Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 423

 

     2018 оны 11 сарын 28 өдөр

         Дугаар 104/ШШ2018/00423

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******ны 9 тоотод оршин суух,*******гийнхан Э.Ц /РД:**********/

Хариуцагч: *******, ,******* Р.Э /РД:**********/-т холбогдуулан

            зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.154.591,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                         

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, өмгөөлөгч Т.Хонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, өмгөөлөгч Т.Хонгор нар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Э.Ц өөрийн эзэмшлийн 28-24 УНМ улсын дугаартай, “Harrier” маркийн автомашиныг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Р.Эийн гуйлтаар  “Гялс төгрөг” ХЗХ-нд барьцаалан 4.500.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж аваад өгсөн. Хариуцагч Р.Э уг мөнгийг хүүгийн хамт төлж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Харин Э.Ц уг зээлийг хүүгийн хамт төлж дуусгасан. Р.Э уг мөнгийг авсан өдрөө Хэнтий аймаг руу яваад хэл чимээгүй болсон. Р.Э Э.Цтай хэсэг хугацааны дараа утсаар ярихдаа “...Би эхнэр хүүхэдтэй тул надтай дахин холбогдох хэрэггүй. Би чиний мөнгийг өгөх учраас санаа зоволтгүй” гэж хэлээд дахин холбогдоогүй.

Иймд хариуцагч Р.Э нэхэмжлэгч Э.Цг залилаж мөнгө авсан байсан тул 2017 оны 8 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага гомдлын дагуу хариуцагч Р.Эийг олж илрүүлэн шалгасан.  Р.Э тухайн үед мөнгийг хүүгийн хамт Э.Цд төлнө гэж баримт үйлдэж өгсөн. Мөн Э.Цгаас авсан 4.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болохоо нотолж зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагч Р.Эөөс үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүү 1.654.591,11 төгрөг нийт 6.154.591,11 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч Р.Э хариу тайлбартаа 700.000 төгрөг, 800.000 төгрөг, 500.000 төгрөгийг Э.Цд бэлнээр өгсөн гэж худал мэдүүлж байна. Хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Мөн өөрөө шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн түүний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2017 оны зун Э.Цтай ярилцаад автомашиныг нь ломбарданд тавиулж, 3.500.000 төгрөгийг авсан. Харин Э.Ц 500.000 төгрөгийг авсан. Тухайн зээлийг авахуулахдаа өөрийн нэр дээрхи Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн газрын гэрчилгээг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтөөс эхний 700.000 төгрөг, 800.000 төгрөгийг хийсэн. Мөн Э.Цд бэлнээр цувуулан 200.000 төгрөг, 300.000 төгрөг өгч байсан. Иймд одоо үлдэх 2.000.000 төгрөгийг Э.Цд төлнө. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч Р.Эөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүү 1.654.591,11 төгрөг нийт 6.154.591,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг баримтаар өгсөн.

Хариуцагч Р.Э нь нэхэмжлэгч Э.Цгийн авсан зээлийн эргэн төлөлтөөс 700.000 төгрөг, 800.000 төгрөгийг төлсөн. Мөн Э.Цд цувуулан бэлнээр 200.000 төгрөг, 300.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 2.000.000  төгрөг төлнө гэж тайлбарлаж нэхэмжлэлийн зарим хэсгийг үгүйсгэж маргасан.

Шүүх хариуцагч Р.Эт хэргийн материал танилцуулах, хурлын товыг мэдэгдэхээр 90828181 дугаарын утас руу 2018 оны 11 дүгээр сарын 14, 19, 27-ны өдрүүдэд залгаж мэдэгдсэн боловч шүүхийн дуудсан цагт ирээгүй. Шүүх хуралдааны тов, хэргийн материалыг танилцуулахаар хуулбарлан шүүхийн бичиг хүргэгчид өгч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Р.Эийн гэрийн хаяг /*******, Болор гудамжны 8 тоот/-аар явуулахад эзгүй байсан тул *******ны засаг даргад хэргийн материалын хуулбар, хурлын товын мэдэгдэлийг өгсөн. Мөн Монгол шуудангаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн материалын хуулбар, хурлын товыг хүргүүлсэн. Мөн гибрид шуудангаар 2018 оны 11 дүгээр сарын 19,22-ны өдрүүдэд хүргүүлэхэд Р.Э өөрөө хүлээн авсан гэсэн хариу ирсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Харин нэхэмжлэгч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч Р.Эт 4.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотолж байж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу шаардах эрх үүснэ.

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Э.Ц 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 28-24 УНМ улсын дугаартай, “Harrier” маркийн автомашиныг “Гялс төгрөг” ХЗХ-нд барьцаалан 4.500.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж аваад Р.Эт 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэнээ “Гялс төгрөг” ХЗХ-той 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ/0630 дугаартай зээлийн гэрээ /хх-5-13/, хариуцагч Р.Э 4.500.000 төгрөгийг авсан тухай баримт, 4.500.000 төгрөгийг, хүүгийн хамт 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Э.Цд төлөхөөр тохирсон 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтаар /хх-16-18/ нотолсон тул шүүх зохигчдын хооронд харилцан үүрэг бүхий зээлийн харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Харин хариуцагч Р.Э зээлийн гэрээний үүргээс зарим хэсгийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч Э.Цгаас 3.500.000 төгрөг авсан, зээлийн эргэн төлөлтөөс 700.000 төгрөг, 800.000 төгрөгийг төлсөн.

Мөн Э.Цд цувуулан бэлнээр 200.000 төгрөг, 300.000 төгрөг өгсөн болохоо нотлох нотолгооны үүрэг үүсч байна.

Гэвч хариуцагч Р.Э уг мөнгийг төлсөн болохоо баримтаар нотолж мэтгэлцээгүй.

Иймд хариуцагч Р.Эөөс үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүү 1.654.591,11 төгрөг нийт 6.154.591,11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгож шийдвэрлэлээ.

            Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.426 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Эөөс 113.426 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Э.Цд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.,282 дугаар зүлийн 282.1., 282.3-т заасныг баримтлан хариуцагч******* Р.Эөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.154.591,11 /зургаан сая нэг зуун тавин дөрвөн мянга таван зуун ерөн нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******гийнхан Энхтайваны Цэнгэлмаад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.426 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Эөөс 113.426 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС