| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0318/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт У.О-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч У.О, гэрч Х.М, Н.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.О нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбадрах сумын хүн эмнэлгийн асрагчаар томилогдсон. 1995 оны 02 дугаар сарын 16-наас ээлжийн амралтаа авч үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авч төрөөд хүүхдээ асарч байсан. 1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан боловч ажлаас халсан тушаал архивт байхгүй байгаа тул Улаанбадрах сумын хүн эмнэлэгт 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
Гэрч Х.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 1986 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт ажилд орсон. 1992 оноос 1996 он хүртэл У.О-тэй хамт ажиллаж байсан. Би тэр үед үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд У.О нь асрагчаар ажилладаг байсан. Тэгээд цомхтгол болоод У.О нь ажлаасаа гарч би ганцаараа үйлчлэгчээр ажиллах болсон гэв.
Гэрч Н.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: У.О бид 2 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт хамт ажилладаг байсан. У.О нь асрагчаар ажилладаг байсан. Намайг 1992 оны 06 дугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Тэгээд 1995 онд хүүхэд асрах чөлөө аваад 1996 онд эргээд ажилдаа орж байсан гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.О нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч У.О нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын тамгын газрын цалингийн лавлагаа, 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улаанбадрах сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 18 дугаар тушаал, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбадрах сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 16 дугаар тушаал, Х.М, Н.Н нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч У.О-г 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С овогт У.О-г 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц