Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0526

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МД” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У

Нэхэмжлэгч: “МД” ХХК

Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга

Хариуцагч: Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг мөн Засаг даргад даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У, Х.Д

Хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 158/2024/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МД” ХХК-иас хариуцагч Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг мөн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн “МД” ХК-ийн Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус аймгийн Засаг дарга нарт холбогдуулан гаргасан Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, мөн аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгчийн гаргасан Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь төрийн үйлчилгээний цахим бүртгэлд буруу бүртгэгдсэн мэдээллийн өгөгдлийг залруулах, түүнд үнэн зөвөөр өөрчлөлт оруулахыг даалгах үндсэн агуулга байсан бөгөөд энэ нь цаашид манай байгууллага хуульд заасан журмын дагуу өмнө эзэмшиж байсан газарт хамаарах талбайн хэмжээгээр газар ашиглах тухай хүсэлтийг гаргах, тус компанийн газрын харилцааны түүхчилсэн бүртгэлийг үнэн зөвөөр хадгалах, мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг хангах ач холбогдолтой юм. Гэвч анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлыг холбогдуулан түүнийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамааралгүй агуулгаар шийдвэр гаргасан үзэж байна.

 

3.2. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэж заасан тул тус компани нь үйл ажиллагаа явуулж байсан газраа цаашид ашиглах хүсэлт гаргахын тулд уг хүсэлтийг төрийн үйлчилгээний цахим бүртгэлээр дамжуулах шаардлага үүснэ. Гэвч төрийн үйлчилгээний цахим бүртгэлийн мэдээллийн сан алдаатай, зөрүүтэй байгаа тохиолдолд уг хүсэлтийг үнэн зөв гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний цахим бүртгэл үнэн зөв мэдээллээр хангагдсан байж манай компанид газар ашиглах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргах боломж нээгдэнэ. Харин Засаг даргын хувьд тус алдаатай бүртгэснийг залруулсны дараа газрыг эзэмших, ашиглахтай холбоотой хүсэлтүүдийг шийдвэрлэх байсан.

 

3.3. Монгол улсын төрийн үйлчилгээний цахим бүртгэл үнэн зөв, эргэлзээгүй байх нь хуульд нийцэх бөгөөд анхан шатны шүүх уг асуудлыг Газрын тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн хэрнээ өөрийн хийсэн дүгнэлтэд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй. Мөн Монгол улсын төрийн үйлчилгээний цахим бүртгэл үнэн зөв, эргэлзээгүй байж иргэн, аж ахуйн нэгж газрын эрх зүйн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох боломж үүсэх ба шүүх уг алдаа дутагдал зөрчлийг “гадаадын хуулийн этгээд” нэрийн дор зөвтгөж байгаа нь туйлын шударга бус, хэт нэг талыг барьсан, бусдад давуу эрх олгосон, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

3.4. Нэхэмжлэгчийн тодруулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах биш харин уг агуулгыг тодруулж, газрын албаны цахим бүртгэлд зохих ёсны өөрчлөлт орж, мэдээллийг залруулсны дараа манай гаргасан аливаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх талаар агуулга бүхий шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүх уг тодруулсан шаардлагыг шүүх хуралдааны үеэр хэлэлцэж тодруулсан боловч, шүүхийн шийдвэрт тусгаагүй, энэ талаарх дүгнэлтийг огт хийлгүйгээр анх нэхэмжлэл гаргахдаа илэрхийлсэн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байна.

 

3.5. Маргааны гол агуулга нь “МД” ХК-ийн гаргасан “цахим бүртгэлийн алдааг шалгах, алдаатай бүртгэлийг өөрчлөн залруулах арга хэмжээ авч өгөх, үүний дараагаар газар эзэмшихтэй холбоотой гаргасан хүсэлтийг шийдвэрлэх” тухай хүсэлтийг Засаг дарга хуульд заасны дагуу шийдвэрлээгүй тул уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цаашид цахим бүртгэлд өөрчлөлт орсны дараа тус компанийн гаргасан аливаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.6. Нөгөө талдаа хариуцагч Булган аймгийн засаг дарга нь цахим бүртгэлийн мэдээлэл алдаатай байгаа нөхцөлд аливаа шийдвэр гаргах боломжгүй бөгөөд харин уг мэдээллүүд хуульд заасны дагуу бүрэн бүрдсэний дараа газар эзэмших хугацаа сунгах, эс сунгах шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх Засаг даргын уг үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж байна.

 

3.7. ...анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ“ 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчиж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Тодруулбал

- “ДБ” ХХК-д 1000 м.кв талбайтай газар эзэмшдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Засаг даргын газар олгосон анхны захирамж байхгүй буюу, засаг даргын захирамжгүйгээр газар эзэмшиж, тус газар эзэмшлийн хугацааг удаа дараа сунгасан байгаа нь газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар,

- Тус газрыг хэзээ, хаана салгаж бүртгэсэн талуудын хоорондын хүсэлт, албан бичиг гэх баримтууд нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй талаар,

- Газрын хэмжээг засварлахын тулд танилцуулж, өргөдөл бичүүлж, эрх зүйн акт гаргаж өөрчлөлт оруулдаг гэх боловч “ДБ” ХХК, “МД” ХК нарт холбогдох хүсэлт, өргөдөл гэх зэрэг нотлох баримтууд 2 талын нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй нь тогтоогдож байхад нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байгаа төдийгүй уг асуудлыг шүүхийн шийдвэрт дурдаагүй байгаа нь “ДБ” ХХК-д үндэслэлгүйгээр давуу эрх олгож, Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл хэрэг авагдсан баримтаар тогтоогдсоор байтал уг асуудлыг зөвтгөж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчмыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

 

3.8. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Иймд, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 158/ШШ2024/0018 дугаартай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “МД” ХК-иас Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/115 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, төрийн үйлчилгээний цахим бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус газарт даалгах, мөн аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн газар эзэмших эрхийн хугацааг хүчин төгөлдөр үйлчилж буй захирамжид заасан эзэмшил газрын хэмжээгээр буюу 988 м.кв талбайн хэмжээгээр сунгахыг Булган аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл анх нэхэмжлэгч “МД” ХК нь 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 0.09 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг Булган сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулж, 050400018 дугаартай гэрчилгээг авсан байх ба 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай захирамжийг үндэслэн 944 м.кв газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай, Булган аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар захирамжаар 1668.8 м.кв газрыг албан контор зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, улмаар мөн оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан, мөн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг шинэчлэн тогтоох тухай” А/373 дугаартай захирамжийн хавсралтын 3 дугаарт нэгж талбарын 6308003369 дугаарт МДБулган салбарт даатгалын салбар зориулалттай газрын талбайн хэмжээг 1668 м.кв байсныг 988 м.кв болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.

 

2.3. Харин анхан шатны шүүх “...МД ХК 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон нь дээрх лавлагаагаар тогтоогдож байх тул мөн өдрөөс Засаг даргын 2016 оны А/373 дугаартай захирамжаар эрх олгосон 988 м2 газрыг үргэлжлүүлэн эзэмших, энэ эрхээ сунгуулах хүсэлтийг гаргах эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиудаар тус тус хязгаарлагдан, энэ төрлийн эрх зүйн харилцааны оролцогч биш болсон байна, ... цахим системд “МД” ХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг 668 м.кв гэж бүртгэснийг 988 м.кв болгон залрууллаа ч тухайн компанийн Монгол Улсад газар эзэмших эрхтэй холбогдох харилцаа үргэлжлэхгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

2.4. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” ойлгоно гэж тус тус заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9/3943 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд ““МД” ХК-ийн нийт хувьцааны 99.79 хувийг эзэмшигч Г овогтой С.. Б нь Оросын Холбооны Улсын иргэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг маргаан бүхий газрыг эзэмших болон сунгуулах эрх нь хязгаарлагдсан талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

 

2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлыг холбогдуулан түүнийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамааралгүй агуулгаар шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байх боловч анхан шатны шүүхээс “МД” ХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн нөхцөл байдалд хамааруулан холбогдох дүгнэлт хийснийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэж үзэхгүй.

 

2.6. Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй үйл баримтыг дүгнэхийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэж үзэх бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон үйл баримтыг дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

2.7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “...Булган аймгийн Засаг даргын цахим бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхийг тодруулж, алдаатай бүртгэлийг залруулж өөрчлөн, гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших, ашиглахтай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг тодруулсан хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр илэрхийлэгдэж байх тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

2.8. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн тухайд газрыг тодорхой зориулалт, хугацаа заах замаар гэрээний үндсэн дээр зөвхөн ашиглах боломжтой байх ба нэхэмжлэгчээс ийнхүү хүсэлт гаргах эрх нь нээлттэй төдийгүй уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү газар эзэмших эрхийг хязгаарласан нөхцөл байдал саад болохгүй юм. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн шүүх хуралдаанд тайлбараа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. Харин нэхэмжлэгч нь хэрэв газар ашиглах эрх хүссэн тохиолдолд ашиглах газрын хэмжээгээ тухайн үедээ дахин нягтлах замаар шийдвэрлүүлэх боломжтой.

 

2.9. Мөн нэхэмжлэгчээс “МД” ХК-ийн эзэмшлийн газрыг хувааж “ДБ” ХХК-д олгосон гэх Булган сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах тухай” 116 дугаар захирамжтай маргаж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн энэ талаарх маргаан байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...“ДБ” ХХК-д 1000 м.кв талбайтай газар эзэмшдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, ...анхны захирамж байхгүй буюу, засаг даргын захирамжгүйгээр газар эзэмшиж, тус газар эзэмшлийн хугацааг удаа дараа сунгасан байгаа нь газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...тус газрыг хэзээ, хаана салгаж бүртгэсэн талуудын хоорондын хүсэлт, албан бичиг гэх баримтууд нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй, ...уг асуудлыг шүүхийн шийдвэрт дурдаагүй байгаа нь “ДБ” ХХК-д үндэслэлгүйгээр давуу эрх олгож, Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА