Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

2019         08               29                                            2019/ДШМ/869                                                  

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Б.Э-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Э-т холбогдох 1909003700359 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овгийн Б-ы Э, Архангай аймагт 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 83 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/,

 

Б.Э- нь иргэн Б.Н-г “Цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 14, 28-ны өдрүүдэд Хаан банкны 5281012860 тоот дансаар 1,070,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Э-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч 1,070,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 56 цагийн ажлыг эдлэх ялаас хасч, 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биечлэн эдлэх хэмжээгээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Б.Н-гээс нийт 1,070,000 төгрөгийг авсан нь үнэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан. Би 6 настай охинтой өрх толгойлсон, ганц бие ээж бөгөөд одоогийн байдлаар өөрийн эцэг, эх, эгч, охиныхоо хамт амьдардаг. Ажилд орохоор болсон тул нийтэд тустай ажил хийх ял эдлэхээр энэ боломжоо алдана. Иймд надад оноосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Э-ийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлүүлэх, эсхүл тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөнгөрүүлэх болон харгалзан үзэх бусад нөхцөл байдлын тухайд Б.Э- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн байна. Б.Э-ийн эзэмшсэн боловсрол, гэр бүлийн байдал, 6 настай охинтой өрх толгойлсон, ганц бие эх зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд итгэл хүлээлгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд итгэл алдахгүй байж чадна. Иймд Б.Э-т холбогдох хэргийн хохирол төлбөр төлсөн байдал, түүний хувийн байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харгалзан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-т оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн хүсч байгаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь иргэн Б.Н-г “Цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” гэж хуурч 2018 оны 9 дүгээр сарын 14, 28-ны өдрүүдэд Хаан банкны 5281012860 тоот дансаар 1,070,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Н-гийн “... 2018 оны 9 сарын 13-ны өдөр зүс таних Б.Э- намайг цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө гээд “таньдаг Зул гэдэг хурандаа байдаг, би хэд хэдэн хүнийг оруулсан. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд баталгаатай цагдаад оруулна, 3.000.000 төгрөг өг” гэсэн ... Тухайн өдрөө би Б.Э-ийн 5281012860 гэх данс руу өөрийн 5019083594 дугаарын данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь хамт ажилладаг байсан Д.Цэцэгдэлгэр гэх хүнээс 500.000 зээлж, түүний данснаас Б.Э-ийн 5281012860 дугаартай данс руу шилжүүлсэн. 2018 оны 9 сарын 28-ны өдөр Б.Э- нь “хүмүүс хоолонд оруулах мөнгө хэрэгтэй, таныг ажилд оруулах асуудлыг ярьна” гэж 70.000 төгрөг шилжүүлж авсан. Б.Э- намайг цагдаад ажилд оруулаагүй ба мөнгөө нэхэхээр “маргааш өгнө”, “нөгөөдөр өгнө” гэх мэтээр худал хэлдэг байсан ...” гэх мэдүүлэг /хх 8-9/, яллагдагч Б.Э-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 23-24/, Хаан банкны дансны хуулга /хх 5-6/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э-ийн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэж, тухайн зүйл, хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Э-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон үндэслэлүүд шүүгдэгчид хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх...”-ийг хүссэн шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх Б.Э-ийн хохиролд тооцон шүүхийн дансанд төлсөн 1,070,000 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэж хохирогчид тухайн мөнгийг олгож шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны төрийн сан дахь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 100900005406 тоот дансанд тушаасан 1,070,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-д /РД:/ олгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

                         ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН