Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 146/ШШ/2018/00481

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

  Нэхэмжпэгч: Өвөрхангай аймаг, ...... гэх газар оршин суух Х овогтой А-ы Ц-ын /РД: ...... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, "Зөрүүлэг" гэх газар оршин суух Б овогтой Г-ын Б-д /РД:........холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, хариуцагч Г.Б, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ц миний бие Г.Бтэй 2000 онд гэр бүл болсон бөгөөд 2001 онд хүү М, 2004 онд хүү М, 2007 онд бага хүү М нар төрсөн. Том хүү маань одоогоор аавтайгаа хамт амьдардаг ба дунд болон бага хүү маань над дээр байдаг. Бид хоёр 2009-2010 оны үед салж тусдаа амьдрах болсон. Г.Б нь амьдарч байх хугацаандаа архи ууж, агсам тавьж, хүүхдүүдээ болон намайг зодож, хутга барьж айлган дарамталдаг байсан учир бид хамт амьдрах боломжгүй болж салсан. Мөн гэртээ буу хүртэл буудаж хүүхдээ болон намайг айлгаж байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байсан. Тухайн үед миний бие эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирч даралт ихсэн харвалт өгч, мөн нурууны суулттай болсон. Тухайн үед жил гаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хөл дээрээ боссон. Одоо тархи толгой байнга өвддөг болсон. Бид нар салахдаа 5 ханатай гэр, мөнгөн эмээл, мөнгөн аяга 12 ширхэг, 136 толгой мал зэрэг эд хөрөнгөтэй байсан. Г.Б нь надад болон над дээр байгаа 2 хүүхэддээ хувьд ногдох эд хөрөнгийг өгнө гэвэл миний бие энэ талаар нэхэмжлэл гаргахгүй. Харин өгөхгүй гэвэл шинжээч томилуулан эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. Г.Б-тэй цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй, бөгөөд гэрлэлт цуцлах асуудлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэж дуусгавар болгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү Б.М, Б.М нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.

А.Ц би Г.Б-гээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хүү М, М нар маань аавтайгаа хамт байна гэж мэдүүлэг өгсөн. Хүүхдүүдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлмээр байна. Миний бие Улаанбаатар хотод удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул намайг байцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөлөгч Г.Гандөшийг оролцуулах болно. Г.Б, А.Ц нар нь 2000 онд гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд 3 хүүхдийн эцэг эх болсон байдаг. Хувийн таарамжгүй харилцааны улмаас 2009-2010 оны үед салж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. А.Ц нь Улаанбаатар хотод байдаг. Г.Б нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдарч байгаа. Тусдаа амьдраад долоогоос найман жил болж байгаа юм. Иймд гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэв

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б, А.Ц нар нь 2000 онд гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаанд 3 хүүхдийн эцэг эх болсон байдаг. Хувийн таарамжгүй харилцааны улмаас 2009-2010 оны үед салж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. А.Ц нь Улаанбаатар хотод байдаг. Г.Б нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдарч байгаа. Тусдаа амьдраад долоогоос найман жил болж байгаа юм. Иймд гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...Анх нэхэмжлэл гаргахдаа тэгсэн байдаг. Гэхдээ сарын өмнө А.Ц нь өөрөө ирээд Г.Б-тэй уулзаад эд хөрөнгийн асуудлаа ярьж тохиролцсон. Г.Бгийн эд хөрөнгийг буцаагаад өөрт нь өгсөн байдаг. Одоо бол ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.     

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б би Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Дундын эд хөрөнгийн тал дээрмаргаан байхгүй. Бид хоёр 2000 онд гэрлээд 2009 оны сүүлээр салсан. Би малаа маллаад хүүхдүүдээ тэжээн тэтгээд байж байна. Олон жил тусдаа амьдарсан, одоо таарч тохирохгүй байх. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Г.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 А.Ц, Г.Б нар нь 2000 онд гэр бүл болсон, 2001 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.М, 2004 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.М,  2007 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Мөнхотгон нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 048/000101, 048/000102 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд, 048/000100 дугаартай гэрлэлтийн бүртгэлтийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72/18 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэргийг харгалзан шүүхээс тэднийг цаашид эвлэрч амьдрах бодит нөхцөл байхгүй болсон нь тогтоогдсон байна гэж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч А.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдав.

Нэхэмжлэгч А.Ц нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн ба шүүхээс гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогтой А-ы Ц, Б овогтой Г-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Нэхэмжлэгч А.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамж 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-ад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН