Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 114

 

2016.11.14                                      114

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0108/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй  хийсэн  хуралдаанд

Улсын яллагч:                                       Я.Сансар,
Нарийн бичгийн дарга:               Н.Болор-Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:               Б.Мерей, С.Нарангэрэл,
Шүүгдэгч:                       П.Нямдорж нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хардал овогт Пүрэвжавын Нямдоржид /РД:ЛИ89112694/ Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 98 дугаар зүйлийн 98.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000174  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч П.Нямдорж  нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Отгонтуяаг байнга буюу 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зодож бугалга, гуя зэргийг нь хөхрүүлсэн, 2016 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн төвд зодож хацар, бугалга, гуя зэргийг нь  хөхрүүлсэн, 2016 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн төвд зодож биеийг нь хөхрүүлсэн, 2016 оны 5 дугаар сард халиваар /отвёртка/ хоолойд нь тулгаж гуя руу нь хатгаж зодож тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн, 2016 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд согтуугаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг ”Дэлгэр” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Отгонтуяатай маргалдан улмаар түүнийг зодож, хутгаар хүзүүн тус газар хутганы үзүүрээр зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж тарчлаасан, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Отгонтуяатай маргалдан улмаар зодох явцдаа иргэн Д.Оргодолын бие рүү нь бензин цацаж гал тавьсны улмаас түлэгдэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Х.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө цаг сайн  анзаараагүй Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэр” гэх газар гэртээ байхдаа би ороо засах гээд орны даавуу дэвсэж байснаа ямар их хар болчихсон юм бэ гэсэн чинь хамтран амьдрагч Нямдорж нь орны даавууг татаж аваад над руу чулуудаад байсан. Тэгээд би даавуугаа дэвсэхээ болиод орондоо ороод хэвтсэн. Тэгтэл Нямдорж гэрлээ унтраагаад өөрөө хэвтсэн. Хэвтээд байсан чинь надтай юм ярь гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би юу ярих гээд байгаа юм бэ гэхэд хоолой гараараа боогоод, дараа нь үснээс зулгааж, дуугарах гэхээр нь дуугаргахгүй ам дараад байсан юм. Тэгээд би гартай нь ноцолдож байгаад хашгирсан чинь хадам ээж Оргодол гэрэл асаасан. Гэрэл асаасан чинь намайг хэвт гээд үснээс арагш чангааж хэвтүүлээд байсан. Тэгсэн чинь ээж болон ах Мягмар нь дүүгээ боль гэсэн чинь ах болон ээжтэйгээ ноцолдоод байсан. ... Ээж ах хоёр нь тайвшир гээд тайвшраад унтсан. Маргааш өглөө нь би босоод харахад хоёр шанаа хавдаад хөхөрсөн байсан. Бие нэлээд их хөндүүр болсон байсан. Гэрт суурин гар утас байсан болохоор би гэр рүүгээ яримаар байна. Гэртээ очмоор байна чи намайг хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн чинь суурин жи-гийн гар утсыг булааж аваад намайг яриулахгүй байсан. Бага хүүхэд маань уйлсан чинь хүүхдийн сүүг өг өгөхгүй бол ална гэж заналхийлэхээр нь  би хүүхдийн сүүг өгөлгүй гараад явсан. Гарах үедээ унинд  байсан гар жибайлын утсыг утсаар ярихаар ойрхон газар ярих гэсэн чинь Жимобайлын гар утас сүлжээ авахгүй байсан.  Тэгээд ярьж чадаагүй тэнд зогсож байсан. Тэгтэл Нямдорж мотоцикльтой гэрээсээ ирсэн. Гэрээс ирээд чамайг хэн утсаар ярь гэсэн ална гээд мотциклоор дайрах гээд тулгаж ирээд байсан. Тэгээд би дайрах гээд байхаар нь жаахан зугтаад байсан. Зугтаагаад байсан чинь мотоциклоор тул ирж зогсоод намайг зодож эхэлсэн. Зодож байсан чинь ээж нь хүрч ирээд хориод гэр рүүгээ явсан. Гэртээ очсон чинь ах нь малаа услах гээд явсан байсан. Хонь нь сувай, хургатай хониороо тусдаа байдаг юм. Ах нь сувай хонио услахаар явсан байсан.  Хургатай хонь нэлээд зайтай байсан суурин жи нь сем батерейг нь авсан байсан.  Тэгсэн чинь хургатай хонь руу явж бай би чамайг очиж ална гээд намайг айлгаад байсан. Тэгтэл ээж нь явбал гурвуулаа явья гээд байсан. Над руу дайраад байхаар нь хадам ээж хүүгээ хориод барьж байсан. Тэгсэн чинь Нямдорж ээжийгээ гэрт хийгээд гаднаас цоожилсон байсан юм билээ. Түүнийг нь би тухайн үед мэдээгүй. Дараа нь мэдсэн. Тэгээд би хонь руугаа явж байтал Нямдорж мотоциклтой ирээд намайг суу гээд сундлаад хонин дээрээ очсон. Хонин дээр очоод дээл бүсээ тайлаад бүсээ мотоцикльдоо уяад намайг чирч ална гээд хоолойнд бүсээ уяад жаахан газар чирсэн. Тэгээд би ноцолдож байгаад мотоцикльд уясан хэсгийн уяаг тайлсан юм. Тэгтэл чамайг мотоциклоор дайрч ална гээд мотоциклоор дайрч унагаасан. Тэр даруй хамаг бие хөдөлж чадахгүй болоод  нэг хэсэг газар суусан. Сууж байсан чинь үстэж аваад газар мөргүүлээд байсан. Газар мөргүүлээд цохиод өчнөөн юм болсон юм. Тэгээд цаад талд нь адуу хөөсөн хүн нэлээд зайтай явж байсан чинь Нямдорж мотоцикль дээр суу гээд байсан. Тэгээд биеэ хөдөлгөж чадахгүй байсан болохоор арай гэж мотоцикль дээр суусан. Нэлээд ширүүн давхиад байхаар нь миний бие өвдөөд байна би одоо үхлээ чи аяар яв л даа гэсэн чинь нэг хэсэг зөөлөн яваад гэртээ харьсан. Хариад хэсэг зуур гайгүй байсан. Тэгээд уучлаарай би чамайг дахиж зодохгүй гээд надаас уучлалт гуйгаад байсан. Би гэр рүүгээ явмаар байна чи намайг хүргээд өгөх боломж байна уу гэхэд би чамайг явбал ална гээд гэрийнхээ гадаа намайг цохиж аваад, эмээлийн суран жирэмээр ороолгоод байхаар нь би айгаад уучлаарай гээд нэг хэсэг зуур гайгүй болсон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гар утасныхаа батерейг өгчих миний бие хаа өвдөөд байна гэхэд хонь руу гаа яваад өгсөн. Хонь нэлээд хол явсан байхаар нь би хадам ээжид та нар намайг ээж ааваас минь гуйж авсан юм чинь хүргээд өгчих би айлд зодуулаад байх надад хэцүү байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж нь би хүргэж өгөх боломж алга гар утсаар ярих боломж байхгүй, Мягмар ахаар хүргүүлээд өгөөч гэр рүү маань гэсэн. Ах нь бүтэхгүй мотоцикль муу барьдаг гэж хэлсэн. Байхгүй хооронд нь би явчихъя та хоёр хүүхэд харж байх уу гэхэд ирэхээр нь яв гээд гэрийн гадаа юм хийгээд суугаад байсан. Тэгтэл Нямдорж хониноосоо ирэхэд нь би том охиныхоо хувцсыг сольсон байсан. Өөрийнхөө хувцсыг солих гээд илүү гэр рүү орсон. Тэгтэл араас орж ирээд, намайг нүүр рүү нэлээд олон удаа цохисон. Тэгээд би хашгирсан чинь хадам ээж орж ирж хорьсон. Гараад явахаар нь би илүү гэрээсээ гарсан. Гарсан чинь илүү гэр лүү хурдан ор гээд ээж бид хоёрыг загнаад байсан. Тэгээд хоёулаа илүү гэр лүү орчихоод байж байхад хаалгыг нь дарчихаад гэр дээгүүр юм цацаад байх шиг байсан. Тэгээд 25-н савтай бензинээ барьж орж ирээд гэр дотуур цацаж, дараа нь шатааж ална гээд  над руу цацах гээд дайрсан чинь ээж нь урдуур нь ороод хүний хүүхэд шатааснаас би өөрөө шатъя гэсэн утгатай үг хэлсэн. Тэгтэл Нямдорж бензинээ ээж бид хоёр руу цацсан. Тэр үед ээж рүү нь бензин нэлээд их цацагдсан. Тэгээд Нямдорж гэртээ асгасан бензин рүүгээ шүдэнз зураад чулуудаад гэр нь битүү гал болоод, би сандарсандаа ээжийг нь аваад гал дундуур гарсан. Гадаа гараад ирсэн чинь ээжийн биеэнд ассан гал унтрахгүй байхаар нь би ус цацаж галыг унтраасан. Тэгсэн чинь Нямдорж машинаасаа цагаан саарал өнгөтэй эвхмэл хутга гаргаж ирээд намайг дарж унагааж байгаад эрүүний доод хэсгээр үзүүрийг нь оруулаад жаахан цус гарахаар нь болиод 2-3 удаа тийм үйлдэл хийсэн. Тэгээд хутгаараа өнгөцхөн зураад байсан. Тэгээд хадам ээж хутгыг нь булааж авсан байж магадгүй, гарт нь хутга байхгүй болсон байсан. Түүний дараа 0,75 граммын шилтэй Улаанбаатар архи бид хоёрын дэргэд уугаад байсан. Аймгаас хоёр шил архи авчирсан байсны нэгийг нь хүнд өгөөд дээрээс нь бага зэрэг уусан байсан. Тэр архиа өөрөө уусан. Нэг харсан чинь тэр архи бага үлдсэн аяганд хийгээд уугаад байсан. Ууж дууссаны дараа архины шилээрээ архи олоод ир гээд толгойны ар хэсэгт  2 лав цохисон. Тэгээд таарсан юмаараа цохиж балбаад төмөр толины суурины бүдүүн трубагаар цохих гэж над руу дайраад байсан. Тэгээд гартаа тааралдсан юм болгоноор цохиж балбаад байсан. Дараа нь миний дээр гарч суугаад эрүүг боогоод миний зүүн талын завьжны хажууд хоёр удаа нэлээд чанга хазсан юм. Хоёр шанаа руу хоёр тал руу ээлжилж цохиж ноцолдож байгаад нэг боссон чинь босч ирэнгүүт, шанаан тус газар цохиход нь ээж дээгүүр давж ээж нь хамт унасан. Намайг нэлээд хэдэн удаа цохиж унагаасан.  Тэгээд хонины хашаа руу зугтаагаад би хонины хашааг нь даваад  дотор нь орсон чинь хонины банзан хашаатай хэсгээр дайраад орж ирсэн. Тэгээд мотоциклиосоо буугаад намайг барьж авсан. Нэлээд цохиж байснаа машин руугаа яваад машинаасаа лантуу төмөр, машины төмөр зэрэг эд зүйлс гаргаж ирээд машиныг тойрч зугтаад байсан нөгөө юмаа хашааг давуулж шидээд байсан. Тэгээд илүү гэрийн галыг унтраа гээд загнаад байхаар нь нэг удаа ус аваачиж өгөөд, хоёр дахь ус аваачиж өгөхдөө гэрийн зүүн талд байсан мотоциклыг унаад зугтаагаад худаг дээр очсон. Худаг дээр очиход Мягмар гээд ах нь хажуу талынх нь Намжир гээд айлынх эхнэр хүү охин хоёртойгоо байсан. Тэгээд намайг зодож байхдаа миний хувцсыг ураад авсан байсан. Ахад нь учир байдлаа хэлж та одоо ингээд оч гэж хэлсэн. Тэгээд ах нь би очоод дийлэхгүй Хэнтий аймаг руу Лхагва ахад нь хэлж дуудья гээд эгч Жагайгийнх руу явсан. Эгчийнд нь очоод ах руу нь утсаар хэлсэн. Намайг очиход эгч бэр хоёр байсан. Тэгээд бэр Туяа цамцаа соль гээд солиулсан. Тэгээд буцаад худаг руу очсон. Ахад нь гэр лүүгээ явлаа гэж хэлсэн. Би араас ирээд алчихаж магадгүй гэж бодоод мотоцикльтой зугтаагаад Баянхутаг сумын 1-р баг Ширээгийн уул гэдэг газар очсон. Тэгтэл хүргэн эгч хоёр хүүхэдтэйгээ байсан. Эгчид үнэн учраа хэлж аав ээж рүүгээ хэлээд  Нямдоржийн эгчийнх  рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд эгч маань чиний бие муу байна би чамайг Давсанбадрах гэдэг газар  луу хүргээд аав цаанаас ирж амдаж авна гэж хэлсэн. Тэгээд эгч намайг өөрийнхөө машинтай Давсанбадрах гэдэг газрын хойно хүргэж өгсөн. Тэгээд аав намайг амдаж аваад Хэнтий аймгийн төвд ирсэн. ... Миний зүүн талын шанаа хавдаад эрүүний доод хэсэг хөхөрч хутганы ором их байгаа хөхрөөгүй хөл гар бараг байхгүй. Нямдорж анх намайг 2015 оны 11-р сард Улаанбаатар хотод байхад онцын шалтгаангүй гэр бүлийн хэрүүл хийж, намайг зодож байсан.  Тэгэхэд миний гар бугалга, гуя зэрэг хөхөрч байсан. Тухайн үед гараараа зодсон. Түүнээс хойш 2016 оны 01-р сарын эхээр Хэнтий аймгийн төвд ээжийгээ эмнэлэгт хэвтээд байхад нь сахиж байхад хөдөөнөөс ирээд жирэмсэн байж хүн эмнэлэгт сахиж хонолоо гээд намайг зодож тухайн үед хацар, бугалга, гуя зэргийг хөхрүүлсэн. Гар хөлөөрөө цохьж өшиглөөд л байсан. Түүнээс хойш 2016 оны 3-р сард би Улаанбаатар хотоос ирээд ирсэн өдрөө тэдний ах Лхагвын гэрт байхад Нямдорж бас намайг шалихгүй шалтгаанаас болж гадуур хоол иднэ гээд хоолны газраасаа болж маргаж орой нь Лхагва ахынд нь сууж байхад Нямдорж гаднаас ирээд намайг зодсон. Тэр үед бас л энд тэнд хөхрүүлж, гар хөлөөрөө цохисон бөгөөд тэр үед Нямдоржийн бэр Өлзийсайхан, төрсөн дүү Цэнд, түүний нөхөр Одоннэмэх нар байсан бөгөөд тэр хэд болиулж салгасан. Тэр үед нэлээд зодуулаад бие маань аймар их хөхөрсөн. Би хүнд хэлээгүй өнгөрөөсөн. Үүнээс хойш байж байгаад 2016 оны 5-р сард ээжийг эмнэлэгт сахиж байхад хөдөөнөөс ирээд намайг машиндаа суулгаж авч гараад чи надаар ээжийнхээ хоол цайг зөөлгөх гэлээ гэж уурлаад намайг машиндаа цохиж зодоод автиркаар хоолойд тулгаж мөн гуя руу хатгаад байсан. Гар хөлөөрөө цохиж нүүр, хацар, гуя, бугалга бүгд  хөхөрч хавдсан. Ингээд хамгийн сүүлд 2016 оны 6-р сарын 10-наас 2016 оны 6-р сарын 12-ны өдөр хүртэл 3 хоног гэртээ байхдаа зодож балбаад тарчлаагаад байхаар нь үхэхээсээ өмнө гээд  аргаа ядаад мотоцикльтой зугатаасан.  гэсэн мэдүүлэг.  /1хх-ийн 24-26, 2хх-177-178 х/
Хохирогч  Д.Оргодолын мөрдөн байцаалтад өгсөн: Би тэр өдөр гэрийн гадаа өрхөө оёод сууж байхад манай хүү Нямдорж, бэр Отгонтуяа нар хоорондоо муудалцаад гэр дотроо хүү Нямдорж, бэр Отгонтуяаг зодохоор нь би болиулах санаатай гэрт нь орж тэр хоёрын дундуур орсон. Тэр үед бужигнаад би цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би түлэгдсэн байсан. Нямдорж, Отгонтуяаг зодохын өмнөх орой орны даавуу муухай байна гэж муудалцсан гэсэн гэсэн мэдүүлэг. /1хх-32-33х/, /2хх-179-181х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 274 дугаартай
1. Х.Отгонтуяагийн биед тархи доргилт, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун гарын бугалганд цус хуралт, эрүүний доод хэсэгт зулгаралт, цээжний урд хэсэгт цус хуралт, баруун далны харалдаа цус хуралт, зулгаралт 2 хөлийн шилбээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /хх-59 х/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 122 дугаартай
1. Д.Оргодолын биед нүүр, цээжний дээд хэсэг, баруун гарын хурууны ар хэсгийн түлэгдэл, зүүн өвдөгний доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт. /хх-56 х/
Гэрч П.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 6-рсарын 12-ны өдөр 13 цагийн үед гэртээ очиход ээжийн маань нүүр болон цээж гар нь түлэгдсэн байсан. Ээж намайг цагдаа дууд гэж хэлэхээр нь би юу болсон талаар  нь асуухад Нямдорж намайг түлчихлээ гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг. /хх- 36 х/
Гэрч Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6-р сарын 12-ны өдөр нөхөр Лхагва хөдөө явъя гэсэнтэгээд бид хоёр машинтайгаа Баянхутаг сумын Дэлгэрийн хөндий гэх газар ирсэн. Ирээд зүүн гэрт орж харахад хадам ээж Оргодол түлэгдсэн байдалтай байсан. Юу болон талаар асуухад хадам ээж хэлэхдээ Нямдорж эхнэртэйгээ муудалцаад би эхнэрийг нь өмөөрсөн чинь намайг түлчихлээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38 хуу / ... 2016 оны 03 дугаар сард би өөрийнхөө ажлаас гэртээ ирээд удаагүй байхад Нямдорж, Отгонтуяа хоёр хоорондоо хэрэлдэж маргасан яг юунаас болж маргасан талаар би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 хуу/
Гэрч Л.Халтарын мөрдөн байцаалтад өгсөн: Охин Уугантуяа над руу яриад Отгонтуяаг нөхөр Нямдорж нь зодоод аймаар болгосон байна. Манай гэрт зугатаж ирлээ та Давсанбадрах дээр ирээд аваач би тэнд хүргээд өгье гээд хэлэхээр нь би өөрийнхөө машинтай Давсанбадрахад очсон. Тэнд манай охин Уугантуяа, Отгонтуяа хоёр байсан бөгөөд Отгонтуяагийн нүүр, ам, гар, хөл бөөн хөхөрч няцарсан хоолой нь улайж зурагдсан, няцарсан хүн харахын аргагүй зодуулсан байсан. Би Отгонтуяагаас юу болсон талаар асуухад Нямдорж намайг зодоод алчих гээд байна  сүүлийн 2 өдөр дараалж зодоод би өнөөдөр арай гэж зугатааж ирлээ. Намайг шатааж ална гээд гэртээ бензин цацаад гэртээ гал тавиад хадам ээж хамгаалж урдуур ороод нүүр амаа түлж шатсан гээд баахан л зүйл ярьсан. Тэгээд эмчид үзүүл гээд үзүүлэхэд тархи толгой нь хөдөлсөн бие нь тааруу байсан. Мотоцикльтой чирсэн, хутгаар хоолойг нь зүссэн гээд хүний санаанд оромгүй зүйлээр тамлаж зодож байсан  тухай нь охиноосоо сонсож мэдсэн гэсэн мэдүүлэг. /хх-42 х/
Гэрч С.Амбасэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  Би тухайн хэрэг болох үед нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад үдээс хойш  манай охин Отгонтуяа над руу Нямдорж намайг зодоод би үхлээ, арай гэж зугатааж амь гарлаа гэж хөдөөнөөс ярьж байна гээд охин Уугантуяагын хөдөө гэрийн утсаар ярьсан. Би тэгээд сандраад тэр өдөр Улаанбаатараас аймаг руу унаанд суугаад ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр Халтар охиныг хөдөөнөөс аваад ирсэн байсан.  Охиныг минь харахын аргагүй энд тэнд нь хөх няц болгож зодсон байсан. Тэгээд бие нь өвдөөд босож чадахгүй хоол унд идэж чадахгүй толгой тархи нь доргиод байсан. Хэд хоног эм тариа ууж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бие нь арай гайгүй болсон. Охин Отгонтуяа надад ярихдаа Нямдорж хөнжлийн даавуу хиртэй байна соль гэж хэлснээс болж 2016 оны 6 сарын 10-ны орой зодож маргааш нь бас хөдөө аваачиж зодоод мотоцикльтой чирч давхисан гэж байсан. Ингээд 2016 оны 6-р сарын 12-ны өдөр дахин зодоод сүүлдээ гэртээ бензин цацаж шатааж ална гээд гэрээ шатааж өөрийнхөө ээжийг хорихоор нь ээж рүүгээ бензин цацаж шатааж аюул болж байх үед арай гэж зугатааж эгчийндээ очсон тухайгаа ярьсан. 2015 оны 11-р сарын сүүлээр манай охин Улаанбаатар хотод байхдаа над руу утсаар яриад би хүүхдээ авахуулмаар байна гэсэн. Би тэгэхэд яасан гэж асуухад Нямдорж намайг сая зодоод  муудаж сайндаад таарахгүй байна гээд уйлаад байсан. Би тэгэхээр нь одоо томорчихсон 8 сартай болчихсон яаж авахуулж болох юм бэ гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш 2016 оны 01-р сарын эхээр би аймгийн төвд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Отгонтуяа хотоос ирээд намайг сахиж 1 хоносон. Тэгэхэд Нямдорж хөдөөнөөс ирж манай охиныг жирэмсэн байж ээжийгээ сахилаа эгчээрээ сахиулсангүй гээд нүүр, ам руу нь алгадаж цохиод нүүрэнд нь хөх няц болгож гэмтээсэн байсан. Үүнийг намайг эмнэлгээс гарсанаас хойш сүүлд Отгонтуяа хэлсэн. Мөн 2016 оны 3-р сард өөрийн ах Лхагваа гэдэг хүний хашаанд бас охиныг маань баахан зодсон байсан. Тэгж зодох үед нь түүний бэр Өлзийсайхан, дүү Цэнд нар нь байсан гэсэн.  Мөн 2016 оны 5-р сард намайг эмнэлэгт хэвтэж байхад бас л  Нямдорж манай охиныг зодож нүүр амыг нь хөхрүүлж няцруулсан байсан. Манай охин ер нь Нямдоржид зодуулсан тухайгаа ер нь хэлэхгүй нуугаад бид нарыг загнана гэж бодоод хэлдэггүй байсан юм байна лээ. Нямдорж манайхны хажууд бол зодож байгаагүй. Хүнгүй газар юм уу өөрсдийнхөө хамаатны хажууд зоддог хүн байна лээ гэсэн мэдүүлэг. /хх-43 х/
Гэрч Х.Уугантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  Би тэр өдөр хөдөө гэртээ байж байхад манай дүү Отгонтуяа нүүр ам гар хөл нь авах юм байхгүй хөх няц болчихсон уйлж унжсан амьтан ганцаараа мотоцикль бариад манай гэрт ирсэн. Би түүнээс яаж яваа юм бэ гэхэд Нямдорж алчих шахаад хоёр өдөр зодоод арай гэж зугатааж ирлээ гэж байсан. Тэгээд би аймгийн төв рүү аав руу утсаар яриад дүүг Давсанбадрах дээр хүргэж өгье та тосоод аваарай гэж хэлээд мөн дүү өөрөө ээж рүү утсаар ярьж байгаа байдлаа товчхон хэлсэн.  Юунаас болж зодсоныг асуухад ор хөнжлийн даавуу хиртэй байна солино гэснээс болсон гэж байсан. Өмнө нь Нямдорж хэд хэдэн удаа зодож байсан талаар манай дүү надад хэлж байсан. Би хөдөө байдаг болохоор хааяа утсаар ярихад Нямдорж ингэж зодлоо тэгж зодлоо гээд ярьдаг байсан. Манай дүү Улаанбаатар хотод сургуульд сурдаг бөгөөд Нямдорж хардаж сэрдээд байнга л зодож тарчлаадаг юм шиг байгаа юм. Дүүгийн ярьснаар их л хэцүү байдаг гэж байсан гэсэн мэдүүлэг. /хх-36 х/
Шүүгдэгчийн П.Нямдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хөдөө мал дээр байдаг, эхнэр маань хотод сурдаг юм. Тэгээд хол байдаг учраас хардалтын улмаас энэ хэрэг болсон. Манай эхнэр 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хотоос ирсэн юм. Би хөдөө хүүхдээ хараад, мөн малаа хариулаад зав муутай байдаг. Гэтэл эхнэр хотоос ирээд орой унтах болоход ор, хөнжлийн даавуу хиртэй байна гэсэн. Би малаа хариулаад хөдөө гэртээ байдаг, эхнэр байдаггүй учраас манайх гэдэг айл жаахан өнгө үзэмж муу байсан байх л даа. Тэгээд бид хэд орондоо орсон. Гэтэл Отгонтуяа цаашаа хараад над руу харахгүй уурлаад байсан юм. Тэгээд би гэм буруугаа ойлгоод маргааш өглөө нь босоод уучлалт гуйсан. Тэгэхэд эхнэр юм хэлээгүй. Тэгээд намайг хониндоо яваад ирэхэд эхнэр 2 хүүхдийнхээ хувцсыг өмсгөчихсөн, би явлаа, намайг хүргээд өг гэсэн. Үүнээс болж дахиад маргасан. Эхнэр илүү гэрт хувцсаа солих гээд орсон, илүү дутуу новш хөл гарт тээглэлээ гээд байсан. Тэгэхээр нь би илүү дутуу новшийг нь шатаачихъя гээд 20 литрийн канистрын ёроолоор жаахан бензин байсныг таган дээр нь хийгээд 2-3 удаа тэр эд зүйл рүү бензин цацсан. Гэтэл ээж боль, гэр орноо шатаалаа гээд урдуур ороод хувцсанд нь бензин шингэсэн юм шиг байсан. Би илүү дутуу новш гээд байгаа эд зүйлрүү шүдэнз зураад шидсэн. Тэгээд гарсан галыг бид хэд өөрсдөө унтраасан. Манай ээж энэ галаас болж шатсан бөгөөд би ээжийгээ болон эхнэрээ шатаая гэсэн санаатай үйлдэл хийгээгүй. Би тэр илүү дутуу новш гээд байгаа зүйл рүү л бензин цацсан юм. Отгонтуяа бид хоёр дундаасаа 10 сартай нэг хүүтэй юм. Ээж нь Улаанбаатар хот руу сурахаар явсан тул би хүүгээ 1 сартай байхад нь л өөр дээрээ авч үлдсэн. Намайг цагдан хорих байранд байхад хүү маань ээж дээрээ байж байгаад, намайг мөрдөнгөөс гарснаас хойш Отгонтуяа хүүгээ манайд орхичихоод явсан, одоо ээж, бид хоёртой хамт байгаа. Отгонтуяа хүүгээ үлдээхдээ “би хоёрын хоёр хүүхэдтэй байж чадахгүй, оюутан хүн учраас тэжээж чадахгүй. Тийм учраас чи хүүгээ ав. Одоо хоёулаа салъя, би хотод оюутан, чи хөдөө мал дээр байдаг учраас надад үнэхээр хэцүү байна. Хоёулаа бие биенийхээ амьдралд хар толбо үлдээгээд яахав, салъя” гэж хэлсэн. Хүү маань надаар овоглодог. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, энэ миний буруутай үйл ажиллагаанаас болсон юм. зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Нямдоржийн хувийн таарамжгүй харьцааны улмаас Х.Отгонтуяаг байнга буюу 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод зодож бугалга, гуя зэргийг нь хөхрүүлсэн, 2016 оны 01 дүгээр сард Хэнтий аймгийн төвд зодож хацар, бугалга, гуя зэргийг нь  хөхрүүлсэн, 2016 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн төвд зодож биеийг нь хөхрүүлсэн, 2016 оны 5 дугаар сард халиваар /отвёртка/ хоолойд нь тулгаж гуя руу нь хатгаж зодож тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн, 2016 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд согтуугаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг ”Дэлгэр” гэх газар түүнийг зодож, хүзүүн тус газар нь хутганы үзүүрээр зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж тарчлаасан, согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х.Отгонтуяатай маргалдан улмаар  түүнийг зодох явцдаа өөрийн ээж  Д.Оргодолын бие рүү нь бензин цацаж гал тавьсны улмаас түлэгдэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Нямдоржийг эрүүгийн хуулиар хамгаалагдсан  эрх болох бусдын бие махбодийн халдашгүй байдал, хүний эрүүл мэндийн аюулгүй байдалд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож зохих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь “... эхнэр  маань хүүхдээ асран хамгаалж чадахгүй гэсэн. Одоо хүү минь ээжтэй хамт байгаа. Манай ээж өндөр настай хүн эгчийн асрамжинд байдаг. Иймд ээж болон хүүгээ асран хамгаалах боломжоор хангаж  ял хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүх хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч П.Нямдоржийн эх Д.Оргодол нь бусдын асрамжинд байдаг эсэх нь тодорхойгүй энэ талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, харин ч шүүгдэгчийн хүү буюу  өөрийн ачаа асардаг байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар хүү Н.Баяржаргалыг шүүгдэгч П.Нямдоржийн эх Д.Оргодолын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Хэрэг үйлдэгдсэн гэх нотолгооны баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн гэмт үйлээ хэрэгжүүлж буй удаа дараагийн үйлдлүүд, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлт, шаналалыг учруулахыг зориуд хүсэж үйлдэж байсан зэрэг нь түүний хувийн байдлыг тогтоож ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн канестрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297,  298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хардал овогт Пүрэвжавын Нямдоржийг бусдыг байнга зодож тарлаасан, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямдоржид  02 /хоёр/  жилийн хорих ял, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/  жил 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нямдоржид Эрүүгийн хуулийн 98  дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 100  дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01  жил  06 сарын хорих ялын зарим болох 06 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02  жил 06  сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Нямдоржид  оногдуулсан 02  жил 06  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Нямдоржийн цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэх хэсэгт зааснаар хүүН.Баяржаргалыг шүүгдэгч П.Нямдоржийн эх Даржаагийн Оргодолын асрамжинд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн канестрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба  түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Нямдоржийн  эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Нямдоржид  авсан батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА