Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ/2018/00485

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ..... оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, Г овгийн Г-ийн Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ......тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, Н овгийн А-гийн Д-д холбогдох

1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адиваа, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н миний бие А.Д-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуульд таньдаг хүнтэй хүүхдийн анги сольж өгч чадна гэхээр нь хүү Б.М-ийн ангийг солиулах гэж бэлнээр 1 сая төгрөг 2016 оны 08 дугаар сард өгсөн. Гэтэл А.Д нь хүүхдийн анги сольж өгөөгүй. Мөн 1 сая төгрөгийг буцааж өгөөгүй. Иймд А.Д-оос 1.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Н-гийн хувьд Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурдаг хүүхдийнхээ ангийг нь солиулахаар хөөцөлдсөн. Энэ асуудал яригдаж эхлээд хариуцагч А.Д нь надад шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны холбоонд нь таньдаг хүн байгаа би таныг холбоод яриад өгье гэсэн. Тухайн үед хэн гэдэг ямар хүн байдаг талаар нь бол Г.Н мэдээгүй. Тэгээд А.Д нь 1.000.000 төгрөг хэрэгтэй юм байна. Та надад 1.000.000 төгрөг өгөх шаардлагатай байна. Би тэр хүнд нь 1.000.000 төгрөг өгчих юм бол хүүхдийн чинь ангийг сольж өгөх боломжтой юм байна гэсэн. Гэтэл Г.Н нь А.Д-ид 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэр өгсөн мөнгийг нь хариуцагч А.Д Б гэж хүн рүү шилжүүлсэн гээд байгаа юм. Б гэж хүн рүү шилжүүлсэн гэсэн баримт бол байгаа. Гэхдээ Б гэдэг хүн яг шинжлэх ухаан технологийн их сургуульд ажиллаж байсан хүн мөн үү гэдгийг нэхэмжлэгч тал мэдэх ямар ч боломж байхгүй. Хариуцагч талаас тэр Б гэдэг хүнийг нэхэмжлэгч тал мэддэг байж манай охинд мөнгө авчирч өгсөн гэсэн зүйл ярьж байна. Ийм асуудал угаасаа байхгүй. Яагаад гэвэл Б гэдэг хүнийг Г.Н мэддэг байсан бол А.Д-оор дамжуулах шаардлага байхгүй шууд Бт л мөнгийг өгөх байсан. А.Д-оор дамжуулаад байна аа гэдэг чинь тухайн анги сольж өгнө гэсэн этгээдийг А.Д- таньдаг А.Д- тэр хүмүүсийг холбож байгаа учраас А.Д-ид мөнгөө авчирч өгөөд байгаа юм. Хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбартаа 1.000.000 төгрөг бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэр мөнгөө Б гэж хүнд өгсөн гэдэг. Б гэдэг хүн нь А.Д-ийн өөрийнх нь өр авлагатай хүн байсан ч юм билүү, эсхүл тэр сургуулийн хүн байсан юм уу гэдгийг манай тал мэдэхгүй. Яагаад гэвэл манайх А.Д-ид мөнгөө өгсөн А.Д- нь манайхаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Д-оос 1.000.000 төгрөгөө гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байгаа гэв.

Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 08 дугаар сард манай гэрт нөхөр Б эхнэр Н хүү М хамт орж ирээд чи манай хүүгийн сургуульд таних хүн байна уу гэхээр нь би оюутны холбооны хүмүүсээс нь ганц нэг хүн танина гэсэн. Тэгвэл чи тэр хүндээ манай хүүхдийн ангийг солиулаад өгч туслаач гээд байсан. Тэгэхээр нь ШУТИС-ийн оюутны холбоонд ажилладаг Д.Б гэдэг хүнтэй хоорондоо ярьцгаасан юм билээ. Тэгээд над дээр эргэж ирээд 1.000.000 төгрөг аваад ирсэн. Юу мөнгө билээ гэж би асуусан чинь чи энэ мөнгийг дансандаа байршуулж бай, ангийг нь солиулахаар өгөх гэж байгаа юм гэсэн. Та нар өөрсдөө тэр хүндээ өг гэсэн чинь бид нар үрчихнэ гэхээр нь би дансаа өгсөн. Тэгээд тэр мөнгийг дансандаа байлгаж байтал хүү М-э, Н чи одоо нөгөө мөнгөө Б гэдэг хүний данс руу одоохон хий гэсэн. Тэгэхээр нь нөгөө хүний данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Тэр хүний данс руу орсон хуулбарыг хавсаргасан болно. Нондин манайд орж ирээд надаас нөгөө юм бүтэхгүй болчихлоо, одоо чи хот руу явж хөөцөлд гээд байсан. Гэтэл манай аав энэ талаар мэдээгүй байсан. Аав тэгээд та нар наад асуудлаа одоохон шийдүүл гэсэн чинь нөхөр нь одоо бид нар таньдаг хурандаагаар яриулаад болчихно та нарт хамаагүй гэсэн. Одоо болохоор тэр Б гэдэг хүнээс чинь авах юм байхгүй учир чамаас авна гээд байгаа юм. Түүнээс хойш өдийг хүртэл олон удаа над руу болон манай гэр бүлийг утсаар залгаж аашилж, агсан согтуу тавьж удаа дараалан тавьж байгаа. Саяхан 8 дугаар сард Н над руу залгаад мөнгөө нэхээд аашлаад загнаад байснаас болж миний бие цочролд орж эмчийн хяналтанд орсон нь үнэн. Үүнээс болоод ойр ойрхон сэтгэл санааны дарамт гэдгийг үзээд байна. Цаашид ямар нэгэн зүйл хийх юм бол би гомдолтой гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адиваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхлээд Б, Г.Н, М-э 3 орж ирээд манай хүүхэд Шинжлэх ухаан технологийн их сургууль авсан. Тэгтэл ангиа голоод болдоггүй ээ. Ангийг нь солиулах гэсэн юм. Шинжлэх ухаан технологийн их сургуульд таньдаг хүн байна уу гэж асуусан байсан. Тэгэхээр нь би оюутны холбооноос ганц хоёр хүн таньдаг гээд Б гэдэг хүний дугаарыг өгсөн байгаа юм. Гэтэл чи яриадах гэсэн. Тэгэхээр нь үгүй та нар өөрсдөө хоорондоо ярь гэж хэлсэн байсан. Хоорондоо ярьсаныхаа дараа буцаж ирээд мөнгө санал болгосон. Нөгөө Б гэдэг хүн нь танай хүүхдийн ангийг сольж өгч болно чи 1 000 000 төгрөг өгчих гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд нөгөө мөнгөө өгөхдөө чи дансаа өгчих гээд хүү М-э нь дансыг нь аваад А.Д-ийн данс руу 1 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хийсэн байгаа юм. Яагаад миний данс руу хийж байгаа юм бэ? гэхэд нөгөө хүний чинь дансыг мэдэхгүй. Чи хий гэсэн үед нь хийчихээрэй гэсэн байсан. Тэгээд 30 минутын дараа тэр Б гэдэг хүний данс руу хийж өгсөн байсан. Тэгээд 2016 оноос хойш өөрсдөө Бтойгоо холбоотой байсан. Өвөл оруулж өгнө одоо хоёрдугаар ээлжийн амралтаар оруулж өгнө гэж явсаар байгаад энэ хүрсэн байсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч А.Д-ид холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2016 оны 08 дугаар сард хүүхдийн анги сольж өгнө гэхээр нь А.Д-ид 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн ба хүүхдийн анги сольж өгөөгүй учир 1.000.000 төгрөгөө гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжтайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...1.000.000 төгрөгийг дансаар хүлээж авсан боловч тухайн мөнгийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны холбоонд ажилладаг Б гэх хүний дансанд шилжүүлсэн... гэж маргадаг.

Нэхэмжлэгч Г.Н нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч А.Д-оос шаардах эрхтэй байна.

Хариуцагч А.Д- нэхэмжлэгч Г.Н-гаас 1.000.000 төгрөгийг авсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагч А.Д-ийн Хаан банкинд байрших 5006585770 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Б гэх хүний дансанд шилжүүлсэн гэж маргадаг хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Н нь Шинжлэх ухаан технологийн их сургуульд таньдаг хүн байгаа хүүхдийн анги сольж өгч чадна гэсний дагуу хариуцагч А.Д-ийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Д-оос 1.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч А.Д-оос 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дахь хэсэгт зааснар хариуцагч А.Д-оос 1.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.

2.    Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Д-оос 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН