Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00057

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ү-гийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01965 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ү,

Хариуцагч “Ч Б” ХХК-д холбогдох,

 

Хохиролд 3 985 820 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч Б” ХХК-д тогооч ажилтай Д.Ү нь тус компанид 2016 оны 07 дугаар сараас эхлэн ажилд орсон. 2017 оны 01 дүгээр сард 1 жилийн хугацаа сунгаж ажилласан боловч 2017 оны 04 дүгээр сард ажлын ачааллаас болоод нурууны суулт өвчний оноштойгоор хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хэвтэж эмчлүүлэх явцдаа 1 сар нийгмийн даатгалаас акт буюу листний мөнгөө бодуулж авсан. Гэтэл 5, 6, 7 дугаар сарын актны мөнгөө бодуулж авах гэтэл уг байгууллага нь нийгмийн даатгалд төлөх ёстой мөнгөө төлөөгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт тасарсан учир 5 сар, 23 хоног, 6 сар 21 хоног, 7 сар 19 хоног тухайн хугацааны 679 000 төгрөг такси унаа бусад зардалд 120 000 төгрөг, нийт 799 000 төгрөгөөр хохирсон, хохирлоо нэхэмжилж байна.

Мөн уг байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин илүү цаг ажиллуулдаг байсны хохирол болох 9 сарын хугацаанд 884 цаг болж байх бөгөөд үүнд 3 186 820 төгрөгийг нэхэмжилж байх тул хариуцагч “Ч Б” ХХК-аас нийт 3 985 820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ү нь 2016 оны 08 дугаар сараас эхлэн тус компанид тогоочоор ажилд орсон ба орсон цагаас эхлэн эрхэлсэн ажилдаа тогтворгүй, ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлж ажлын цагтаа бүрэн гүйцэд ажиллаж байгаагүй. Хэд хэдэн удаа аман байдлаар сануулга өгч байсан ба тухайн сарын ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг цаг тухайд нь манай компанийн зүгээс олгож байсан. 2017 оны 04 дүгээр сард өвчтэй хэмээн эмнэлгийн магадлагааны хуудас авч ирэхэд нь Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу өвчтэй байсан хугацааны тэтгэмжийн мөнгийг бодон олгосон. Түүнээс хойш үргэлжлүүлэн эмнэлгийн хяналтанд орж байгаагаа хэлэлгүй, сураггүй болсон тул манай компанийн зүгээс төлөх шимтгэлээ зогсоосон.

Хэрэв хоорондоо зөв ойлголцсон бол хуулийн дагуу манайх шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа. Тиймээс ч өнгөрсөн 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлүүдийг компанийн анхан шатны баримтад шалгалт оруулан, нөхөн төлсөн бөгөөд 2017 оны 08 дугаар сараас эхлэн нийгмийн даатгал нь компаниас хэвийн төлөгдөж байгаа.

Харин Д.Үгийн нэхэмжилж буй илүү цагийн хөлс гэх төлбөрийг  хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь, түүний ажилласан цагт ногдох хөлсийг цаг тухайд нь олгосон болно. Нэг өдөрт 12 цаг ажиллах ёстой ба цалинг цагаар тооцож тогтоосон. Гэвч бүтэн 12 цаг ажиллаж байгаагүй, цалин нь хасагдаж олгогдож байсан нь харагдана. Нэхэмжлэгч 9 сар ажиллахдаа илүү цаг ажиллаж байна гэсэн маргаан гаргаж байгаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-т заасныг баримтлан “Ч Б” ХХК-аас 679.000 төгрөгийг гаргуулж Д.Үд олгож, нэхэмжлэгчийн 3 306 820 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 20 846 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 65 900 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг хохирлоо шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ зохицуулалтад заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад анхан шатны шүүх уг заалтыг баримтлан шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч үүргээ /Д.Үгийн нийгмийн даатгалыг төлөх/ зөрчөөгүй байхад шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.Үгийн хувьд 2017 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй бөгөөд 4 дүгээр сард өвчтэй хэмээн эмнэлгийн магадлагааны хуудастай нэг л удаа ирсэн. Ийнхүү ирэхэд нь нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өвчтэй байсан хугацааны тэтгэмжийн мөнгийг олгосон. Түүнээс хойш хэл сураггүй, ажилдаа ирэхгүй алга болсон. Хариуцагч болох "Ч Б" ХХК нь зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зоогийн газрын ажлын онцлогоос шалтгаалан тогооч, зөөгч нар нь хэдэн cap, эсхүл хэдэн өдөр ажиллаж байгаад хэл сураггүй ажлаа хаяж явах тохиолдол олон байдаг. Д.Ү нь дээр дурдсанчлан 4 дүгээр сард нэг удаа ирснээсээ хойш хэл сураггүй алга болоод ахиж ирээгүй тул хариуцагч бусад ажилчдын нэгэн адил ажлаасаа гарчихлаа гэж бодон нийгмийн даатгалыг төлөхөө больсон.

Гэвч шүүхээс шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагч, түүний төлөөлөгчийн дээрх тайлбарт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийн үүргээ зөрчсөн гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан байна. Мөн шүүхээс хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн бол түүнийг үүргийн зөрчилд гэм буруутай байсан эсэхэд дүгнэлтийг өгөх ёстой байсан. Гэвч шүүхээс Д.Үгийн ажил олгогчдоо хэл хүргэлгүй, ажилдаа ирэхгүй сураггүй алга болсон үйлдлийн улмаас ажил олгогч ажлаасаа гарлаа хэмээн бодож нийгмийн даатгалыг төлөхөө больсон байсан бодит үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулсан. Ийнхүү Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаж байгаа эсэхэд бүрэн дүгнэлт өгөөгүй атлаа уг заалтыг үндэслэн хохирол нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

Анхан шатны шүүх 679 000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хавтас хэргийн 8-9 дүгээр талд авагдсан З эмнэлгийн магадалгааны хуудаснаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өвчтэй байсан байна. Гэвч шүүхээс “... Д.Үгийн эмнэлгийн магадалгаа 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгагдсан, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Энэрэлт манал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 6 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл БЗЭ НХОСТ-д эмчилгээ, шинжилгээнд илгээсэн нь өвчтөний картад тэмдэглэгдсэн, 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл БЗЭмнэлгээс өвчний учир эмнэлгийн магадалгаатай байсан нь холбогдох баримтаар тогтоогдож байна...” гэж шүүх шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж байна.

Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж байх тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Ү нь “Ч Б” ХХК-иас 679 000 төгрөг гаргуулах тухай үндэслэлээ ажил олгогч 2017 оны 5, 6, 7 дугаар сард нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авах боломжгүй болж хохирсон гэж тайлбарлажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар ажил олгогч “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс хохирсон агуулгаар гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан үндэслэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан шүүгч дангаар шийдвэрлэх маргаан биш байна.

Иймд хуулиар хүлээсэн үүрэг зөрчсөний улмаас учирсан гэм хорыг арилгуулах агуулгатай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх журамтай тул шүүгч дангаар гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01965 дугаар шийдвэрийг  мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 20 846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ