| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0191/Э |
| Дугаар | 870 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 870
2019 08 29 2019/ДШМ/870
Б.Ө-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Ө-,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,
хохирогч Б.Ж-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ө-т холбогдох 1711007080083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Б-ийн Ө, Төв аймгийн Аргалант суманд 1989 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 547 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/,
Б.Ө- нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ж-д “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Нүхт” гэх нэртэй газарт 1 га газар авч өгнө” гэж хуурч, тухайн байршилд газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж 80,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Н.Э-д өөрийгөө “Монгол Улсын Их хурлын даргын охин” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж, зээлэх нэрийдлээр нийт 8,035,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулж байртай болгож өгнө” гэж хуурч Б.Т-аас 5,500,000 төгрөг, Л.Б-гээс 5,750,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ээс 46,099,000 төгрөг, хариуцагч Б.Нямдоржоос 30,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-д, шүүгдэгч Б.Ө-ээс 5,500,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Т-д, 5,620,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Б-д, 6,775,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-д тус тус олгож, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ө-ийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000400692 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт Цагаан хөтөл, Нөхөрлөл 2а гудамжны 14 тоотод байрлалтай, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг хохиролд тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би нийт 90 хоног цагдан хоригдохдоо хийсэн бодлогогүй үйлдэлдээ маш их харамсан гэмшиж, эх үрийн хагацал ямар аймшигтайг ойлгож, хүний эрх чөлөө ямар үнэ цэнэтэйг ухаарч байна. Хохирогч Б.Ж-д нийт 4,000,000 төгрөг, Н.Э-д 2,250,000 төгрөг төлж байсан боловч хоригдсоны улмаас хохирлоо төлж амжилгүй анхан шатны шүүхээс ял авсан. Би өөрт байгаа нөхцөл бололцоогоо буруу тооцоолон, хууль эрх зүйн мэдлэггүйгээс эрүүгийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсан гэмшиж байна. Хохирогч болон эрхэм шүүгч, прокурор нараас чин сэтгэлийн уучлал гуйж байна. Одоогоор хохирол төлбөрөө барагдуулан санал гомдолгүй болсон. Иймд намайг анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсоныг болон өрх толгойлсон 3 хүүхэдтэйг минь харгалзан үзэж хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлд маргахгүй. Б.Ө-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хорих болон торгох ял оногдуулахаар хуульчилсан. Б.Ө- нь ам бүл дөрөв, нөхөр, 2-оос 4 насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилтай байсан, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлын тодорхой хэсгийг төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Хохирогч Б.Ж-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзсэн. Хохиролд 4,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Ж- нь шүүгдэгчийн нөхөртэй үеэлүүд юм. Давж заалдах гомдолдоо хохирол төлсөн гэж бичсэн байна. Энэ нь худлаа. Хэрэгт үнэлгээгээр 600,000 орчим төгрөгөөр үнэлэгдсэн яг ижил өөр газрыг хохирогч Б.Ж-гийн дүүгийн нэр дээр шилжүүлсэн гэсэн. Уг газраа үлдэгдэл хохирол болох 76.000.000 төгрөгт дүйцүүлэн хаах тухай шүүгдэгч ярьдаг. Хэрэг шалгагдаж байх үед дахин залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч нарын тоо нэмэгдэж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх байдлыг харгалзан үзсэн...” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг хуульчилсан байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, торгуулийн ял оногдуулахад тухайн ял биелэгдэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх яллагдагчийн үүргийг зөрчиж анхан шатны шүүх хуралдааны үеэр өөрийгөө жирэмсэн гэж худал хэлсэн байгаа. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Б.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг түүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Б.Ө- нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Ж-д “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Нүхт” гэх нэртэй газарт 1 га газар авч өгнө” гэж хуурч, тухайн байршилд газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж 80,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Н.Э-д өөрийгөө “Монгол Улсын Их хурлын даргын охин” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн зээлэх нэрийдлээр нийт 8,035,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулж байртай болгож өгнө” гэж хуурч хохирогч Б.Т-аас 5,500,000 төгрөг, хохирогч Л.Б-гээс 5,750,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
“Б.Ө- нь “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нүхтэд 1 га газар зарна...” гэж, тухайн газрыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр 80,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан ба тэрээр газрын гэрчилгээ гарсан, эзэмших эрхийн гэрчилгээг өмчлөх болгож солиулж байгаа гэх мэтээр хуурч байсан талаар хохирогч Б.Ж-гийн өгсөн мэдүүлэг /1-р хх 13-14/,
“Банкны дансаар нь Б.Ө- 80,000,000 төгрөг шилжүүлж авсан” талаар гэрч О.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /1-р хх 48-49, 54-55/,
“Эхнэр Б.Ө- нь Нүхтэд газар худалдаж авах хүн хайгаад, үеэл Б.Ж-тай уулзсан” талаар гэрч Б.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /1-р хх 51-52/,
Н.Энхтуяагийн Хаан банк дахь 5022561920 тоот дансанд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 80,000,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулбар /1-р хх 79, 82/,
“Б.Ө- нь “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулж, Буянт-Ухаа 2 хороололд, Төрийн орон сууцны корпарацийн 8 хувийн зээлд хамруулж орон сууцтай болгож өгнө” гэж 5.500.000 төгрөг авсан” талаар хохирогч Б.Т-ы өгсөн мэдүүлэг /1-р хх 212-213/,
“Б.Ө- нь Буянт-Ухаа 2 хороололд яаж байр авдаг, хэдэн хувийг нь өөрөө, хэдэн хувийг нь ипотекийн зээлээр төлдөг гэх мэтийг лавлаж асууж байсан” талаар гэрч М.Өлзийхишигийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 222/,
“Б.Ө- нь “Буянт-Ухаа 2 хороололд залуучуудыг дэмжих төсөл хэрэгжиж байгаа, би 3 сард дүүгээ оруулж өгсөн, урьдчилгаа 5,000,000 төгрөг өгөөд болдог, танайх тэнцэх юм байна, бичиг баримтаа бүрдүүлээд өргөдөлтэйгөө хамт өгөөрэй” гэж хэлээд нийт 5,750,000 төгрөг авсан талаар хохирогч хохирогч Л.Б-, түүний нөхөр Б.Батбаяр нарын өгсөн мэдүүлгүүд /1-р хх 242-243, 250/,
“Эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байсан Б.Ө- нь утсаар яриад Л.Б-гийн гэрт хамт очихоор болсон. Л.Б-тэй юу ярьсныг мэдэхгүй, ямартай ч Б.Ө- надад урьдчилгаа 3,000,000 төгрөг өгвөл таньдаг хүнээрээ дамжуулан Буянт-Ухаа 2 хороололд байртай болгож өгнө гэж байсан...” гэх гэрч Ч.Болортуяагийн мэдүүлэг /2-р хх 63-64/,
Хаан банкны дансны хуулга /1-р хх 237-239/,
“Эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлж байсан Б.Ө- нь өөрийгөө Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын охин гэж танилцуулсан... Төрсөн өдөрт аав ирнэ, бэлдэх мөнгө хэрэгтэй гэж 1,000,000 төгрөг, хүнд үзүүлнэ гэж 110,000 төгрөг, өндөр нууцлалтай данс нээлгэнэ гэж 2,000,000 төгрөг, аав Энхболд манай нөхрийг сарын 4,000 ам.долларын цалинтай ажилд оруулж байгаа, хүнээс мөнгө зээлчихсэн гэж 4,000,000 төгрөг, аав Энхболд намайг гадаадад явуулна, хамт явья, визний мөнгө 1,100,000 төгрөг гэх мэтчилэн худал хэлж 8,035,500 төгрөг авсан” талаар хохирогч Н.Э-ын өгсөн мэдүүлэг /2-р хх 188-189/,
Шүүгдэгч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад залилах гэмт хэргүүдийн талаар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд /1-р хх 58-59, 194, 225-226 зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ө-ийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хохирогч Б.Ж-г залилсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хохирогч Б.Т-, Л.Б-, Н.Э- нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул хорих ялыг торгох ял болгон өөрчлүүлэхийг хүссэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхээс Б.Ө-ийн нөхөр Б.Нямдоржийг хохирогч Б.Ж-гаас авсан мөнгөөр автомашин худалдан авсан гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан 30,000,000 төгрөгийн төлбөр хариуцуулсан нь буруу болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан. “... хууль ёсоор хариуцвал зохих ...” гэдэгт хууль болон гэрээний үндсэн дээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөх үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Б.Ж-гаас залилан авсан мөнгөнөөс 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 44-85 УНГ улсын дугаартай “Toyota Harrier” загварын автомашиныг нөхөр Б.Нямдоржийн нэр дээр худалдан авч эзэмшиж байгаад Ч.Сүхболдод худалдаж, автомашины үнэнд авсан мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан болох нь шүүгдэгч Б.Ө-, гэрч Б.Нямдорж нарын мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх 104/ зэргээр тогтоогдсон байна.
Гэм буруутай этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулсан байхад түүний гэр бүлийн гишүүнийг хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж иргэний хариуцагч Б.Нямдоржоос хохирчид төлүүлэхээр шийдвэрлэсэн 30,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ө-ээс гаргуулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “... иргэний хариуцагч Б.Нямдоржоос хохирлын 30,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ж-д ...” гэснийг “... шүүгдэгч Б.Ө-ээс 30,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-д ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН