Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч  Д.П.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 2224000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, *, эрхэлсэн ажилгүй, ам бүл аав, ээж, дүү нарын хамт * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.П.Д , паспортын дугаар //.

Шүүгдэгч Д.П.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсад орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 243 дугаар тэмдэгтийн хэсгээр Монгол улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр явганаар нэвтэрч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2224000820079 дугаартай хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 243 дугаар тэмдэгтийн хэсгээр Монгол улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр явганаар нэвтэрсэн үйл баримт нь:

-Гэрч М.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19.20 цаг болж байх үед ажил дээрээ ирэхэд ОХУ-ын талаас 19 цаг 35 минутын үед “хилийн 243 дугаар тэмдгийн баруун талаар 500 м газраар ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу хил давсан 1 явган хүний ул мөрийг манай хилийн манаа илрүүллээ, уг хил зөрчигчийг яаралттай саатуулах арга хэмжээ авна уу гэж мэдээлсэн. Мэдээллийг штабын дарга, ангийн захирагч нарт танилцуулж шуурхай арга хэмжээ авч оператив цэргийн бүлгийг дуудуулж хилийн 0291 дүгээр салбарт үүрэг гүйцэтгэж байсан дэд хурандаа Сд уг мэдээллийг өгч тус чиглэлд ул мөрний үзлэг шалгалт хийх чиглэл өгсөн. Улмаар дэд хурандаа С 19 цаг 55 минутын үед улсын хилийн 243 дугаар тэмдгийн баруун талаар 500 метр газраар ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу хил давсан 1 явган хүний ул мөрийг илрүүллээ, бид нар ул мөрний дагуу нутгийн гүн рүү мөрдөлтийн ажиллагаа хийж байна гэсэн. Үүний дараа ангийн байрлалаас хил зөрчигч явж болзошгүй замналын дагуу боломжтой замуудад хаалт манаа гарган үүрэг гүйцэтгэх чиглэл өгсөн. Үүний дагуу штабын даргаар ахлуулсан бүлэг 20 цаг 25 минутад ангийн байрлалаас Заяагийн Дөрөлж чиглэлд хөдөлгөөн үйлдсэн ба 20 цаг 45 минутад саарал өнгийн авто машинтай ОХУ-ын иргэдийг саатуулж баримт бичгийг шалгахад 2 иргэн нь Арц суурь боомтоор өөрийнхөө хүчин төгөлдөр баримт бичгээр штамп даруулж улсын хил нэвтэрсэн, нэг иргэн нь гадаад паспорт байхгүй байна гэж мэдэгдсэн. Үүний дараа дээрх иргэдийг ангийн байрлалд авч ирэн шалгалтын ажиллагаа явуулахад ОХУ-ын иргэн Д.В.Д Красноярск хотод оршин суудаг, Д.А.А, Д.Д.Д нар болохыг тогтоосон. Дээрх иргэдээс мэдүүлэг авахад ОХУ-д цэргийн дайчилгаа зарласантай холбоотой цэргийн албанд явахаас татгалзаж дайчилгаа намдтал Монгол Улсад байх зорилгоор ирсэн талаараа хэлсэн. Үүний дараа зөрчлийн материал бүрдүүлэн шалгалтын ажиллагаа явуулахад хил зөрчигч Д.В.Д нь гадаад паспортгүй учраас хилийн боомтоор нэвтрэх боломжгүй тул улсын хилийг явганаар хууль бусаар нэвтрэхээр шийдсэн талаараа мэдэгдсэн. Тэгээд хил нэвтэрсэн газар оронд үзлэг хийхэд боомт бус газраар хилийн 243 дугаар тэмдгийн баруун талаар 500 метр газраар явган улсын хил нэвтэрсэн газар орноо зааж өгсөн. Үүний дагуу хилийн шугамыг үзэхэд хил зөрчигчийн явсан газарт гутлынх ул мөр илэрсэн. Хил зөрчигч иргэн саатуулахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Үүний дараа материал бүрдүүлж, прокурорт хянуулсны дараа Д.В.Д нь “би 18 настай ОХУ-д байгаа хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхээ иргэний үнэмлэхийг авч явсан юм. Миний иргэний паспорт гар утас дээр байгаа гэж хэлсэн. Би түүнээс ямар учраас өөрийнхөө паспортаа үзүүлээгүй талаар асуухад “манай улсад 20 нас хүрмэгц иргэний паспорт шинэчилдэг тийм учраас өөрийнхөө паспортыг шинэчлүүлэхээр өгчихсөн байсан, цэргийн дайчилгаа болж байгаа учраас шинэ паспортаа авахаас айгаад өөрийнхөө дүүгийн иргэний паспорт аваад гэрээсээ гарсан гээд надад үзүүлсэн ба би үүнийг хэвлэн авч материалд хавсаргасан. Түүний иргэний баримт бичгийг үзэхэд Д.П.Д гэх нэртэй байсан ба өөрийн нь зурагтай ойролцоо байсан. Энэ иргэний паспорт нь 14 настай үеийнх нь зураг байсан. Үүнийг тайлбарлахдаа анхнаасаа саатуулагдах үедээ дүүгийнхээ бичиг баримтыг өөрийн гэж худал мэдүүлсэн учраас энэ асуудал шийдэгдэх байх гэж бодсон боловч дараа үнэнээ хэлэхээр шийдлээ гэж хэлсэн. Хил зөрчигч иргэн бусдын нүднээс нуугдахын тулд бага зэргийн жалгатай, судгаар өгсөж орж ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-112 дугаар хуудас/,

-Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хилийн цэргийн 0277 дугаар ангийн хилийн цэргийн 0291 дүгээр салбарын хариуцсан хэсгээр хилийн зөрчил гарсан цагийн байдлын мэдээ авагдаж опертив цэргийн бүлэгт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр 20 цаг 25 минутад өгөгдсөн үүргийн дагуу бүлэгт үүрэг гүйцэтгэж 20 цаг 45 минутын үед Заяагийн Дөрөлж гэх нэртэй газар буюу улсын хилээс нутгийн гүн талдаа 20 км орчимд үүрэг гүйцэтгэж саарал өнгийн C улсын дугаартай Hyundai Solaris маркийн авто машинтай ОХУ-ын 3 иргэнийг саатуулсан. Тухайн үед цагийн байдал үүсэж мэдээлэл авагдахад ОХУ-ын талаас хилийн 243 дугаар тэмдэгтийн баруун талаар 500 м газраар ОХУ-ын талаас явганаар улсын хил хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хүний ул мөр илэрсэн гэх мэдээлэл өгсөн...Тухайн иргэдийн баримт бичгийг шалгах явцад 2 иргэн нь өөрийн хүчин төгөлдөр баримт бичгээр улсын хил нэвтэрч орж ирсэн, 1 иргэн нь ямар нэгэн гадаад паспорт байхгүй, зөвхөн ОХУ-ын иргэний паспорттай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/,

-Гэрч Ш.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр оройны 19 цаг 30 минутын орчим ангийн төвөөс хилийн албаны дарга, ахмад Тэмүүлэн ОХУ-ын талаас боомт бус газраар явганаар хүн хил нэвтэрсэн байж болзошгүй байна, шалгалтын ажиллагаа явуул гэсэн үүрэг өгсөн. Өгөгдсөн үүргийн дагуу миний бие дэслэгч М-ын хамтаар 0291 дүгээр салбарын хариуцсан хэсэг хилийн 243 дугаар тэмдгийн чиглэлд очиж хилийн шугамын дагуу ул мөрний үзлэг шалгалтыг хийх үед хилийн 243 дугаар тэмдгийн баруун гар талаар 500 м орчмоор ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу хил зөрчин орж ирсэн байж болзошгүй 1 хүний ул мөр илэрсэн. Илэрсэн нөхцөл байдлыг 19 цаг 50 минутын орчимд ангийн төвд мэдэгдсэн. Үүний дараа хил зөрчин орж ирсэн иргэний явсан ул мөрний чиглэлд шалгалтын ажиллагаа явуулж Хонхор суурины иргэдтэй уулзахад ОХУ-ын 2 иргэн тус суурины Дружба дэлгүүрт орж ирэн орос хэлээр монгол сим карт, ойролцоо суурин явах зам асуусан ба тус дэлгүүрээс гараад суурины ойролцоо байх өндөрлөг хэсэгт зогссон гэх мэдээлэл авагдсан. Үүний дагуу шуурхай бүлэгт мэдэгдэж эрлийн ажиллагаа зохион байгуулж Тэс сум явах зам дагуу “Заяагийн дөрөлж” гэх газарт саатуулсан. Саатуулах үед би байгаагүй ангиас ирсэн тусгай бүлэг илрүүлсэн. Тус авто машинтай ОХУ-ын 2 иргэн нь Арц суурь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 17-18 цагийн хооронд хүчин төгөлдөр эрхийн баримт бичгээр улсын хил нэвтэрсэн байсан. Тухайн 2 иргэн нь Хонхор суурины ойролцоогоос хил зөрчигчийг суулгаад хөдөлсөн байсан. Саатуулагдсан иргэдийг ангийн байрлалд аваачсан гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар хуудас/,

-Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр томилгооны дагуу өглөөний 09 цагаас оройны 18 цагийн хооронд баримт бичгийн шалгагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх явцад 17 цаг 40 минутын үед ОХУ-ын иргэн Д.Д 66 гэх дугаартай гадаад паспорттай, А.А 72 дугаартай гадаад паспорттай 2 иргэн ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу Cулсын дугаартай Hyundai Solaris маркийн суудлын авто машинаар хил нэвтрэхээр ирсэн. Тухайн иргэдээс та нар ямар зорилгоор Монгол Улсад зорчиж байгаа талаар асуухад “бид нар аяллын зорилгоор Улаанбаатар хот руу явж байна” гэж хариулсан дараа нь би “хэдүүлээ явж байгаа талаар асуухад” зорчигч хоёулаа явж байгаа талаараа хэлсэн. Тухайн иргэдийн баримт бичигт ямар нэгэн зөрчил байгаагүй тул хүчин төгөлдөр баримт бичгийг үндэслэн бүртгэлд авч улсын хилээр нэвтрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дэлгүүртээ байж байтал ОХУ-ын 2 иргэн орж ирээд зарах монгол сим карт байгаа юу гэж асуусан, мөн Тэс сум руу яаж явах бэ гэж асуусан. Манай дэлгүүрт зарах сим карт байхгүй. Тэс сум руу ингэж явна гээд гараараа заагаад өгсөн. Би өөрөө сумын замыг сайн мэдэхгүй л дээ...Манай дэлгүүрт 2 орос хүн л орж ирсэн...Би машин тэргийг хараагүй. Манайд орж ирэхдээ хоёулаа орж ирсэн. Өөр хүн хамт яваагүй...Би мэдэхгүй. Орос иргэд өдөр бүр л явж байдаг. Тухайн 2 залууг манай дэлгүүрээс гараад хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан манай дэлгүүрт 2 залуу орж ирээд сим карт асуугаад, зам асуусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

-Гэрч Д.А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх нэг найзаасаа Монгол Улсад наймаа арилжаа хийгээд амьдарч болох талаар сонсож байсан юм. Манай оронд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлээд нөхцөл байдал нэлээд хүндрээд ирэхээр нь найзын маань хэлж байсан үг санаанд ороод Д-тэй ярилцаад Монгол Улс руу аялангаа эрхэлж болох арилжаа наймаа юу байна судлаад ирье гэж ярилцсан. Тухайн үед П манай гэрт зочлоод ирсэн байсан юм. П, Д бид хоёрын яриаг сонсоод хамт явж болох уу гэж асуухаар нь бид хоёр зөвшөөрсөн. П тухайн үед бид хоёрт надад гадаад паспорт байхгүй гэхдээ хил дээр очоод гуйгаад гарч болох байх гэж хэлсэн тэгэхээр нь би болдог л юм байх гэж ойлгоод орхисон. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 25-26 руу шилждэг шөнө бид гурав Красноярск хотоос хөдөлсөн. Замдаа Абакан, Кызыл, Эрзин зэрэг сууринуудаар дайраад явсан. Хамгийн сүүлчийн суурин Эрзин дээр ирээд нутгийн иргэдээс Монгол, Оросын хил хэдэн цаг хүртэл ажилдаг юм бэ? гэж асуухад 17 цаг хүртэл ажилдаг гэж хэлсэн. Бид нарыг цаг асуухад 16 цаг болж байсан хил хаахад 1 цагийн хугацаа үлдсэн байсан учир бид нар яаравчлан хөдөлсөн тэгээд оросын хилийн ойролцоо 1 км цаана ирээд бичиг баримтаа бэлтгэхэд П өөрийнхөө иргэний паспортыг авч явалгүй дүүгийнхээ иргэний паспортыг авч явсан. Тэгэхээр нь Д бид хоёр өөр хүний иргэний паспортаар хил гарч болохгүй байх чи Кызылээр дамжаад гэр рүүгээ буц гээд мөнгө өгөөд үлдээсэн. Тэгээд Орос, Монголын хилийг нэвтрээд гараад ирсэн чинь зам дээр П гараа өргөөд зогсож байсан. Түүнийг машиндаа суулгаад Орос, Монгол Улсын хилээр хэрхэн яаж гарч ирсэн талаар асуухад П “Би харин буцаад явах уу, яах вэ гэж бодож байгаад хилийн тор ойрхон харагдаад байхаар нь шууд явганаар хил гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь Д бид хоёр П-г загнаад одоо хурдан Монголын гадаадын иргэний газарт мэдэгдэх ёстой байх гээд ойролцоо байгаа тосгонд очиж нэг дэлгүүрээс монгол сим карт асуусан. Тэр дэлгүүрт монгол сим карт байхгүй байсан. Тэгээд хамгийн ойрхон суурин газар болох Тэс сумыг асуугаад цаашаа явж байтал Хилийн хүмүүс ирээд бид нарыг саатуулж шалгасан. Бид нар П-г Орос улсын хилийн цаана үлдээгээд буцаад гэр лүүгээ яв гэж хэлээд үлдээсэн. П тухайн үед өөрийнхөө иргэний паспорттай явсан бол хилээр гуйгаад гарч болох байх гэж бодож байтал өөрийнхөө иргэний паспорт бус өөрийн дүү В-н паспорттай байсан учир буцаад яв гэж хэлээд үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-122 дугаар хуудас/,

-Гэрч Д.Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх Монгол Улс руу явах санааг манай хүргэн ах А гаргасан. А найзаасаа Монгол Улсад наймаа арилжаа хийгээд амьдарч болох талаар сонсож байсан гэхээр нь аялангаа худалдаа наймаа хийж болох талаар судлахаар бид хоёр Улаанбаатар явна гэж ярилцсан. Тэр үед П хамт байж тараад та хоёртой цуг хамт явмаар байна гэхээр нь зөвшөөрсөн. Ер нь бол манай оронд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлээд нөхцөл байдал нэлээд төвөгтэй байгаа, цэрэгт дуудахаас нь өмнө Монгол Улс руу аялж эрхэлж болох арилжаа наймаа юу байна судлангаа аялаад ирье гэж ярилцсан. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 25-26 шилжих шөнө үүрээр гарсан. П тухайн үед бид хоёрт надад гадаад паспорт байхгүй гэхдээ хил дээр очоод гуйгаад гарчхаж болох байх гэж бодсон. Замдаа Абакан, Кызыл, Эрзин зэрэг суурингуудаар дайраад явсан. Тэгээд оросын хилийн боомтын ойролцоо 1 км зайнд ирээд бичиг баримтаа шалгахад П өөрийнхөө иргэний паспортыг авч явалгүй дүү Виталийн иргэний паспортыг авч явсан байсан, Тэгэхээр нь А бид хоёр өөр хүний иргэний паспортаар хил гарч болохгүй байх чи Кызылээр дамжаад гэр лүүлгээ буц гээд мөнгө өгөөд үлдээсэн. Харин бид цааш яваад Орос, Монголын хилээр амжиж гарах гэж яараад явсан. Бид хоёр хилээр шалгуулаад гараад явж байтал зам дээр П гараа өргөөд зогсож байсан. Түүнийг машиндаа суулгаад Орос, Монголын хилээр хэрхэн яаж гарч ирсэн талаар асуухад П “Би харин буцаад явах уу яах вэ гэж байгаад хилийн тор ойрхон харагдаад байхаар нь шууд явганаар хил гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь А бид хоёр П-г загнаад одоо хурдан Монголын гадаадын иргэний газарт мэдэгдэх ёстой байх гээд ойролцоо байгаа тосгонд очиж Дружба дэлгүүрээс монгол сим карт асуусан. Тэр дэлгүүрт монгол сим карт байхгүй байсан. Тэгээд хамгийн ойрхон суурин газар болох Тэс сумыг асуугаад цаашаа явж байтал хилийн хүмүүс ирээд бид нарыг саатуулж шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-127 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.П.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эгчийн нөхөр А, төрсөн ах Д хоёр монгол орноор аялах, мөн эрхэлж болох ажил бизнес судлахаар явах гэж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед би хүргэн ах А-н гэрт байж таарсан. Тэгэхэд би тэр хоёроос хамт явж болох уу гэж асуухад тэр хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид гурав 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө үүрээр Улаанбаатар хот орохоор гарсан. Манай улсад 20 нас хүрэхээр иргэний паспорт шинэчилдэг хуультай тийм учраас би паспортаа шинэчлүүлэхээр өгөөд шинэ паспортаа аваагүй байсан юм. Би бодохдоо ОХУ, Монгол Улсын хилээр өөрийнхөө жолооны үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх бас гэрээсээ гарахдаа төрсөн дүү Виталийн иргэний паспортыг аваад гарсан энэ хоёр баримт бичгийн аль нэгийг үзүүлээд хил нэвтэрч болно гэж бодсон. Монгол Улс руу яг явахын өмнө гадаад паспорт авах талаар судлахад бараг 1 сарын хугацаа шаардагдах болсон тул өөрт байгаа бичиг баримтуудаа үзүүлээд хил нэвтэрнэ гэж бодсон. Бид нар Красноярск хотоос гараад Абакан, Кызыл, Эрзин зэрэг суурингуудаар дайраад хил хүртэл явахад ямар нэгэн замын шалгалт тааралдаагүй. ОХУ-ын хилийн боомтоос 1 км орчмын цаана зогсож бичиг баримтуудаа нягтлахад би өөрт яваа паспорт нь миний өөрийн паспорт биш В-н паспорт би шинэ паспортаа авч амжаагүй байгаа талаараа 2 ахдаа хэлэхэд тэр хоёр дургүйцээд буцаад замын машинд сууж Кызыл хот руу буц тэндээсээ гэр лүүгээ яв гэж хэлээд намайг буулгасан. Тэгэхээр нь би машинаас буугаад буцаад явах уу яах вэ гэж бодож байгаад хилийн торон саадыг харахад хил нэвтрээд гарч болохоор юм шиг санагдахаар нь шууд өөрийн улсын хилийн боомтын баруун талаар 1 км орчим тойрч очоод хилийн торыг өргөж байгаад доогуур нь шургаж гарсан. Дараа нь Монголын хилийн торыг мөн адил өргөж байгаад шургаж орсон. Орос, Монгол хоёр улсын хилийн тор хооронд ойролцоогоор 500 метр орчим зайтай байсан болов уу гэж бодож байна. Тэгээд би хилээр гарсныхаа дараа монголын боомтоос цаашаа явсан машины зам руу гараад явж байтал манай 2 ах машинтайгаа гараад ирсэн тэгэхээр нь гараа өргөөд суусан. Тэгсэн чинь манай 2 ах чи яаж хил нэвтэрч гарч ирсэн юм бэ? гэж асуухаар нь би явганаар Хилийн тор доогуур шургаад гараад ирсэн талаараа хэлсэн. Тэгсэн чинь манай 2 ах намайг уурлаад яаралтай Монгол Улсын гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдэх ёстой гээд монгол сим карт авахаар боомтын ойролцоо байгаа Дружба гэх дэлгүүрт орж сим карт асууж, Тэс сум руу явах зам асуусан. Тэгэхэд би машиндаа сууж байсан. Тэр дэлгүүрт монгол дугаар сим карт байгаагүй. Тэгээд заалгаж авсан замдаа ороод цаашаа явж байтал хилийн цэргүүд ирж саатуулсан. Тэгээд саатуулаад бичиг баримт шалгах явцад В-н иргэний паспорт гарч ирсэн. Тухайн үед би айж шоконд орсон байсан учраас би өөрийгөө В гээд хэлчихсэн. Яг үнэндээ намайг П гэдэг. Дараа нь энэ байдлаа Монгол улсын хилийн хүмүүст хэлж тайлбарласан. Би улсын хилийг хууль бусаар явганаар нэвтэрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна. Миний асуудлыг хурдан хугацаанд Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...Манай 2 ах намайг хилээр хуул бусаар нэвтэрхийг мэдээгүй, намайг буцаад Кызыл руу яв гэж хэлсэн. Би хилээр гүйж гарах шийдвэрээ өөрөө гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-150 дугаар хуудас/,

ойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалууд /хх-ийн 15-57 дугаар хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 76-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “Зорчигч гэж улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг бүхий, хилийн боомтоор нэвтэрч байгаа Монгол улсын, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэж, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт “Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан үйлдлийг хилийн зөрчилд тооцно” гэж тус тус хуульчилснаас үзвэл гадаад улс орноос Монгол улсын хилээр нэвтрэн орж ирж буй аль ч харьяаллын хүн /зорчигч/ хил нэвтрэх эрхийн баримт бичиг, зохих зөвшөөрөлтэй байхаас гадна боомт бүхий газраар хил нэвтрэх агуулгатай бөгөөд ОХУ-ын иргэн Д.П.Д ийн тухайд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээс гадна боомт бус газраар Монгол улсын хилийг нэвтэрсэн хилийн зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд ОХУ-ын иргэн Д.П.Д ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хилийн зөрчил нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь хэсэгт “Гадаадын иргэн шүүхээр ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөх, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл Монгол улсаас гарахыг түдгэлзүүлнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Д.П.Д ийг шүүхээс оногдуулах ялыг эдэлж дуусгах, эсхүл ялаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд Монгол улсаас гарахыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай Монгол улс, Оросын холбооны улс хоорондын гэрээний 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын хилийг хууль бусаар нэвтрэн хил залгаа улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан этгээдийг улсын хилийг зөрчсөн нөхцөл байдлыг тодруулсны дараа, нутаг дэвсгэрээс нь улсын хилийг нэвтэрсэн хэлэлцэн тохирогч тухайн талын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Д.П.Д ийг ялаа эдэлж дууссаных нь дараа буюу ялаас чөлөөлөгдсөний дараа ОХУ-ын талд шилжүүлэн өгөх ажлыг зохион байгуулах нь хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хийж гүйцэтгэх ажил юм.

Шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д оос энэ гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ийг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ийг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн Д.П.Д ид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П.Д ийг шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгах, эсхүл ялаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд Монгол улсаас гарахыг түдгэлзүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.П.Д ийг шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусгасны дараа, эсхүл ялаас чөлөөлөгдсөний дараа холбогдох баримтыг үндэслэн Монгол улсаас гаргаж ОХУ-ын талд хүлээлгэн өгч, баримтын хуулбарыг тус шүүхэд ирүүлэхийг харьяалах хилийн бүрэн эрхт төлөөлөгчид даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурор нарт гардуулж, Монгол улсын Гадаад харилцааны яам, Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн 0277 дугаар анги, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхбатад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УРТНАСАН