Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
Хэргийн индекс | 180/2016/0121/Э |
Дугаар | 113 |
Огноо | 2016-10-24 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Я.Санчир |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2016/0121/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр
Нарийн бичгийн дарга: Лхагвасүрэн,
Улсын яллагч: Я.Сансар,
Хохирогч: А.Амархүү,
Шүүгдэгч: Г.Отгонтэнгэр нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ганзоригийн Отгонтэнгэрт холбогдох эрүүгийн 201623000211 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 17-05 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Тугчин овогт Ганзоригийн Отгонтэнгэр (РД:СЮ95081619)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Отгонтэнгэр нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тус багийн иргэн А.Амархүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Амархүүгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2016 оны 07 дугаар сарын 16-ны орой эхнэр Т.Номин, охин Бүжинсондор, дүү А.Нандинцэцэг, А.Нандин-Эрдэнэ, Ууганбаяр, Баяр нарын хамт 22 цагийн орчим Хийдийн 08-04 тоот гэрээс гараад “Наран” шатахуун түгээх газрын урд байрлах сагсан бөмбөгийн талбайд очоод тоглож байтал үл таних гурван залуу ирээд бид нар шийдэн дээр тогломоор байна гэхээр нь манай дүү А.Нандин-Эрдэнэ та нар өдөржингөө тоглодог биз дээ, бид нар одоо тогломоор байна гээд тэд нарын бөмбөгийг нь манай эхнэр Т.Номин хашаа давуулаад шидсэн, тэгсэн тэд нар бөмбөгөө аваад тоглож чадна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай дүү А.Нандин-Эрдэнэ бид нар тоглож байна гэж хэлсэн чинь тэр хүмүүс дүү А.Нандин-Эрдэнийг цохих гээд байхаар нь би та нар зүгээр байгаарай гэсэн чинь саарал цамцтай залуу нь надтай барьцалдаад авсан. Намайг тэр залуу миний шанаан тус газар гараараа нэг удаа цохисон тэгэхээр нь би холдуулах гээд бие лүү нь хоёр гурван удаа цохисон тэгээд тавиад байж байснаа нөгөө залуу буцаж ирээд яасан овоо юм гээд подволконы захаас нэг гараараа заамдаж байгаад намайг доош дараад намайг хэд
D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол\шийтгэх тогтоол 99,1 Отгонтэнгэр.docx
цохисонг мэдэхгүй байна цохиол байсан тэгээд зүүн нүдний доод хэсгээс цус гарахад ухаан орсон нэг хэсэг ухаан балартсан байна лээ тэр хооронд манай дүү А.Нандин-Эрдэнэ цагдаа дуудсан чинь сагсан бөмбөгийн талбайгаас гараад зугтсан манай эхнэр явуулахгүй гээд тэр залуутай зууралдаад байсан. Би тэр үед нүд рүү хатгаж өвдөөд нүдээ дараад доошоо суусан тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гээд нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Гэрч А.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн ах Амархүү, эгч Номин, Нандин-Эрдэнэ, дүү Бүжинсондор, Ууганбаяр, Баяр нарын хамт гэртээ хоол идчихээд 21 цаг өнгөрөөгөөд хийдийн 8-04 тоот гэрээсээ гарч манай гэрийн замын эсрэг талд байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан. Тэгсэн чинь таван залуу ирээд нэг шоотой цамцтай залуу нь бид нар тогломоор байна гээд бид нарыг тоглож байхад бөмбөгөө шидээд байсан тэр Отгонтэнгэр гэдэг залуу нь бөмбөгөө шидээд бай хэлж байсан. Тэгэхээр манай эгч Нандин-Эрдэнэ та нар өдөржингөө тоглодог биз дээ бид нар ажлаа тараад тоглох гэсэн юм бид нар тоглож болохгүй юм уу гэсэн. Тэгээд тэр хэд бөмбөгөө шидээд болохгүй байсан би тэр үед хоёр дүү маань урд талын гулгуур дээр тоглож байсан би хоёр дүүгээ авч ирсэн Отгонтэнгэр гэдэг залуу манай ах Амархүү рүү “эр хүн шиг үзье” гээд дайраад байсан. Тэгээд манай ах Отгонтэнгэр гэдэг залуутай зодолдсон гэхдээ тэр Отгонтэнгэр гэдэг залуу түрүүлээд цохисон манай ахыг доош дараад цохиод байсан. Номин эгч бид түр салгасан тэгсэн ч тэр Отгонтэнгэр гэдэг залуу Номин эгчийн бас толгой руу нэг удаа цохиод байсан. Манай эгч Нандин-Эрдэнэ цагдаа дуудна гэж байсан чинь тэр шоотой цамцтай хүүхэд би дуудаад өгье эгчээ гээд залгаж байсан Номин эгч чи худлаа дуудаагүй байна ш дээ гээд утсыг нь үзсэн залгаагүй байсан тэгээд надад Нандинцэцэг эгчийн утас надад байсан утас аваад ир гэхээр би аваачиж цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Номин эгч Отгонтэнгэр гэдэг залуугийн араас нь гүйгээд явсан байсан. Зодоон тоглоом дээрээс болсон. Отгонтэнгэр гэдэг залуу өдөж байгаа юм шиг бөмбөг шидээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч А.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “... Тэгсэн чинь таван залуу ирээд нэг шоотой цамцтай залуу нь бид нар тогломоор байна гээд бид нарыг тоглож байхад бөмбөгөө шидээд байсан тэр Отгонтэнгэр гэдэг залуу нь бөмбөгөө шидээд бай хэлж байсан. Тэгэхээр манай эгч Нандин-Эрдэнэ та нар өдөржингөө тоглодог биз дээ бид нар ажлаа тараад тоглох гэсэн юм бид нар тоглож болохгүй юм уу гэсэн. Тэгээд тэр хэд бөмбөгөө шидээд байхаар нь би шоотой цамцтай залууг түлхсэн тэгээд би тэр хэдийг загнаад та нар жоохон юм байж архи дарс уугаад гэж хэлсэн манай ах намайг татаад боль гэсэн чинь Отгонтэнгэр гэдэг залуу манай ах Амархүү рүү “эр хүн шиг үзье” гээд дайраад байсан. Тэгээд манай ах Отгонтэнгэр гэдэг залуутай зодолдсон гэхдээ тэр Отгонтэнгэр гэдэг залуу түрүүлээд цохисон манай ахыг доош дараад улайраад цохиод байсан. Номин эгч бид түр салгасан тэгсэн ч тэр Отгонтэнгэр гэдэг залуу Номин эгчийн бас толгой руу нэг удаа цохиод байсан. Би дайраад байхаар нь зодоод байгаа залууг үснээс нь нэг удаа татсан. Би цагдаа дуудах гэсэн чинь миний гар утас олдохгүй байхаар би цагдаа дуудмаар байна гэсэн чинь тэр шоотой цамцтай хүүхэд би дуудаад өгье эгчээ гээд залгаж байсан. Номин эгч чи худлаа дуудаагүй байна ш дээ гээд шоотой цамцтай хүүхэдтэй хэрэлдэж байх хооронд манай дүү Нандинцэцэг миний гар утсыг авч ирж өгсөн би шууд цагдаад хандсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Гэрч Т.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 19 цагийн үед ажлаасаа тараад гэртэй очоод цайгаа уугаад 21 цагийн үед нөхөр Амархүүгийн 2 хүүхэд, 2 дүүгийн хамт тоглоомын талбайн сагсан бөмбөгийн талбайд ороод тоглосон... “Наран” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр урд талын тоглоомын талбай ороод сагсан бөмбөг тоглож байсан. Тэгээд удалгүй хоёр хүүхэд ирээд шоотой цамц өмссөн хүүхэд нь цуг тоглъё гэж хэлсэн тэгэхээр би хүлээж бай бид нар тоглож дуусаагүй байна бид нарыг тоглож дуусхаар тоглочих гэж хэлсэн тэгсэн тэр хоёр хүүхдийн хажууд зогсож байсан саарал цамцтай нь шийдрүү шийдээд байхаар нь би бөмбөгийг нь аваад хашаа давуулаад шидсэн тэр хоёр хүүхдийн шоотой цамцтай нь яваад бөмбөгөө аваад авч ирээд дахиад шидээд байсан манай дүү Нандин-Эрдэнэ “та хоёр ямар сонин юм бэ та нар өдөр болгон тоглодог биз дээ бид нар жоохон тоглоод дууслаа ш дээ” гэж хэлсэн чинь саарал цамцтай хүүхэд нь “чи намайг жоохноор дууддаг хэн бэ хоёулаа зайндаа гаръя” гэж хэлэхэд манай нөхөр Амархүү та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр саарал цамцтай залуу “чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд манай нөхрийг тоглоомын талбайн торлуу заамдаж шахсан тэгээд манай нөхрийг цохиж эхэлсэн тэр хажууд зогсож байсан шоотой цамцтай хүүхэд манай нөхрийн араас үсэрч барьж авахаар нь би татаад буулгасан би цагдаа дуудаачээ гэсэн чинь тэр хэд зугтаасан би араас нь гүйгээд тэр саарал цамцтай хүүхдийг “чи битгий зугтаад бай” гэсэн чинь тэр залуу “эрэгтэй юм байж ганц залуутай зодолдож чадахгүй арчаагүй гар вэ” гэсэн заавал тийм байхаараа хүнтэй зодолдох ёстой юмуу гэж хэлсэн чинь амжих уу янхан минь гэж хэлсэн би танай ээж янхан биш үү гэж хэлсэн тэгээд зугтаагаад яваад өгсөн тэгээд танидаг хүнээр нь гэрийн хаяг энэ тэрийг нь олж цагдаагаар бариулсан. Манай нөхрийн зүүн нүдний ухархайн яс хугарсан зүүн нүд унжилттай юм хоёр хараад байгаа одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Яллагдагч Г.Отгонтэнгэрийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57, 61 тал/,
Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹149, Дүгнэлт: 1. А.Амархүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү, тохойн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь маажигдах, цохигдох үед үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 20 тал/,
Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн нэмэлтээр дүгнэлт гаргасан акт ¹149, Дүгнэлт: 1.А.Амархүүгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 5-10% алдагдана... гэжээ. /хх-ийн 22 тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72 тал),
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65 тал) зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Г.Отгонтэнгэр нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тус багийн иргэн А.Амархүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Отгонтэнгэр нь санаатайгаар хохирогч А.Амархүүг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч А.Амархүү, гэрч А.Нандинцэцэг, А.Нандин-Эрдэнэ, Т.Номин нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй болно
Хохирогч А.Амархүү нь шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин 300.000 гаруй төгрөг, эмчилгээтэй холбогдон гарсан зардал гэх мэт нийт 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж үзвэл хохирогч А.Амархүү ажил хийдэг, хичнээн төгрөгийн цалин авдаг болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт Г.Отгонтэнгэр нь шүүгдэгчид эмчилгээний зардал 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хохирогч талтай утсаар ярилцаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан хохирогч А.Амархүүгийн эмчилгээтэй холбогдуулан гарсан зардал гэх бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, нотлох баримтын шаардлага хангасан 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тугчин овогт Ганзоригийн Отгонтэнгэрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Отгонтэнгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Отгонтэнгэрээс эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Амархүүд олгож, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн илүү нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Отгонтэнгэрт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УЯНГА