Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/795

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булагчид овогт Болорцэцэгийн Эт холбогдох эрүүгийн 2211 00852 1516 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Булагчид овгийн Болорцэцэгийн Э, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 6-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Отгонбаярын цахим хаягийг ашиглан хохирогч С.Мөнхцэцэгийн “Moogii SHD” гэх фэйсбүүк хаяг руу “хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь дансаа хаалт /блок/ хийчихлээ, маргааш өдөр өгье 150,000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Цэцэгдарийн Хаан банкны 5664158148 дугаарын дансаар 150,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 691 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Отгонбаярын цахим хаягийг ашиглан хохирогч С.Мөнхцэцэгийн “Moogii SHD” гэх фэйсбүүк хаяг руу “хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь дансаа /блок/ хаалт хийчихлээ, маргааш өдөр өгье 150,000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Цэцэгдарийн Хаан банкны 5664158148 дугаарын дансаар 150,000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч С.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 30 минутын орчимд өөрийн гэр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44/57 тоотод байхад миний отгон дүү Отгонбаярын фейсбүүк “Otgoo Otgoo Sumya” гэх хаягаас чат бичсэн “Хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн чинь дансаа блок хийчихлээ, маргааш өдөр өгье 150,000 төгрөг шилжүүлээч, 5664158148 дугаартай Цэцэгдарь гэсэн данс руу хийчих” гэж чат ирэхээр нь би Хаан банкны 5664158148 дугаартай Цэцэгдарь гэх хүний данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь манай ахын хүүхэд Отгоо ахын фейсбүүк хаягийг хакердсан байж магадгүй байна та мөнгө шилжүүлж явуулсан уу? гэж асуухаар нь би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Б.Цэцэгдарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14-15 цагийн орчимд найзын хамт сууж байтал Э /Эрка/ манай найзын ажил дээр ирээд “Найз дансаа нэг хоног хэрэглүүлчих, найз нь мөнгө авъя, янз бүрийн юманд хэрэглэхгүй” гэж хэлээд надаас миний хаан банкны 5664158148 дугаарын дансыг интернэт банкны нууц үг, нэвтрэх нэр, карттай аваад гарсан тус өдрийн орой миний rap утсанд ямар ч шалтгаангүй 200,000 төгрөг орсон гэх мессеж ирсэн, тэгэхээр нь би Эркагаас асуутал Эрка “ямар ч асуудал байхгүй ээ, маргааш дансыг чинь аваачаад өгье” гэж хэлээд алга болсон...” гэх /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргагч С.Мөнхцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би анх Цэцэгдарь гээд эмэгтэй найзынхаа дансыг 2, 3 өдөр ашилъя гэж хэлээд 2022 оны 5 дугаар сарын эхээр авсан. Тэгээд тэр дансаар эмэгтэй хүний хуурамч хаяг нээгээд залилан хийхээр шийдсэн. Фэйсбүүк групп дээр “+21” бичлэг зарна гээд пост оруулсан тэгээд хүмүүс над уу чат бичсэн нэг эрэгтэй над руу чат бичихэд нь утасны дугаараа явуулчих би группийн код мессежээр явуулъя гэсэн тэгээд дугаарыг ашиглаж фэйсбүүк хаягных нь кодыг авсан тэгээд тэр хүний хаяг руу нэвтрээд хохирогч Мөнхцэцэг гэх хүн рүү яаралтай мөнгөний хэрэг гарлаа түр 150,000 төгрөг зээлэх үү гэсэн над руу дансаа гэхээр нь Цэцэгдарь гээд найзынхаа дансыг өгсөн. Гэтэл над руу нөгөө хүн 150,000 төгрөг хийсэн...” гэх /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,  

шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Эыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Булагчид овгийн Болорцэцэгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.3 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлээгүй хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                              П.АРИУНБОЛД