Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0566

 

 

                                               

                                             

                                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “З Э Х” ХХК                                                               

Хариуцагч: ЭБМЗ, УУХҮЯ

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан катодын зэс гаргах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд “М ш л т” ХХК-ийн хийсэн тодотголыг ЭБМЗөөр хэлэлцүүлж холбогдох хууль, журмын дагуу шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З Э Х” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай “З Э Х” ХХК нь 24500 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Монголд анх удаа иргэд өөрсдийн хувь, хөрөнгийг нийлүүлэн Зэсийн үйлдвэр барьж байгуулан үр шимийг нь хүртэж болохуйц жишиг загварыг гаргахаар зорин ажиллаж байгаа билээ. Бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт Э үийн баланст бүртгэлтэй 8а 12 дугаар овоолгуудад түшиглэн энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Э ү ХХК /хуучин нэрээр/-тай 2015 оны 10-р сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-г 20-н жилийн хугацаатай байгуулсан.

Уг гэрээг байгуулахын өмнө холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2015 оны 02-р сарын 04-ны өдөр 15-01-06 дугаартай ЭБМЗийн дүгнэлтийг гаргуулж, 2015 оны 02-р сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай Ашигт малтмалын газрын даргын тушаалаар катодын зэс гаргах үйлдвэрийн Техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулсан.

Дээрх батлуулсан ТЭЗҮ-д “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ийн 7.3-т заасан үндэслэлээр 2020 онд тодотгол хийлгэх шаардлага үүссэн. Улмаар 2020 оны 01 сард уул уурхайн зураг төслийн “М ш л т” ХХК-иар тодотгол боловсруулан журамд заасны дагуу шинжээч томилуулахаар Уул уурхайн яаманд хүсэлт гаргасан.

Уул уурхайн яам “М ш л т” ХХК-ийн дээрх хүсэлтийг хүлээн авч танилцан манай компани болон “Э ү” ТӨҮГ-ын хооронд байгуулсан 2015 оны 10-р сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-тэй холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна гэх шалтгаанаар шинжээч томилох боломжгүй гэсэн эхний хариуг өгсөн.

Үүний дараа 2020 оны 09 сард манай компани болон “Э ү” ТӨҮГ-ын хооронд үүссэн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул ТЭЗҮ-ийн тодотголд шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 10-р сарын 13-ны өдөр дахин гаргасан.

Гэтэл тус яамны уул уурхайн бодлогын газрын дарга Б.Э 2020 оны 10-р сарын 22-ны өдөр 06/2622 дугаартай албан бичгээр …танай компанийн зүгээс уусгалтын технилоги хэрэгжүүлэхэд баримталж буй байр суурийг зарчмын хувьд дэмжиж байна гээд Ашигт малтмалын тухай хуульд 2016 оны 11 сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу манай компанийг үүсмэл ордын зөвшөөрөл авах шаардлагатай, үүний дараа ТЭЗҮ боловсруулж ашиглах нь зүйтэй...гэх хоёр дахь үндэслэлгүй хариуг өгсөн.

Бидний зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч 2020 оны 12 сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандан гомдол гаргасан боловч хуульд заасан тодорхой үндэслэл, тайлбаргүйгээр гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариуг 2020 оны 12 сарын 25-ны өдөр 03/3217 дугаартай албан бичгээр уг яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Н*******аас ирүүлсэн.

Нэг асуудлаар 2 удаа хандахад 2 өөр үндэслэлгүй тайлбарыг хийж, хуулийг илтэд буруу тайлбарлан бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болон зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа ЭБМЗийн шийдвэрийн талаар үнэлгээ, дотоод аудитын газарт гомдол гаргахад мөн адил хариуг өгч хууль тогтоомжид заасан үүргээ зохих байдлаар хэрэгжүүлсэнгүй.

Ийнхүү бид удаа дараа УУХҮЯ-д хандахдаа шинээр орд газар эзэмших тухай болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэл сонирхол илэрхийлээгүй нь өргөдөл, хүсэлт, гомдол түүнд хавсаргасан баримт зэргээс тодорхой харагдаж байхад үндэслэлгүй тайлбарыг хийж, хуулийг буруу тайлбарлан бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Манай катодын зэс гаргах үйлдвэрийн ажил өнөөдрийн байдлаар 40% хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа ба 56,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Үйлдвэрийн ТЭЗҮ-д хийсэн тодотголыг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа хууль бус, үндэслэлгүй шийдвэрийн үр дагавраар дээрх ажил зогсонги байдалд орох, цаашдын хөрөнгө оруулалтын асуудлууд шийдвэрлэгдэхгүй байх, 24500 гаруй хувьцаа эзэмшигчдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсч улмаар компани  96,000,000,000 хэмжээний хохирол хүлээх болоод байна.

Иймд 2015 оны 02-р сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан катодын зэс гаргах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд “М ш л т” ХХК-ийн хийсэн тодотголыг ЭБМЗөөр хэлэлцүүлж холбогдох хууль, журмын дагуу шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч талаас хариу тайлбартай нь холбоотойгоор яригдаж байгаа асуудлыг 4 бүлэгт авч үзэхээр байна. Хариуцагчийн зүгээс манай компанийн зүгээс гаргасан техник эдийн засгийн үндэслэлд хийсэн тодотголыг шинжээч томилуулаад ЭБМЗөөр хэлэлцэх асуудыг аль салбар хуралдаанаар хэлэлцэхийг ойлгохгүй төөрөлдөөд байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. ЭБМЗийн 2018 оны дүрмийн 4.1 дэх хэсэгт зааснаар ЭБМЗ нь хэлэлцэх асуудлаасаа хамаараад 4 салбар хуралдаантай байгаа. 4.1.4 дэх хэсэгт заасны дагуу боловсруулах үйлдвэр газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх ТЭЗҮ-г хэлэлцэх салбар хуралдаанаар бол хэлэлцүүлэх зохицуулалттай байдаг. Гэтэл хариуцагч талаас ашигт малтмалын орд ашиглах салбар хуралдаанаар хэлэлцүүлнэ. Иймд нөөцөө дахин ашиглах гэсэн асуудал яриад байна. Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай. 2015 онд техник эдийн засгийн үндэслэлээ батлахдаа катодын зэс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл гэж батлуулсан. Ашигт малтмалын тухай хуулиас харвал үүсмэл орд ашиглаж байгаа тохиолдолд 2,5 хувиар тооцно гэсэн байсан. Манайх үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөлгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 47.5.1 дэх хэсэгт заасны дагуу 7 хувиар ашиглалтын төлбөрөө төлөхөөр техник эдийн засгийн үндэслэлтэйгээр батлуулсан байгаа гэдгийн анхаарах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч байгууллага ямар асуудлаар хандаад байна гэдгийг ойлгоогүй юм шиг байна. “З Э Х” ХХК тусгай зөвшөөрөл хүсээд өргөдөл гаргаж байна гэж ойлгоод байна. Гэтэл 2015 онд нөөцийг нь баталсан техник эдийн засгийн үндэслэл дээрээ тодотгол хийлгүүлэх асуудлаар хандаад байгаа. ЭБМЗийн журамд заасныхаа дагуу салбар хуралдаанаа хэлэлцүүлдэггүй, дүгнэлт гаргуулдаггүй асуудлыг хооронд нь хольж хутгаад байдаг. ЭБМЗийн албан тушаалтан нь уул уурхайн газар байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ЭБМЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... ЭБМЗд холбогдох З Э Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М*******ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай тушаалаар батлагдсан катодын зэс гаргах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн тодотголыг ЭБМЗөөр хэлэлцүүлж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулах үйлдвэрлэлийн шат дамжлагыг нэмэгдүүлэх, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх экспортлох,нэр төрлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах зорилго тавин ажиллаж байна. Энэ ч үүднээс үүсмэл орд ашиглаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхийг дэмжин ажилладаг. Ашигт малтмалын ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл гэж ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн нөөцөд тулгуурлан ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах, төсөл хэрэгжүүлэх хувилбаруудын техник технологийн боломж, эдийн засгийн үр ашгийг тооцсон баримт бичгийг хэлнэ гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар баталсан Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах ерөнхий шаардлагууд ба техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журамд тусгасан.

ЭБМЗийн салбар хуралдаанаар ашигт малтмалын ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхдээ ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх зөвлөлийн салбар хуралдаанаар хэлэлцэн нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх асуудлаар гарсан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн оновчтой арга аргачлал техник технологийн шийдлээр эдийн засгийн судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр боловсруулсан, эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэлэлцэн тэмдэглэл хөтлөн, техник эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах эсэх тухай дүгнэлт гаргах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн дүрэмд тусгасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд 2016 онд нэмэлт, өөрчлөлт оруулж үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Үүнд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь хэсэгт зааснаар тус тус заасан байдаг. Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 1,2 дугаар хавсралтаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15 дугаар заасныг тус тус баталж мөрдүүлсэн. Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн ордын талбайн тодорхой хэсгийг үүсмэл ордын нөөц болон үүсмэл орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээчийн бүрэлдэхүүнийг томилохоор Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт тусгасан.

Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.4, 3.5 дахь хэсэгт тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч З Э Х ХХК-ийн хувьд 2015 онд анх техник эдийн засгийн үндэслэл боловсруулж ЭБМЗөөр хэлэлцүүлж байх үед үүсмэл орд ашиглах эрх зүйн орчин бүрдээгүй байсан юм. Нэгэнт 2016 онд үүсмэл орд ашиглах эрх зүйн орчин хүчин төгөлдөр хуулийн хүрээнд бүрдсэн учраас шинээр бүрдсэн эрх зүйн орчинд нийцүүлж үйл ажиллагаа явуулах үүрэгтэйг сайтар анхаарах хэрэгтэй билээ.

Иймээс үүсмэл орд дахь ашигт малтмалын нөөц агуулгын хэмжээг шинэчлэн тогтоож ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн нөөцөд тулгуурлан техник технологийн шийдэл, эдийн засгийн үр ашгийг тооцоолсон техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан ЭБМЗийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх зөвлөмжийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06/2622 дугаартай албан бичгээр З Э Х ХХК-д хүргүүлсэн.

Тус компани нь үүсмэл ордод агуулагдаж буй ашигт малтмалын нөөцийн хэмжээ агуулгыг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж нөөцийн тайланг боловсруулж ЭБМЗөөр хэлэлцүүлж уг нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Үүний дараа уг үүсмэл ордыг ашиглах уусгалтын үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох төрийн байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, 48.6.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг хянуулж, улмаар ЭБМЗийн хурлаар хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргадаг. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал эрчимтэй тархаж улс орнууд хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед ЭБМЗ ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх хурлыг цахим хэлбэрээр хуралдаж, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 11 удаа зохион байгуулж 130 асуудлын 98 техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан байна. ЭБМЗ нь хуулийн хүрээнд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн зөвлөмж, дүгнэлт гарган шийдвэрлэх асуудал хэзээд нээлттэй байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй байна.

Мөн “Э ү” Эийн овоо зэс, молибдений ордын ашиглалтын явцад үүсгэсэн бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолго нь үүсмэл ордод хамаарч байгаа ба тухайн исэлдсэн хүдэрт агуулагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч, 2019 онд нэмэлт өөрчлөлт, оруулсан Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн нийтийн өмч мөн юм. Иймээс төрийн нийтийн өмч болох ашигт малтмалыг ашиглахдаа Улсын Их Хурал, Засгийн газрын баталсан хууль, журмын дагуу үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсэх боломжтой юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... ЭБМЗд 4 салбар зөвлөл байдаг. Уурхай олборлолтоос үүссэн исэлдсэн хүдрийн тусгайлсан овоолсон зүйл юм. Энэ нь боловсруулах үйлдвэрийн шат биш, баяжуулах үйлдвэрийн шат юм. Техник эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар нь өөрөө хэлэлцэх болов уу гэсэн дүгнэлтийг өгч байна. Нөөцийн хувьд 8А12 дугаар овоолго нь 39 сая 731 тонн хүдрийн овоолго ашиглахаар энэ нь 98 хувь нь хамаарч байна. Э ү нь 2016 онд техник эдийн засгийн үндэслэл боловсруулахдаа төсөл хэрэгжүүлэх хугацааг 9 жилээр нийт хөрөнгө оруулалтын 33 сая ам доллар хөрөнгө оруулахаар, хөрөнгө оруулалтын нөхөх хугацааг 8,1 жилээр техник эдийн засгийг боловсруулсан байгаа. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөрөө төрийн нийтийн өмч мөн юм гэж заасан байдаг.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“З Э Х” ХХК нь тус шүүхэд хандан “2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан катодын зэс гаргах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд “М ш л т” ХХК-ийн хийсэн тодотголыг ЭБМЗөөр хэлэлцүүлж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “З Э Х” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах “Э” үйлдвэрийн балансад бүртгэлтэй 8а, 12 дугаар овоолгуудад түшиглэн төсөл хэрэгжүүлэхээр “Э үйлдвэр” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-г 20 жилийн хугацаатай байгуулсан.[1]

1.2. Дээрх гэрээг байгуулахын өмнө холбогдох хууль тогтоомжид зааснаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15-01-06 дугаартай ЭБМЗийн дүгнэлтийг[2] гаргуулж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаар Ашигт малтмалын газрын даргын тушаалаар катодын зэс гаргах үйлдвэрийн Техник-эдийн засгийн үндэслэл /цаашид “ТЭЗҮ” гэх/-ийг батлуулсан.[3]

1.3. ЭБМЗийн 15-01-06 дугаартай дүгнэлтийн “Ашигт малтмалын газрын даргад уламжлахаар шийдвэрлэсэн хэсэг”-ийн 7-д “ТЭЗҮ-д тусгасан үйлдвэрийн хүчин чадал, техник, тоног төхөөрөмж, технологи, эдийн засгийн тооцоог өөрчлөх тохиолдолд уг ТЭЗҮ-д тодотгол хийлгэж байхыг Уул уурхайн хэлтэс /С.Б*******/-т, тодотгон хэлэлцүүлэхийг “З Э Х” ХК /Ж.Д*******/-т даалгах”-аар заасан.

1.4. Мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаар тушаалын 3 дахь заалтаар “ТЭЗҮ-д тусгасан үйлдвэрийн хүчин чадал, техник, тоног төхөөрөмж, технологи, эдийн засгийн тооцоог өөрчлөх тохиолдолд уг ТЭЗҮ-д тодотгол хийлгэж байхыг Уул уурхайн хэлтэс /С.Б*******/-т даалгаж” шийдвэрлэсэн.

1.5. Тус компани энэхүү ТЭЗҮ-д тодотгол хийлгэх шаардлага 2020 онд бий болж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “М ш л т” ХХК-тай АГГ-19/18 тоот Ажил гүйцэтгэх гэрээ[4] байгуулж, 2020 оны 01 дүгээр сард “Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших АА-DDDDDD тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь 8а болон 12 дугаар исэлдсэн хүдрийн овоолгуудыг ашиглах катодын зэсийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол”[5]-ыг боловсруулж гаргуулсан.

1.6. Тодотголыг боловсруулсан “М ш л т” ХХК-ийн зүгээс дээрх тодотголд “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-д заасны дагуу шинжээч томилуулахаар Уул уурхайн яаманд /хуучин нэрээр/ хүсэлт гаргасан.[6]

1.7. Уул уурхайн яам дээрх хүсэлтийг хүлээн авч танилцан “З Э Х” ХХК болон “Э ү” ТӨҮГ-ын хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-тэй холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна гэх шалтгаанаар шинжээч томилох боломжгүй гэсэн эхний хариуг өгсөн.

1.8. Үүний дараа буюу 2020 оны 09 дүгээр сард “З Э Х” ХХК болон “Э ү” ТӨҮГ-ын хооронд үүссэн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул ТЭЗҮ-ийн тодотголд шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин гаргасан.

1.9. Гэтэл тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Э 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 06/2622 дугаартай албан бичгээр “… танай компанийн зүгээс уусгалтын технилоги хэрэгжүүлэхэд баримталж буй байр суурийг зарчмын хувьд дэмжиж байна” гээд Ашигт малтмалын тухай хуульд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу “З Э Х” ХХК-ийг үүсмэл ордын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай, үүний дараа ТЭЗҮ боловсруулж ашиглах нь зүйтэй ...” гэх хоёр дахь хариуг өгсөн.[7]

1.10. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандан гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариуг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 03/3217 дугаартай албан бичгээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н-аас ирүүлсэн.[8]

1.11. Нэхэмжлэгчийн зүгээс “нэг асуудлаар 2 удаа хандахад 2 өөр тайлбарыг хийж, хуулийг илтэд буруу тайлбарлан бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болон зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа ЭБМЗийн шийдвэрийн талаар үнэлгээ, дотоод аудитын газарт гомдол гаргахад[9] мөн адил хариуг өгч хууль тогтоомжид заасан үүргээ зохих байдлаар хэрэгжүүлэхгүй буюу ЭБМЗийн хурлаар ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль бус” гэж, харин хариуцагч нарын зүгээс “Ашигт малтмалын тухай хуульд 2016 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу “З Э Х” ХХК нь исэлдсэн хүдрийн овоолгод Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь хэсэгт зааснаар үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрөл авах ёстой” хэмээн маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “З Э Х” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараар ЭБМЗ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас тодруулан авч үзвэл хариуцагч ЭБМЗийн эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж гомдож байгааг дурдах нь зүйтэй.

2.2. Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд ЭБМЗөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

2.3. Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзвэл ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн зүгээс ирүүлсэн аливаа техник, эдийн засгийн үндэслэлд ЭБМЗөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр томилж, тухайн шинжээчийн дүгнэлтийг тус мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас хэлэлцэн холбогдох шийдвэр гаргахаар зохицуулжээ.

2.4. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 074 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”[10]-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Уул уурхайн төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулснаас хойш ашиглалт явуулалгүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ” гэж заажээ.

2.5.  Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “З Э Х” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах “Э” үйлдвэрийн балансад бүртгэлтэй 8а, 12 дугаар овоолгуудад түшиглэн төсөл хэрэгжүүлэхээр “Э ү” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ”-г 20 жилийн хугацаатай байгуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд тус гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15-01-06 дугаартай дүгнэлтийн “Ашигт малтмалын газрын даргад уламжлахаар шийдвэрлэсэн хэсэг”-ийн 7 дахь заалт болон Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаар тушаалын 3 дахь заалт нь тус тус дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгтэй шууд холбогдож байна.

2.6. Тодруулбал, дээр дурдсан журмын холбогдох заалт, дүгнэлт болон тушаалаар тухайн техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авснаас хойш 5 жил тутамд техник, эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу “З Э Х” ХХК-д оногдуулсан болох нь тогтоогдож байна.

2.7. Тиймээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “М ш л т” ХХК-тай АГГ-19/18 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар 2020 оны 01 дүгээр сард “Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших АА-DDDDDD тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь 8а болон 12 дугаар исэлдсэн хүдрийн овоолгуудыг ашиглах катодын зэсийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол”-ыг боловсруулж гаргуулсан нэхэмжлэгч “З Э Х” ХХК-ийн үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг болон ЭБМЗийн 2015 оны 15-01-06 дугаартай дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын Т/21 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголд холбогдуулан шинжээч томилуулах, түүнчлэн ЭБМЗийн хуралдаанаар асуудлаа хэлэлцүүлэх хүсэлт гаргах цаг мөчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “ЭБМЗийн дүрэм”[11] хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

2.9. Харин уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх цаг мөчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/195 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “ЭБМЗийн дүрэм”[12] хүчин төгөлдөр үйлчилж байна.

2.10. Дээрх дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.9 дэх заалт, 48.4 дэх хэсэг, Газрын тосны тухай хуулийн 23.2, 23.3 дахь хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.5, 28.6.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох   хууль тогтоомж, судалгааны арга, аргачлал, заавар, журамд нийцэж буй эсэх талаар зөвлөмж, дүгнэлт гаргана:” гээд мөн зүйлийн 2.1.3 дахь заалтад “Ашиглалтад бэлтгэгдсэн ордыг ашиглах ТЭЗҮ, ... баяжуулах  үйлдвэрийн ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол;” гэж заажээ.

2.11. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд ашиглалтад бэлтгэгдсэн ордыг ашиглах ТЭЗҮ, баяжуулах  үйлдвэрийн ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол аль алиныг ЭБМЗ хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх чиг үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

2.12. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах хэлбэр нь хуралдаан байна” гээд мөн зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.4 дэх заалтад “Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан;”, 3.2.5 дахь заалтад “Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан;” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын орд ашиглах болон боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, тэдгээрийн тодотголын аль алиныг нь мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4 болон 4.5 дахь хэсэгт заасан холбогдох салбар хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргахаар зохицуулжээ.

2.13. Дээр дурдсан хууль болон журамд зааснаар “З Э Х” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа хариуцагч ЭБМЗийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй болох бөгөөд зохих журмыг баримтлан асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

2.14. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа “Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06/2622 тоот албан  бичгээр нэхэмжлэгч “З Э Х” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголд шинжээч томилуулах, улмаар ЭБМЗийн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн” гэх боловч дээр дурдсан ЭБМЗийн дүрмийн холбогдох заалтуудаас үзэхэд тус 06/2622 тоот албан бичгийг ЭБМЗийн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

2.15. Түүнчлэн дээр дурдсан 06/2622 тоот албан бичгийг гаргахдаа ЭБМЗийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй болохыг хариуцагч ЭБМЗийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүгээрээ ЭБМЗийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 болон 3.2 дахь хэсгүүдийг үйл ажиллагаандаа баримтлаагүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2.16. Талууд “З Э Х” ХХК-ийн ашиглаж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах “Э” үйлдвэрийн балансад бүртгэлтэй 8а, 12 дугаар овоолгуудыг ашигт малтмалын үүсмэл орд мөн эсэх дээр маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй бөгөөд харин тус овоолгод түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндэслэлд хамаарах тодотголыг ЭБМЗ хэлэлцэх учиртай эсэх дээр маргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсан найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З Э Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Т/21 дугаартай Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан катодын зэс гаргах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд “М ш л т” ХХК-ийн хийсэн тодотголыг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч ЭБМЗ-д даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭБМЗ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тус бүр 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Нэгдүгээр хавтаст хэргийн /цаашид “1Хх” гэх/ 28-41 дэх тал

[2] 1Хх 47-51 дэх тал

[3] 1Хх 52 дахь тал

[4] 1Хх 53-55 дахь тал

[5] 1Хх 56-139 дэх тал

[6] 1Хх 141 дэх тал

[7] 1Хх 143 дахь тал

[8] 1Хх 146 дахь тал

[9] 1Хх 147-149 дэх тал

[10] 1Хх 208-244 дэх тал

[11] 1Хх 245-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн /цаашид “2Хх”гэх/ 1-2 дахь тал

[12] 2Хх 21-33 дахь тал