| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0151/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/117 |
| Огноо | 2022-07-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч А.Ды өмгөөлөгч: Т.Уянга,
Шүүгдэгч: Д.Г, А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Г, Т овогт Аын Д нарт холбогдох эрүүгийн 2135000000152 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Хойд овогт Дгийн Г /РД:................/,
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт Аын Д /РД:................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г, А.Д нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газраас хохирогч Ч.Нийн 3 тооны үхрийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Д.Г, А.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн “Нэг тооны цайвар зүстэй, толгой, хүзүү, хааны орчимд улаан толботой үхрийг хохирогч Ч.Н миний алдсан 3 үхрийн нэг мөн байна гэж таньсныг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-10 дахь тал),
2.хохирогч Ч.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм. ... 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс үхрээ хайж эхэлсэн юм. Алга болсон үхрийг бэлчээрээр их гүйдэг болохоор нь тэр хавьд байгаа байх гэж бодоод хайгаад байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын дундуур Малчин сумын Хөхөө гэх хүнээс 3 тооны үхэр сураг гарч байна гэж сонссоод 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом сумаас явж 3 үхрээ сурагласан юм. Зүүнговь сумын Шаагаа гэх залуу бас танай үхэр Малчин сумын нутагт байна гэж хэлсэн юм. Би Х гэх айлын залуу Бтай хамт үхэр байгаа газар очсон юм тэгэхэд манай 2021 оны 07 дугаар сард хулгайд алдсан цагаан үхэр мөн байсан уг үхэр бэлчээрт айлын үхэрт байхаар нь би аваад явсан юм. Тэгээд би хоёр үхрээ олоогүй юм. Уг “Тээгийн худаг"-т байх хүмүүсээс уг үхрийг хэн авсан талаар асуухад Д, Малчин сумын М гэх 2 залуу авсан гэж сонсоод М, Д хоёртой уулзахаар болоод Малчин сумын 1 дүгээр багийн нутаг хээр хөдөө уулзсан юм. Тэгээд та хоёр миний үхэр авсан байна гаргаж өг гэхэд та уучлаарай бид хоёр хулгайлан авсан юм, үхэр тань байгаа биднийг битгий хэлээрэй уучлаарай энэ мөнгөөр хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн. Тэгээд цагдаад битгий хэлээрэй таныг би хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэгээд би миний үхрийг М, Д хоёр хулгайлсан талаар мэдсэн юм. ...Цагаан үхэр баруун чих он имтэй зүүн чих сөд имтэй 6 настай үхэр, бор цоохор үхэр адилхан имтэй, 7 настай үхэр, харин цагаан толботой шар галзан бяруу гэсэн 3 үхэр хулгайд алдсан... Би хулгайн гэмт хэргийн улмаас алдсан 3 тооны үхрээс, цагаан зүстэй эм үхэр, бор цоохор зүстэй эм үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг буцаан авч, үлдсэн 1 үхэрний оронд 2.000.000 төгрөгийг авсан бөгөөд миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35, 37 дахь тал),
3. хохирогч Ч.Нийн дахин мөрдөн байцаалтад өгсөн: “ Манай үхэрнүүд тухайн үед С гэдэг айлын малтай хамт Увс аймгийн Малчин сумын нутаг Таригийн худаг гэх газарт байдаг байсан.... Манай алдагдсан 3 тооны үхэр нь 2021 оны 06 дугаар сарын дундуур Малчин сумын нутаг Таригийн худаг гэх газраас гүйгээд Тээгийн худаг гэх газарт очсон байх гэж бодож байна. Таригийн худаг гэх газраас Тээгийн худаг хүртэл 10 гаруй километр зайтай бөгөөд миний алдсан үхэрнүүдээс цагаан үхэр нь урьд нь Тээгийн худаг гэх газарт байдаг байсан учир тийшээ нөгөө 2 үхрийн хамт бэлчээрээр гүйсэн гэж бодож байна. Би үхрээ алдсан талаар 2021 оны 07 дугаар сарын 20-ны үеэр мэдсэн бөгөөд манай үхэрнүүд 2021 оны 06 дугаар сарын дундуур гүйгээд алга болсон байсан. С нь энэ талаар анх надад хэлэхдээ би 2021 оны 06 дугаар сарын эхээр таны цагаан үхрийг бэлчээрээр гүйж Тээгийн худгийн Хагшаал гэх газарт байхад очиж авсан, ирээд дахин алга болчихлоо гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал),
4.Гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 01-ний үед С манай гэрийн гадна бор цоохор үхэр машинаар ачиж ирсэн юм. Би ямар учиртай үхэр вэ гэж асуухад танай сумын Ж ламын үхэр барьцны үхэр удахгүй ирж авна гэж хэлсэн юм. Тэгээд тэр бор цоохор үхэр хэд хоноод төрсөн . Цагаан цоохор тугал гарсан юм. Би Сд та энэ үхрээ ирж ав төрсөн байна гэхэд манай авга ахын залуу Г өгч явуулсан юм гэж хэлэхээр нь Ж ламд утсаар таны үхэр гэсэн үхэр байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд энэ үхэр манай үхрийг дагахгүй хөл муудаж улдаад байхаар нь Сд энэ талаар хэлэхэд “Тэс сумын үхэр” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 42-43 дахь тал)
5.гэрч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нөхөр Б ачааны машинтай юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сард Г манайд ирээд манай нөхрийг та машинаараа үхэр ачаад өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгээд би Гээс ямар учиртай үхэр ачуулах гээд байна гэж асуухад Наранбулаг сумын Ж ламын үхэр юм тэр хүн бэлдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бас Ж ламд үзүүлдэг болохоор манай нөхөр би яваад өгье гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын дундуур өдрийг сайн санахгүй байна оройхон явсан. Тэгээд тэр шөнө унтаж байтал манай нөхөр ирээд 3 үхэр хөдөөнөөс ачууллаа гэж байсан. Тэгээд би Гийн гэрт буулгаж орхиод ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас хэргийн 45-47 дахь тал)
6. Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би М буюу Г гэх залууг сайн танина. Манай багийн залуу аавыг нь пааргүй Д гэж дууддаг. Харин Дг надад Г танилцуулсан юм. 2021 оны 07 дугаар сарын дундуур Г намайг нэг 3 үхэр малчин сумын Тээгийн худаг гэх газраас ачаад өг гэж гуйсан. Тэгээд би очиж ачиж өгөхөд А.Д гэх залууг танидаг болсон юм. Г, Д нар 2021 оны 07 дугаар сарын дундуур манайх Малчин сумын 1 дүгээр багийн нутаг "Улаан булаг гэх газар байж байтал М буюу Г манай гэрт ирээд та надад "Тээгийн худаг" гэх газраас 3 тооны үхэр ачаад өгөөч би гэртээ авч ирмээр байна гэсэн юм. Тэгэхээр нь би эхнэр, аавтай зөвлөлдөж байгаад ачиж өгөхөөр болсон юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын дундуур сар өдрийн сайн мэдэхгүй байна Г бид хоёр орой болж байтал миний 07-62 улсын дугаартай Пронтер ЖиЗ маркын ачааны машинаар Малчин сумын Тээгийн худаг гэх газар явсан. Тэгээд орой харанхуй болж байтал Тээгийн худаг гэх газар очсон. Тэнд зогсож байтал А.Д гэх залуу мотоцикльтой 3 тооны үхэр тууж ирсэн тэгээд тэр 3 үхэр Г, Д хоёр дээсээр уг 3 үхрийг барьж аваад машин дээр ачсан. Тэгээд Д үлдээд Г бид хоёр уг 3 үхрийг авч ирээд Малчин сумын "Хоогийн ар" гэх газар Гийн гэрийн гадна буулгаж өгсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тухайн үед ачиж ирсний хөлс гэж Г надад 40.000 төгрөг өгсөн юм.” гэх мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 49-52 дахь тал),
7. Гэрч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байх Г над руу гар утсаар залгаад та манайд ирээд Ж ламын үхэр ачаад дөхүүлээд өгөөч гэсэн юм. Тэгээд ямар учиртай үхэр вэ гэж асуухад Тэс сумын Д гэх залуу Ж ламд өгөх ёстой үхэр гэж хэлсэн. Би тухайн үед манайх Наранбулаг сумын Багануур гэх газар байсан юм тэгээд ярьсан болохоор манай эхнэр О бид хоёр өөрийнхөө 25-62 УВХ улсын дугаартай L200 маркийн машинаар Малчин сумын Улаан үзүүр гэх газар очиж Гийн гэрийн гаднаас бор цоохор эх үхэр ачиж ирсэн. Тэгээд тэр үхрийг Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Б гэх айлд хүргэж өгөөд та энэ үхрийг хадгалж байгаарай танай сумын Ж гэх ламд өгөх ёстой үхэр гэж хэлсэн. Тухайн үед Ж лам Хайстын шил гэх нэртэй газар хол байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал),
8.шүүгдэгч А.Ды мөрдөн байцаалтад өгсөн: “Тээгийн худаг гэдэг нэртэй газарт манайх 2021 оны 6 дугаар сарын 18-нд Малчин сумын Зах гэдэг газраас нүүж буусан. Манай 2021 оны 6 дугаар сарын 19-нд сувай үхрүүдээ гэртээ авч ирэхэд тэр 3 үхэр нийлсэн байсан. 20 гаруй хоног манай үхрээс салаагүй болохоор эзэнгүй юм байна гэж ойлгосон. 2021 оны 7 сарын 20-ны үеэр Д.Г утсаар ярихад нь “Энд эзэнгүй 3 үхэр байна” гэж хэлсэн. Тэр 3 тооны үхэр сар гаруй хугацаанд манай үхрээс салахгүй байгаад байхаар нь би эзэнгүй үхэр байна гэж хараад тухайн үед Гийг дуудаад өгч явуулаад нэг нь Ж ламд өгөөрэй гэж хэлээд өгөөд явуулчихсан юм. Г нь малын эзэн Н гэх хүнд 2 сая төгрөг өгсөн, мөн Нт 3 тооны үхрийг зүсээр нь буцааж өгсөн. Надад ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй тул хохирлыг Г барагдуулсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-58, 137-139 дахь тал)
9. Шүүгдэгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 6 сарын эхээр А.Дг надад өрөө өгөөч гэж утсаар ярихад надад одоохондоо өгөх юм алга гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед А.Д руу залгаж дахин өрөө нэхэхэд “Надад өгөх юм алга. Манайд 3 үхэр ирээд сар гаруй болж байна. Үүнийг авбал ав” гэхээр нь золбин /алдуул/ мал байна гэж би ойлгоод “авъя” гэхэд “Нэг үхрийг нь Ж /П.Ю/ ламд өгөөрэй” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд машинтай очиж ачиж аваад, нэг үхрийг нь Ж ламд өгсөн. 2 үхрийг нь өөрийнхөө үхэрт байлгаж байтал эзэн нь ирж авсан” гэх мэдүүлэг,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материалаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайн алдуул малын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар захиран зарцуулж, өмчлөгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгосноор төгсдөг.
Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын малыг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн мал гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно.
2021 оны 6 дугаар сарын дунд үед Тэс сумын Таригын худаг гэдэг газраас Сын үхрээс хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр салж, 10 гаруй км зайтай байх Малчин “Тээгийн худаг” гэдэг газарт шүүгдэгч А.Ды үхэрт 2021 оны 6 дугаар сарын 19-нд нийлсэн байсныг шүүгдэгч Д.Г, А.Д нар нь 2021 оны 7 дугаар сарын дундуур Малчин сумын нутагт шүүгдэгч Д.Гийн гэрт хүргэсэн, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж лам /П.Ю/-д нэг үхрийг өгөхөөр Б.Сар дамжуулан өгч явуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Д, Д.Г нар нь 2021 оны 7 дугаар сарын дундуур 3 тооны үхрийг шүүгдэгч А.Ды үхрээс Малчин сумын нутагт шүүгдэгч Д.Гийн гэрт хүргэсэн явдал нь уг малыг завших зорилгоо биелүүлэхээр бүлэглэн хийж байгаа үйлдэл боловч өмчлөгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгоогүй тул алдуул мал завших гэмт хэргийн шинжгүй үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа этгээдүүд алдуул малыг нэгнийхээ малаас нөгөө нэг этгээдийнхээ малд шилжүүлж буй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, гуравдагч этгээдэд шилжүүлэх, эсхүл нядлах үйлдэл хийснээр гэмт хэрэгт тооцогдоно.
Прокуророос шүүгдэгч нарыг 2021 оны 7 дугаар сарын дундуур бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч Ч.Нийн 3 тооны үхрийг завсан гэж яллаж байгаа боловч 2 тооны үхрийг захиран зарцуулаагүй шүүгдэгч Д.Гийн үхэрт байсныг хохирогч хүлээн авсан тул хохирогчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй байна. Иймд дээрх 2 тооны үхрийг завшаагүй гэж үзнэ.
Харин 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж лам /П.Ю/-ын нэг үхрийг өгч, хохирогчийн өмчлөх эрхийг бүрэн дуусгавар болгосон байх тул шүүгдэгч нарыг нэг тооны үхрийг завшсан гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж лам /П.Ю/-ын өмчлөлд бүрэн шилжүүлэхээр нэг үхрийг өгөхөөр Б.С дамжуулан өгч явуулсан үйлдэл нь өмчлөгчийн өмчлөх эрхийг бүрэн дуусгавар болгож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж бүлэглэн гэмт хэрэг үйлдэх хэлбэрийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэхийг энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцон хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх” гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шүүгдэгч Д.Г, А.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Д, Д.Г нар нь 2021 оны 7 дугаар сарын дундуур 3 тооны үхрийг шүүгдэгч А.Ды үхрээс Малчин сумын нутагт шүүгдэгч Д.Гийн гэрт хүргэсэн явдал нь гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэхгүй болно.
Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ч.Нийн мэдүүлгээр “Цагаан үхэр баруун чих он имтэй зүүн чихэндээ сөд имтэй 6 настай эм үхэр, баруун чих он имтэй зүүн чихэндээ сөд имтэй, 7 настай, бор цоохор эм үхэр, цагаан толботой шар халзан, эр бяруу /2 настай/ гэсэн 3 үхэр алдсан болох нь тогтоогдсон байна.
Увс Финанс Аудит ХХК 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 219 дугаартай “2021 оны 7 дугаар сарын байдлаар Малчин суманд 7 настай эм үхэр 1.200.000 төгрөг, 6 настай эм үхэр 1.100.000 төгрөг, 2 настай эр бяруу 500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал)-ээр хохирогч Ч.Нийн алдсан 3 тооны үхэр нь 2.800.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч нар нь хохирогчийн 6 настай эм үхрийг завшиж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогч Ч.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “Би хулгайн гэмт хэргийн улмаас алдсан 3 тооны үхрийг буцаан зүсээр нь буцааж авсан, эрж хайсны зардалд 2.000.000 төгрөгийг авсан. Одоо миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгч Д.Г, А.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Г, А.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдэнд энэ зүйл, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Д нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал)-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 195-197 дахь тал)-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байжээ.
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал)-р тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ды хувийн байдлын талаар: гэрч Д.Ягийн өгсөн: “Би Аын Дтай 2007 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр хамт амьдраад 14 дэх жил болж байна. А.Д бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд одоогоор Увс аймгийн Зүүнговь сумын 3-р багийн нутагт хөдөө мал маллаж амьдарч байгаа юм. Манай нөхөр Д нь зан аашийн хувьд гайгүй зантай, хүнд худал яриад байдаггүй, янз бүрийн зан ааш байдаггүй юм. Манай нөхөр хааяа нэг найз нөхөдтэйгөө архи уучихдаг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Манайх эд хөрөнгийн хувьд 200 гаруй тооны бог мал, 10 гаруй тооны адуу, 10 гаруй тооны үхэртэй юм. Мөн манайд ногоон өнгийн хятад хуучин мотоцикльтэй, уг мотоциклыг 2014 онд 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд 5-аас 13 насны хүүхдүүдтэй 3 хүүхэд маань Зүүнговь сумын төв дээр сургуульд сурдаг юм. Манай нөхөр Д нь урьд өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан бөгөөд манай амьдралын хувьд нэг их хулгай хийхээр түвшний биш, хэдэн малаа маллаад амьдарч яваа өрх юм. А.Д нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл биетэй, ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),
Шүүгдэгч Д.Гийн хувийн байдлын талаар: гэрч М.Мгийн өгсөн: “Манай нөхөр Д.Г нь даруу төлөв, архи уугаад байдаггүй. Гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг. Адуу малын хашаа саравч барих гэх зэрэг малчин айлын бүхий л хийж болох ажлыг хийдэг. Эрүүл чийрэг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал), гэрч Ц.Бийн өгсөн: “Дгийн Г нь Увс аймгийн Малчин сумын 1-р багийн иргэн бөгөөд тус багт эхнэр Марта болон 4-13 насны 4 хүүхэдтэй, ам бүл 6-уулаа Увс аймгийн Малчин сумын 1-р багийн нутагт мал маллаж амьдардаг юм. Д.Г нь зан аашийн хувьд даруухан нэг их уурлаад байдаггүй, хүнтэй боломжийн сайхан харилцаатай, элдэв муу зан ааш байхгүй даруухан, үг дуу цөөтэй залуу юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүх шүүгдэгч Д.Г, А.Д нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн харицулага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрт нь 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г, А.Д нарын завшсан 1 тооны үхрийг зүсээр нь хохирогч Ч.Нт өгсөн болох нь тогтоогдсон тул түүний үнийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Г, А.Д нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж, битүүмжилсэн иргэний нэхэмжлэгч Ч.Бын өмчлөлийн "Киа пронтер" загварын, 26-07 УВА улсын дугаартай автомашин, шүүгдэгч А.Ды өмчлөлийн улсын дугааргүй 150.000 /Нэг зуун тавин мянган/ төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын хуучин мотоциклийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хойд овогт Дгийн Г, Тайж овогт Аын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, А.Д нарт тус бүрт нь 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус шийтгэсүгэй.
3. Ялтан Д.Г, А.Д нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Ч.Бын 26-07 УВА улсын дугаартай Киа фронтер авто машин, шүүгдэгч А.Ды өмчлөлийн Мустанг-5 мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ