Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 181/2017/00059/И |
Дугаар | 00059 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00059
“ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03277 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ВА Л” ХХК,
Хариуцагч “Э.Т” ХХК-д холбогдох,
2 286 760 781.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Одгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Одгэрэл, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Д.Дамдинсүрэн, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч “Э.Т” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, 1 146 777 404.92 төгрөг болон 1 071 000 420.50 төгрөгийн үнийн дүнтэй нийт 6 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр харилцан тохирсон юм. Талууд эдгээр гэрээнд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгаж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч тал гэрээний хугацаанд удаа дараагийн хүсэлтээр ийнхүү үндсэн төлбөр, хүүг төлөх хугацааг сунгаж байсан бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш ямар нэгэн төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр болон хүүг хугацаандаа төлөх үүрэгтэй байтал хариуцагч тал түрээсийн зүйлийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, 2012 оноос хойш тоног төхөөрөмжүүдийг ашигласаар ирсэн. Бидний хооронд байгуулсан гэрээгээр түрээслэгч тал түрээсийн зүйлийн үнэ, хүүг зохих ёсоор төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан ба гэрээний хугацаанд “Аmity air dril” загварын 460456 тоот сериал дугаартай 359 928 411.63 төгрөгийн үнэтэй үрлэгчийг буцаахаар шийдвэрлэж, уг тоног төхөөрөмжид урьдчилан төлсөн 85 694 700 төгрөгийг бусад тоног төхөөрөмжийн төлбөрт суутгасан.
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь гэрээний зүйлийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тул хүү мөн адил тооцогддог, манай компани эдгээр тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авч, үнийг нь төлсөн бөгөөд хариуцагчаас өнгөрсөн хугацаанд гэрээнд заасан үндсэн төлбөр, хүүг зохих ёсоор авч чадаагүйгээс улбаалан санхүүгийн хувьд хохирч, нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрч байна.
Тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авснаас хойш хугацаанд хариуцагчийн хүсэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан боловч тухайн шатны шүүхийн тогтоолоор эдгээр захирамжийг хүчингүй болгож, хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой хэмээн үзсэн. Түрээслүүлэгч бидний хувьд санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг болох санхүүжилт үзүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн ба эд хөрөнгийн доголдлын хувьд үрлэгч машин доголдолтой байсныг буцааж авсан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч талын зүгээс удаа дараа төлбөрийг төлнө, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг түрээслүүлэгч тал тухай бүр хүлээн авсан байтал түрээслэгч нь одоо үндэслэлгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах арга хэрэглэсээр өдий хүрсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх ёстой. Гэтэл хариуцагч тал үндсэн төлбөр, хүүг хугацаандаа төлдөггүй, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас засвар, үйлчилгээ үзүүлэхээр очиход нэвтрүүлдэггүй гэх зэргээр хүндрэл учруулсан, түүнчлэн тоног төхөөрөмжид дур мэдэн өөрчлөлт оруулсан ба тэдгээрийг гэрээний оролцогч биш “Эрээн цав” ХХК-д эзэмшүүлж, ашиглуулсан гэх зөрчлийг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтад үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүнд бодогдсон хүү, мөн алдангийн талаарх тооцооллыг тодорхой хавсаргасан ба хариуцагчийн 400 000 000 гаруй төгрөгийг үндэслэлгүй илүү нэхэмжилсэн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар нотлох баримт судлах шатанд тодорхой яригдсан тул шинжээч томилох шаардлагагүй. Хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмжийн доголдолтой холбоотой маргааныг байнга ярьдаг, гэтэл энэ нь санхүүгийн түрээсийн гэрээний асуудал, тоног төхөөрөмжийг мөнгөө төлсөн тохиолдолд өмчлөлд шилжүүлж авах үндсэн нөхцөлтэй ба нэхэмжлэгчийн хувьд шаардлагатай мөнгийг олж, хариуцагчийн нэрийн өмнөөс "Вагнер Ази тоног төхөөрөмж" ХХК-д өгсөн тул энэхүү харилцаанд мөнгө ашиглагдаж байгаа гэсэн үг. Иймд, талуудын хооронд байгуулсан гэрээгээр түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 1 304 964 481.13 төгрөг, хүү 398 443 352.34 төгрөг, алданги 560 879 702.34 төгрөг, засвар, үйлчилгээний зардал 22 473 246 төгрөг, нийт 2 286 760 781.81 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Г.Одгэрэл, өмгөөлөгч Г.Даваахүү нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч талтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хүлээн авсан үйл баримтын хувьд маргахгүй, гэвч Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар түрээслүүлэгчийн үндсэн үүрэг болох зориулалтын дагуу ашиглах боломжтой доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан төлөвлөсөн ургацаа хурааж чадаагүй. Энэ талаар Монголын үндэсний ба олон улсын арбитрт “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д холбогдуулан доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлснээс учирсан хохирол болон гэрээнээс татгалзахтай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэгт санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүд доголдолтой эсэхийг тогтоохоор шинжээч томилогдсон.
Гэтэл нэхэмжлэгч тал иргэний хэргийн шүүхэд тоног төхөөрөмжүүдийн үлдэгдэл үнэ, түүний хүү, алдангийг нэхэмжлэхдээ гэрээний зүйлийн доголдлыг уг хэрэгт хамааралгүй, нийлүүлсэн компанид хамааралтай мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгчийн хүлээх үүрэгт доголдолгүй эд хөрөнгө шилжүүлнэ гэсэн байгаагаас үзвэл доголдлыг тогтоох арбитрын ажиллагааг хүлээх ёстой, мөн бид гэрээнээс татгалзаж, өмнө төлсөн төлбөрийг буцаан авах шаардлага гаргасан бөгөөд “Э.Т” ХХК болон “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хамтран ажиллах ерөнхий гэрээнд зааснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг нь санхүүгийн түрээсийн гэрээ байхаар зохицуулсан. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг зөрчиж иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэрэг маргааныг арбитрын шийдвэр гарахаас өмнө шийдвэрлүүлэх гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлд авагдсан үндсэн төлбөр, түүний хүү, алдангийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, өнгөрсөн хугацаанд эд хөрөнгийн доголдлын улмаас ямар нэгэн ургац тариалалт явуулаагүй, нэхэмжлэгчийн харилцан хамааралтай компаниудын ажилтнууд ирж тоног төхөөрөмжийн компьютер дэх чипийг авч явснаас улбаалан цаашид ашиглагдах боломжгүй байснаас гадна засвар, үйлчилгээг хийж чаддаггүй байсан. Гэрчийн мэдүүлж байгаагаар бүхий л тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулдаг, чирж, гулдарч явдаг трактор нь ажилладаггүй гэж байна, маргааны гол нөхцөл төлбөр мөнгө төлөөгүй, үүнээс болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэх асуудал ярьж байна. Гэтэл үүний шалтгаан нь чанаргүй бараа нийлүүлсэн, доголдолтой байснаас болоод "Э.Т" ХХК болон “Эрээн цав” ХХК-иуд төлбөр төлөх нөхцөлөө бий болгож чадаагүй.
Газар тариалангийн үйл ажиллагаа явуулаад түүнээс олсон ашгаас төлбөр төлөх ёстой, гэвч анхнаасаа 2012 онд нийлүүлсэн үрлэгч машин ажиллаагүй учир үрсэлгээ хийгдээгүй учир ургац ургахгүй, ургац ургаагүй учир ашиг олохгүй тул төлбөр төлөх боломжгүй болж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, хариуцагчийн зүгээс гаргасан зарим хүсэлтүүдийг хангаагүй, төлбөртэй холбоотойгоор талууд хамтран тооцоо нийлэх, шинжээч томилох үр дагавар үүсч байгаагаас гадна тооцоо буруу хийгдсэн. Иймд, бидний гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан баримтыг судлаад шинжээч томилох, дахин хэргийг түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “Э.Т” ХХК-иас 2 264 287 535.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер ази лизин”г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 473 246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 749 704.46 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 11 479 388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Хариуцагчаас “Э.Т” ХХК болон “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах ерөнхий гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг арбитр хянан шийдвэрлэхээс өмнө “ВА Л” ХХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь дарааллын хувьд боломжгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр “ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй. Учир нь, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “... шүүх ...” гэж заасан байна, арбитр бол шүүх биш гэж дүгнэсэн.
Үүнийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг шүүх болон арбитр гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааж өгсөн байдаг. Арбитрын шийдвэр нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал биелэгдэх үр дагавартай байдаг. Ийм учраас шүүх биш гэж дүгнэх нь буруу гэж үзэж байна. Мөн худалдах, худалдан авах ерөнхий гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд талууд уг гэрээгээр бие биендээ өгсөн авсан зүйлсээ харилцан буцааж өгөх үр дагавартай, өөрөөр хэлбэл хүлээж авсан тоног төхөөрөмжүүдээ “ВА Л” ХХК-д буцааж өгснөөр түүний үнийг санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үргэлжлүүлэн төлөх шаардлагагүй болно, мөн урьд өмнө нь төлсөн байгаа төлбөрүүдийг “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК, бидэнд буцаан төлөх үр дагавар үүснэ. Ийм учраас эхлээд худалдах, худалдан авах ерөнхий гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсний дараа санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байсан.
Нэгэнт анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангаж өгөөгүй учраас дээрх нөхцөлийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “...эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүх мөн л хангаж өгөөгүй. Уг хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ худалдах, худалдан авах ерөнхий гэрээний маргаан, санхүүгийн түрээсийн гэрээний маргаан нь хоорондоо ямар нэгэн хамааралгүй гэж дүгнэсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ижил үндэслэлээр эхлээд худалдах, худалдан авах ерөнхий гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэх, үүний дараа санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр төлүүлэх маргааныг шийдвэрлэх ёстой байсан.
Арбитрын маргааны хүрээнд “ВА Л” ХХК нь хариуцагч болон гуравдагч этгээдийн алинаар нь ч оролцохгүй болсон учраас санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг арбитрт шийдвэрлүүлэх боломжгүй болж уг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э.Т” ХХК-д холбогдох иргэний хэргийн хүрээнд сөрөг нэхэмжлэл болгон гаргасныг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж, энэхүү хэргийн хамт хэлэлцүүлэх боломж олгоогүй. Манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон “ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь тус тусдаа шийдвэрлэгдэх боломжгүй хамтад нь хэлэлцэж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан. Учир нь, нэг шүүхийн шийдвэрээр санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг “Э.Т” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлээд байтал өөр нэг шүүхийн шийдвэрээр тухайн санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах шийдвэр гаргах тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага аль шийдвэрийг биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүснэ.
“ВА Л” ХХК болон “Э.Т” ХХК-ийн хооронд байгуулсан СТГ/12-184, СТГ/12-389 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 1.1 дэх заалтад “...түрээслүүлэгч нь гуравдагч этгээдээс түрээслэгчийн сонгосон эд хөрөнгийг худалдан авч ...түрээслүүлэгчид эзэмшүүлэн ашиглуулах...” гэж заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхээс хамаарч тухайн санхүүгийн түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр болох эсэх асуудал шийдвэрлэгдэх байсан. Өөрөөр хэлбэл “худалдан авах” үүрэг буюу гуравдагч этгээдэд эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хангагдсан эсэх явдал. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 тэрбум гаруй төгрөгийг “ВА Л” ХХК-иас “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэхдээ тухайн гүйлгээний зориулалт тодорхойгүй, үнийн дүн илүү байсан. Өөрөөр хэлбэл энэхүү нотлох баримт нь СТГ/12-184 тоот гэрээний дагуу төлбөр төлөгдсөн баримт мөн эсэх нь эргэлзээтэй, СТГ/12-389 тоот гэрээний дагуу төлбөр огт төлөгдөөгүй байдалтай байсан учраас уг баримтыг шалгуулахыг хүссэн. Уг хүсэлтийг шүүх хангаж өгөөгүй.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ шүүгч тайлбарлахдаа үндсэн нэхэмжлэлийн талаар ямар шийдвэр гарахыг урьдчилсан байдлаар хэлсэн. Тодруулбал, “...худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг арбитрт хангаж шийдвэрлэвэл санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг би хангаж шийдвэрлэнэ гэж бодоод байгаа юм уу, би тийм шийдвэр гаргах боломжгүй шүү дээ...” гэж хэлсэн. Энэ нь тухайн хэргийн талаар шүүгч ямар шийдвэр гаргах талаараа урьдчилсан байдлаар шийдчихсэн байсан гэж ойлгогдсон. Иймд тухайн шүүгчийг хэргээ шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэлгүй болгосон. Ингээд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг хангаагүй.
Дээрх сөрөг нэхэмжлэл болон нотлох баримт гаргуулахыг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй учраас “ВА Л” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор мэтгэлцэхээс өөр ажил үлдээгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний 1.3.4-т “... Түрээсийн хүү, түрээсийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс cap тутам тооцогдох хүү ...” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал хүүг тооцохдоо үлдэгдэл төлбөрөөс тооцоогүй, харин моргейжийн зээлийн гэрээний загвараас тооцож нэхэмжилсэн байсан ба манай компанийн нягтлан бодогчийн бодсоноор 400 орчим сая төгрөгийн зөрүү гарсан. Энэ талаар нэхэмжлэгч талтай тооцоо нийлэх, цаашилбал эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй.
Шүүх хуралдааны явцад шүүх англи хэл дээрх нотлох баримтыг ашиглаж шийдвэрээ гаргасан. Шүүх хэргийн талаар бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Тодруулбал, “ВА Л” ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээс (лизинг)-ийн тухай хуульд заасан биет байдлын доголдолгүй эд зүйлийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн энэхүү төлбөрийн маргааны үндэс суурь тавигдсан гэдгийг огт анхаараагүй.
“ВА Л” ХХК, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нар нь угтаа нэгдмэл сонирхолтой этгээд учраас хамтын хариуцлага хүлээж, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмжүүдийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлж нийлүүлснийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг анхаараагүй. Хэдийгээр нэхэмжлэгч “ВА Л” ХХК нь тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, нийлүүлэлтийн хугацаа хэтрэлт зэргийн алдагдлыг манай компани огт хариуцахгүй, гагцхүү “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК хариуцна гэж мэтгэлцэж байсан боловч бодит байдал дээр үрлэгч машины тухайд хариуцлага хүлээж уг машинаа буцаан авсан, үүнтэй холбоотойгоор 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн санамж бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13/11/01-3007MNT дугаартай нэмэлт өөрчлөлт зэргийг байгуулсан байгаагаас харагдана. Тэгэхээр бусад машины тухайд адилхан хариуцлага хүлээж, манай компанид учруулсан хохирол, олох байсан ашиг болон бусад асуудлыг хариуцах ёстой байсан. Үүнийг шүүх огт анхаараагүй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг буюу “ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл, эсхүл хэргийг түдгэлзүүлэх үндэслэл, сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь хэлэлцэх боломжоор хангах, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах, шүүгчээс татгалзах, хэргийн талаар үнэн бодитой дүгнэлт хийх шаардлага зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ВА Л” ХХК-ийн “Э.Т” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзлын үндэслэл буюу санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн тоног төхөөрөмж доголдолтой эсэх талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч “ВА Л” ХХК-ийн санхүүгийн түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийг хариуцагч “Э.Т” ХХК эс зөвшөөрсөн татгалзлаа санхүүгийн түрээсийн гэрээгээр шилжүүлэн авсан тоног төхөөрөмж доголдолтой байсан учир уг тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-тай маргаан үүсгэж, хариуцагчаар татан, арбитрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул уг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө түрээсийн төлбөр шаардсан “ВА Л” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр гаргажээ.
“Э.Т” ХХК болон “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн хооронд 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан FC-12/02-02 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр хавсралт 1-д заасан 7 нэр төрлийн тоног төхөөрөмжийг “Э.Т” ХХК худалдан авах, төлбөрийн үлдэгдэл хэсгийг “ВА Л” ХХК-тай байгуулах санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу тус компанийн санхүүжилтээр худалдагч талд төлөх гол нөхцөлийг гэрээний 1.2 дахь заалтаар тохиролцсон байна.
Худалдах, худалдан авах гэрээний дээрх тохиролцооны дагуу “Э.Т” ХХК, “ВА Л” ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн СТГ/12-184 дугаартай, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр СТГ/12-389 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан ба түрээслэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.
Хэрэгт “Э.Т” ХХК-ийн “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Монголын Олон улсын ба Үндэсний арбитр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан тухай мэдэгдэл /хх1-222/, мөн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд доголдолтой байсан эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилсон тус арбитрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 114 дүгээр шийдвэр /хх3-54/ авагдсан ба шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа, арбитрт маргаан хянан шийдвэрлэгдэж дуусаагүй талаар тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
“Э.Т” ХХК болон “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, мөн “Э.Т” ХХК, “ВА Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хугацааны хувьд өөр, тусдаа гэрээ боловч худалдан авагч тал тоног төхөөрөмжийг “ВА Л” ХХК-иас түрээслэх замаар гэрээний төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ.
Хэргийн дээрх нөхцөл, баримтаас үзвэл Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн доголдолтой эсэх талаарх маргааны үйл баримт тогтоогдоогүй, түрээсийн зүйлийг биет байдлын доголдолгүйгээр түрээслэгч талд хүлээлгэн өгөх Санхүүгийн түрээсийн гэрээний 5.2.1 дэх заалтаар хүлээсэн үүргээ түрээслүүлэгч “ВА Л” ХХК биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 11 479 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
А.ОТГОНЦЭЦЭГ