| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/147 |
| Огноо | 2022-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дгийн Бэд холбогдох 2235000000149 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй,халх ястан, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Т овогт Дгийн Б /РД:......................./.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 28-нд Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт иргэн Ц.Бын гэрээс хохирогч Э.Цын эзэмшлийн Redmi Note 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Бийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 28-нд Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт иргэн Ц.Бын гэрээс хохирогч Э.Цын эзэмшлийн Redmi Note 8 загварын гар утсыг авсан болох нь:
1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дахь тал),
2. Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
3. Хохирогч Э.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Өндөрхангай сумын 4-р багийн нутагт хөдөөний хүүхдүүдэд гэрээр цэцэрлэгээр багшилж байсан. Тэгээд 6 сарын 27-нд миний гар утас цэнэггүй болчихоор нь би сумын залуу Сд манай нөхөрт миний гар утсыг цэнэглээд өг гэж хэлээд өгөөд явуулсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 02-нд гэртээ ирэхэд манай нөхөр чиний гар утсыг хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад 2022 оны 6 дугаар сарын 28-нд манай гэрт Г, нэг залуутай хамт ирж дугуйгаа хийлүүлсэн гэсэн. Тэрний дараа чиний гар утсыг цэнэглэх гээд хайгаад олоогүй гэж хэлсэн. Миний гар утас Redmi note 8 загварын утас ба би аймгийн төвийн номин худалдааны төвөөс 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо гар утсаа авсан. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
4. Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өндөрхангай сумын сумын төвд гэртэй ганцаараа унтаж байтал өглөө 06 цагийн үед Б, Г хоёр ирээд машины дугуй хэлээд өгөөч гэж орж ирсэн. Тухайн үед манай суманд цахилгаан гурван хоног тасарсан байсан тухайн үед манай эхнэр Ц хүүхдүүдээ аваад хөдөө ажлаар явчихсан байсан ба над руу өөрийнхөө Redmi note 8 загварын гар утсыг манай сумын залуу Сд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэнэглүүлэхээр над руу өгч явуулсан байсан. Тухайн үед эхнэрийн гар утсыг өөрийн гэрт орныхоо хажууд толгойныхоо хажууд тавьчихсан байсан. Тэгээд би Б, Г нарын машины дугуйг хийлж өгөх гээд арын өрөө рүү орж хувцсаа өмсөх гээд орсон. Тухайн үед Б, Г хоёр миний унтаж байсан өрөөнд үлдсэн би тэгээд хувцсаа сольчхоод шууд Б, Г хоёрын машины дугуйг хийлж өгөх гээд хамт гарсан. Тухайн үед цахилгаан тасарчихсан байсан учраас би эхнэрийн гар утсыг анзаараагүй. Тэгээд би тэр хоёрын машины дугуйг хийлж өгчхөөд тэр хоёртой хамт Төөгийгийн гэр рүү хүргүүлсэн. Би Төөгийгөөс мөнгө авах ёстой байсан юм. Тэгээд би тэр хоёртой Төөгийгийн гэр рүү ороод Төөгийгөөс авах ёстой мөнгө авчхаад явсан. Тэгээд би гэр рүү явсан тухайн үед манай сум тоггүй байсан учир эхнэрийн гар утсыг огт анзаараагүй. Орой 22 цагийн үед тог, цахилгаан ирээд би эхнэрийн гар утсыг цэнэглэх гээд гэртэй хайгаад гар утас олдохгүй байсан. Тэгээд эхнэртэй хэлээд сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гаргаж өгсөн юм. Гийг би танина. Манай сумын Ц ахын хүүхэд сайн танина, харин Б гэдэг залууг бол сайн танихгүй Зүүнхангай сумын залуу л гэж танин Б гэж дуудаж байсан. Тухайн үед Б, Г нар бага зэрэг архи уучихсан байсан. Тухайн үед манай эхнэр хүүхдээ аваад хөдөө ажлаар явчихсан байсан. Би ганцаараа байсан. 2022 оны 06 сарын 28-ны өглөө Б, Г буюу Б хоёроос өөр хүн орж ирээгүй. Манай эхнэрийн гар утсыг цэнэглээд явуулчих гэж байна гэж 2022 оны 06 сарын 27-ны өдөр манай сумын залуу С авч ирж надад өгсөн. Тухайн үед манай суманд тог байхгүй байсан учир би эхнэрийн гар утсыг гэртээ орныхоо хажууд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тавиад унтсан юм. Тэгээд өглөө Б, Г нар ирээд явсан өөр хүн ирээгүй тэгээд эхнэрийн гар утас алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
5. Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр 05 цаг 30 минут болж байхад сумын төвд хөдөөнөөс өөрийн Саната-6 загварын 09-28 УВС улсын дугаартай машинтай ирсэн. Тэгээд сумын төвд явж байтал Б гэдэг залуу таараад бид хоёр Бын гэрт машиныхаа дугуйныхаа хийг нэмүүлэх гээд 06 цагийн үед очиход гэр нь онгорхой Б ганцаараа унтаж байсан. Тэгээд Быг дуудаж сэрээсэн. Б өөрийнхөө машиныг асааж миний машины дугуйг хийлж өгсөн. Тэгээд дугуйгаа хийлчхээд Б, Б хоёртой Төөгийгийн гэрт очсон тэднийд 1 шил архи уусан. Тэгээд сууж байгаад би өөрийнхөө машиныг Төөгийгийн хашаанд оруулж тавьсан. Тэгээд сууж байтал Б ганцаараа яваад өгсөн. Би Төөгийгийн гэрийн таамбар дотор нь ороод унтаад өгсөн. Тухайн үед Б гар утасны талаар огт надад хэлээгүй. Тэгээд Төөгийгийн гэрт унтаж байгаад гэр рүүгээ явж унтсан. Тэгээд маргааш өгөөн буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б миний гэрт байсан гар утас алга болчихлоо гэж манайд ирж надтай уулзсан. Бийг би хайгаад Уртнасангийн гэрт байсныг нь олж сумын цагдаа дээр Бийг аваачиж өгсөн юм. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Би Бийг сайн танихгүй тухайн өдөр өглөө эрт 6 цагт таарсан байсан болохоор хамт машиндаа суулгаад Бгийн гэрт очсон юм. Би Бгийн гэрт очихдоо огт гар утас хараагүй. Надад Б гар утасны талаар огт юм хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
6. Гэрч Д.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын төвд байшиндаа засвар хийж байтал өдөр 16 цагийн үед манай гэрт ирсэн У машинаа хаячаад явчихсан байсан. Тэгээд манайхаар нэг танихгүй намхан залуу ирээд мотоциклоо тавьчхаад маргааш авчихъя гэж хэлээд манайд мотоциклоо үлдээгээд явсан. Маргааш өглөө 09 цагийн үед манайд ирээд мотоциклоо авахдаа надад мөнгө байдаггүй би гар утсаа барьцаанд тавиад надаа хэдэн төгрөг өгөх боломж байна уу би буцаад 2022 оны 06 сарын 29-ний өдөр буцаагаад өгнө гээд надад улаан өнгийн дэлгэгддэг гэртэй хар өнгийн гар утас ямар загварын утас байсныг нь мэдээгүй тухайн гар утаст сим карт байхгүй байсан. Тухайн гар утас цэнэггүй болсон байдалтай асахгүй байсан. Тэгээд би Б гэдэг залууд 55.000 төгрөг өгөөд гар утсыг нь авсан. Тэгээд манайхаас мотоциклоо аваад явсан. Маргааш өглөө нь сумын цагдаатай орж манайд ирээд нөгөө гар утсаа авах гэсэн юм гэж хэлээд ирсэн. Тэгээд би тухайн гар утсыг хулгайн гар утас байна гэж мэдсэн юм. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч тухайн гар утсанд үзлэг хийж аваад гар утасны эзэн Бгийн эхнэр Цд өгсөн. Би танихгүй анх удаа уулзсан юм. Надад танай суманд таньдаг хүн байхгүй гэж хэлэхээр нь мотоциклийг нь хашаандаа хонуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь ирээд гар утас зарна гээд надаас 55.000 төгрөг аваад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
7. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би 2022 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед найз Б буюу Гтой хамт архи уусан. Бид хоёр түүний жижиг саарал машинтай явж байтал дугуй нь хагараад хий нь гарсан. Тэгэхээр нь манай найз Б миний найзын гэр рүү ороод дугуйгаа хийлүүлчихье гээд Б гэдэг айл руу орсон. Бгийн гэр рүү ороход Б гэртээ ганцаараа унтаж байснаа босоод арын өрөө рүүгээ Бтай хамт орсон. Би Бгийн унтаж байсан өрөөнд сууж байтал хаалганы хажууд улаан гэртэй хар өнгийн гар утас байхаар нь аваад дээлийнхээ өвөрт хийсэн. Тухайн үед намайг хэн ч хараагүй. ... би дэлгүүр ороод Бгийн гэрээс авсан утсаа барьцаанд тавиад 2 шил хараа нэртэй 0,5л архи авсан. Маргааш нь Б надад гар утас алга болсон талаар хэлэхэд би тэр утсыг аваад дэлгүүрт тавьж архи авсан талаараа хэлж Өндөрхангай сумын цагдаагийн хэсэгт очсон. Би хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж байхаас гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгож гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Д.Б хохирогч Э.Цын гар утсыг хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Э.Цын гар утсыг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нууц далд аргаар авсан хохирогч Э.Цын гар утас нь нийт 350.000 төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч Э.Цын “би гар утсыг хүлээн авсан одоо ямар нэгэн хохирол гомдол, санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлол (хавтаст хэргийн 30 дахь тал) хэрэгт авагдсан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Бийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Г.Цгийн өгсөн: “Б нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй. Хүний үгэнд сайн ордог. Хөдөлмөрч, энэрэнгүй, тууштай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Гэрч Ч.Бын өгсөн: “Б нь ах дүү дундаа нэр хүндтэй, хөдөлмөрч, энэрэнгүй сэтгэлтэй, ямарваа зүйлд тууштай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Д.Бд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон 350.000 төгрөг /гурван зуун тавин мянган/ төгрөг Redmi үнэ бүхий note8 загварын гар утсыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн тул түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж хураах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Дгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бд 6 /зургаа/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Д.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ