| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0317/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД-н нэхэмжлэлтэй, Д.З-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас Д.З, Ц.Б нар бүлэглэн иргэн М.Н-н нэр дээр “С” нэртэй хүнсний хэрэгцээнд зориулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулна гэж хуурамчаар төсөл бичсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Д.З, Ц.Б нарын нийт зээлийн үлдэгдэл, төлөгдөөгүй дүнгээс тооцсон сарын хүү нийт төлөх дүн 3.128.933 /гурван сая нэг зуун хорин найман мянга есөн зуун гучин гурван мянган/ Сум хөгжүүлэх сан, төрийн сан банкны ... тоот дансанд яаралтай төвлөрүүлж зээлийг бүрэн хааж дуусгах шаардлагатай байгаа тул Д.З-г улсын хэмжээнд эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З нь Замын-Үүд сумын ЗДТГ-с зээл авсан байгаа. Д.З-д холбогдуулан 2016 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Тухайн үед Д.З-г гэм буруутайд тооцож прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо хариуцагч Д.З-р сум хөгжүүлах сангаас авсан зээлийн төлбөр төлүүлэх гэтэл хаана байгаа оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах хүсэлтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Д.З нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗД М.Б-тэй 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ... тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээл авсан байх бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, Батлан даалтын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.З-н эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын Ц.Х-т даалгаж шийдвэрлэхээр тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Д.З-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.З-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-т даалгасугай.
3. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц