Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0542

 

 

 

 

 

 

С.Бы нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Б

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “С.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 112/2024/0004/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “С.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Б-аас тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Лд холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн С.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/05 тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/05 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “Сонсох ажиллагаа хийгдээгүй, ямар шийдвэр гаргах болсноо танилцуулаагүй.

 

3.2. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т байгууллагын ерөнхий нягтлан бодогч томилоход хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэхээр заасан байдаг. Тус төвийн нягтлан бодогчоор Э.Бийг ерөнхий нягтлан бодогчоор томилоогүй нягтлан бодогчоор туршилтын хугацаагаар томилсон байдаг.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 112/ШШ2024/0021 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч С.Б-аас хариуцагч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “С.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргасан.

 

2.2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “...Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/21337 дугаартай албан бичгийн дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчиж томилгоо хийсэн Зооноз өвчин судлалын төвийн дарга С-ийн Б-ы албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

2.3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад “...нэхэмжлэгч уг урьдчилсан мэдүүлгийг хүргүүлэлгүй шууд томилсноор уг зөрчлийг үйлдсэн гэж тооцох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, Нэгэнт томилох эрх бүхий албан тушаалтан буюу нэхэмжлэгч нягтлан бодогчийг шууд томилсноороо мэдүүлгийг урьдчилан хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн байх бөгөөд тухайн үйлдлийг дараа нь залруулан зассаныг зөвтгөн дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

2.4. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/3 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Зооноз өвчин судлалын төвийн бүтэц, орон тоонд ерөнхий болон ахлах нягтлан бодогчийн албан тушаалын орон тоо батлагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э.Б-ийг нягтлан бодогчоор томилохдоо түүний цалинг ТҮ-8 буюу ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын зэрэглэлээр цалинжуулсан нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасанд хамаарах албан тушаалтан буюу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий этгээдэд хянуулах үүрэг үүссэн байхад энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

2.5. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/21337 дугаартай албан бичгээр “...Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Э-ийн Б-ийг тус төвийн нягтлан бодогчоор томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Иймд С.Бд дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасан хариуцлагыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг чанд баримтлан тооцож, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тус газарт 2024 оны 01 дүгээр сарын 27-ны дотор хариуг ирүүлнэ үү” гэх шаардлагыг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

2.6. Тухайн тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий тушаалаар Зооноз өвчин судлалын төвийн дарга буюу нэхэмжлэгч С.Бд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гээд 29.2.2-т “Энэ хуулийн ...23.5-д заасан үүргээ биелүүлээгүй, ...бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

2.7. Үүнтэй холбоотойгоор гаргасан нэхэмжлэгчийн “...төвийн нягтлан бодогчоор Э.Бийг ерөнхий нягтлан бодогчоор томилоогүй нягтлан бодогчоор туршилтын хугацаагаар томилсон...” гэх гомдол үндэслэлгүй.

 

2.8. Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “Сонсох ажиллагаа хийгдээгүй, ямар шийдвэр гаргах болсноо танилцуулаагүй...” гэж тайлбарлаж байх боловч захиргааны байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Бд мөн сарын 22-ны өдрийн 11 цагт болох сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, тухайн өдрөө сонсох ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.Билгүүн

 

ШҮҮГЧ                                                           З.Ганзориг

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА