Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Л.С-н нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ө.Б-тай 2000 онд танилцан гэр бүл болсон. Дундаасаа төрсөн хүүхэдгүй. Ө.Б нь өмнөх эхнэрээсээ  гэр бүлээ албан ёсоор салгуулаагүй учир бид батлуулаагүй 17 жил амьдарсан. Нөхөр маань 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр удаанаар өвчилж байгаад нас барсан. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С нь Ө.Б-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.С нь Ө.Б-тай 2000 оноос эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хамтын амьдралыг зохиож тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч Л.С-н “Л.С-тэй би 1985 онд Улаанбаатар хотод Худалдааны сургуульд нэг ангийн хүүхдүүд болж танилцсан. Бид худалдагч, нярвын ангид сурдаг байсан. Ингээд байнгын харилцаа холбоотой байсан бөгөөд 2000 онд Л.С нь Б гэдэг залуутай танилцан Улаанбаатар хотод нэг гэрт хамт амьдрах болсон. Ингээд дараа нь 2005 онд би Замын-Үүдэд шилжин ирж ажиллаж амьдраад, 2 жилийн дараа нь Л.С, Б нарыг Замын-Үүдэд дуудан энд амьдарч эхэлсэн. Бид гэр бүлийн сайхан найзууд байсан бөгөөд Б нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүндээр өвчилж байгаад нас барсан. Энэ хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй, талийгаач маань 2 хүүхэдтэй, Л.С 3 хүүхэдтэй 2 талаасаа нийлж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Б “Л.С, Б нар Улаанбаатар хотоос 2007 онд шилжин ирсэн. Тэрнээс өмнө бид гэр бүлийн найзууд байсан учир 2000 оноос эхлэн хамт амьдарч байсныг нь мэднэ. Л.С, Б нар БНХАУ-ын Эрээн хотруу Уаз-469 машинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн амьдардаг байсан бөгөөд 2015 оноос Б бөөрний өвчтэй болж биеийн байдал нь дээрдэхгүй байсаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан. Нас бартлаа Л.С, Б нар нь хамт амьдарч байсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг, Ө.Б-н нас барсны гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Л.С нь Ө.Б-тай 2000 оноос эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Л.С, Ө.Б нарын 2000 оноос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.Ц