж 14 тоот өөрийн гэртээ Н.Г хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар маргалдаж, хутгаар иргэн Н.Г хүзүү болон баруун даланд нь хутгалж, эрүүл мэндэд нь “хүзүү, баруун даланд шарх, баруун даланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “... мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Тнь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны  тоот өөрийн гэртээ Н.Г хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа мөнгөний асуудлаар хоорондоо маргалдаж, хутгаар иргэн Н.Гхүзүү болон баруун даланд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал,

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 30 дугаар гудамж 14 тоотод иргэн Н.Г хутгалуулсан гэх” (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны тоотод байх ба нэг давхар шавран байшин дотор ...үзлэг явуулахад ...шүүгээний баруун урд хэсэгт ажлын хэсэг нь 18 см бариул хэсэг нь 12 см нийт 30 см урттай, цэнхэр өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авч “А” гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж авав. Урд хэсэгт шалан дээр 34х50 см зайд цус мэт улаан өнгийн зүйлээр бохирдсон байсныг шинжээч Д.Н 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж авав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3-6 дахь тал),

 

3. Хохирогч Н.Г “...Би танил Т гэх хүнээр өөрийнхөө зуслангийн байшинд хашаа бариулах гэж байгаа юм...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т уулзаад хашаа бариулах гэж байгаа газар луу явсан юм. Замдаа Тамираа ах 100 грамм архи аваад өгчих гэхээр нь дэлгүүрээс 100 граммын архи авч өгсөн. Тэгээд зуслангийн хашаа бариулах газар дээрээ очиж үзчихээд буцаад бид хоёр Т ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны тоот гэрт нь ирээд 0.75 литрийн “Экс” нэртэй архи 1 шилийг хувааж уусан юм. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад согтсондоо өмнө нь болсон өр төлбөрийн асуудлаас хэрүүл маргаан болж, улмаар өөр тийшээ хараад сууж байтал ардаас Т ах /хаанаас хутга авсныг нь мэдэхгүй байна/  цэнхэр өнгийн иштэй хутгаар миний дагзны доод хэсэгт нэг удаа хутгалчихаар нь би сандраад эргээд хартал хутга барьчихсан зогсож байсан, дахиад намайг хутгалах гэхээр нь би зууралдаж аваад газар унацгаасан, хутгыг нь тавиулаад холдуулсан. Арай гэж салаад эхнэр лүүгээ залгаад юу болсон талаар хэлсэн чинь эхнэр А удалгүй хүрээд ирсэн. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Миний  толгойн  ар дагзны доод хэсэгт нэг удаа хутгалсан, баруун далны доод хэсэгт зүсэгдсэн байна. ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал)

 

4. Гэрч Г.А “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Н.Г 18 цагийн орчим над руу залгаад хүнд хутгалуулчихлаа, чи хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 30 дугаар гудамж 14 тоотод зүс таних Т гэх хүний гэрт очсон. Намайг очиход 1 давхар байшин байсан ба Т гэх ах болон Г нь хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг очиход Г хүзүүний ард хэсэгт хатгагдсан шарх үүссэн, баруун даланд зүссэн юм шиг шарх үүссэн цус гарч байсан, Г Т гэх залуутай архи ууж байгаад бага зэрэг маргалдсан чинь Т босож яваад хутга авч ирээд араас хүзүү болон дал руу нь хутгалсан тэгээд хутгыг нь булааж хаяулсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11379 дугаартай шинжилгээ: “...Н.Г биед хүзүү, баруун даланд шарх, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

6. Яллагдагч Г.Т “...Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 3 дугаар гудамж 14 тоотод зүс таних Н.Г хамт архи ууж байгаад өмнөх ажлын хөлсний талаар маргалдаад гэрт байсан цэнхэр өнгийн иштэй хутгаар Н.Г хүзүү, баруун даланд хатгаж хөнгөн гэмтэл учруулсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Н. уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Г.Т, хохирогч Н.Г нарын хооронд маргалдах болсон шалтгаан нь “ажлын төлбөрөө өгөөгүй” гэх асуудлаас үүдэлтэйгээс гадна архины буруу хэрэглээнээс үүдэлтэй байх ажээ.

Шүүгдэгч Г.Т нь хохирогчийн биед халдаж хутгалсан үйлдлээс шалтгаалан хохирогч Н.Г биед гэмтэл учирсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул буюу шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүгдэгч Г.Т нь бусдын биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсэн боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн шинжтэй байна.

Иймээс шүүгдэгч Г.Т дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан гарсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байх тул холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Т нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...улсын яллагчийн санал дээр гаргах гомдол байхгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Т үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр зэвсэг хэрэглэн хүний биед халдсан,  түүний энэ байдал нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шиж чанар, шүүгдэгчээс хохирогчид төлсөн хохирол байхгүй, мөн шүүгдэгч Г.Т хувийн байдал /өмнө энэ төрлийн хэрэг үйлдэж торгох ялаар шийтгүүлж байсан, хувиараа барилга дээр ажилтай, түүний орлогын байдлыг илтгэх баримт авагдсан/ зэргийг тус тус харгалзан прокурорын гаргасан дүгнэлтэд дурдсан торгох ялын хэмжээг ихэсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай цэнхэр иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая, гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Хохирогч Н.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Т нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см урттай цэнхэр иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ